Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордны “Их танхим”-д өнөөдөр (2023.11.20) эхэлсэн.

“Эрсдэлийн удирдлага ба тогтвортой хөгжил” сэдвээр зохион байгуулж буй эрсдэлийн үндэсний форумын эхний өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.Эрсдэл хэмээх нэр томьёо нь тодорхой аюул тохиолдоход тухайн нутаг дэвсгэр, байрлал дахь хүн ам, обьект, эд хөрөнгөд учруулах хохирлыг илэрхийлэх ойлголт юм. 

Энэ талаар “Эрсдэлтэй орчин ба Монгол хүн” сэдэвт салбар хуралдааны хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Комлан, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга, МОНЦАМЭ агентлагийн дотоод мэдээний албаны дарга Ш.Батболд нар, чиглүүлэгчээр “Мандал” санхүүгийн нэгдэлийн Чэйрман Ө.Ганзориг оролцсон юм. 
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ,
-“Стандарт бол нэг агентлагийн эсвэл нэг салбарын асуудал биш. Нийт улс орны эрх ашиг, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах чухал эд эс нь юм. Манай улс сүүлийн 30 гаруй жил стандарт гэдэг чухал зүйлийг ор тас умартаж, орхигдуулсны тод жишээ нь өнөөгийн Улаанбаатар хот. Тухайн улсын нийт хүн амын 7-14 хувь нь нийслэлдээ оршин суудаг бол үүнийг стандарт хэмжээ гэж үздэг.
Гэтэл Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдардаг. Энэхүү нь стандарт хэмжээнээс даруй 3.5-7 дахин их үзүүлэлт учраас стандартыг шат шатандаа мөрдөж хэвшье, манайд өдгөө мөрдөгдөж буй 6000 гаруй стандартаас шаардлагатай хэсгийг нь шинэчилж цэгцэлье, орчин цагийн чиг хандлагатай уялдуулан илүү боловсронгуй болгоё гэдэг асуудлыг би Хотын дарга байхаасаа хөндөж ярьсан.
Монгол Улсын Шадар сайдын хувьд, гамшгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд салбар бүрт стандарт мөрдөж хэвшүүлэх тал дээр илүү бодит үр дүн гаргахыг зорьж, “Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлан хэрэгжүүлэх хүрээнд “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна” гэсэн юм.
Үндэсний чуулганд нийслэл, 21 аймаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.
Оролцогчид нийгэм болоод гамшгийн эрсдэлийн өсөлт, урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, шилжүүлэх санхүүгийн бодлого, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээ зэрэг дэд сэдвүүдээр үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлт боловсруулна.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу