“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

           

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн ерөнхий мэдээллийг судалж байна. Шинжээчийн танилцуулснаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2016 оноос хойш дараах байдлаар ажиллаж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараажээ. 

    • 2016 онд 198 тэрбум 800 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тул ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрийг ТУЗ гаргасан байна. 
    • 2017 онд 461 тэрбум 100 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.
    • 2018 онд 807 тэрбум 500 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.
    • 2019 онд 1 их наяд 35 тэрбум 600 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.
    • 2020 онд 149 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Улмаар тус оны хоёрдугаар сарын 17-ны ТУЗ-ийн 9-р тогтоолоор 2019 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашгийг иргэд, ААН-ийн эзэмшиж буй хувьцаанд мөнгөн хөрөнгөөр, төрийн эзэмшлийн хувьцаанд компанийн эзэмшиж буй үнэт цаасаар хуваарилахыг шийдвэр гаргаж, өгч байжээ. 
    • 2021 онд 110 тэрбум 700 сая төгрөгийн ашигтай ажилласан ч ногдол ашиг тараагаагүй.

Тодруулбал, 2020 онд нэг их наяд 60 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр дараах байдлаар олгожээ. Үүнд,

    • Төрийн эзэмшил – 880 тэрбум 200 сая төгрөг
    • 486 ААНБ – 211 сая төгрөг
    • 2 сая 512 мянган иргэнд 179 тэрбум 800 сая төгрөгийг олгосон байна.

Сонирхуулахад, тус компанийн 15 тэрбум хувьцааны 12 тэрбум 780 сая ширхэгийг нь төр, 7 сая ширхэгийг нь 486 ААНБ, 2 тэрбум 212 сая ширхэгийг нь Монгол Улсын 2 сая 512 мянга 786 иргэн эзэмшиж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу