“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

            

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн ерөнхий мэдээллийг судалж буй юм.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Таныг гэмт хэрэгт буруутгагдаад, эх орноосоо оргон зайлсан гэж байсан. Тэр хэрэг юу болсон бэ, хэзээ ирэв?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Б.Энэбиш: Намайг ажлаа өгсний дараа эрх баригч нэг улс төрийн нам солигдоход нөгөөгөө харлуулдаг дэг жаягийн дагуу харлуулж эхэлсэн. 2008 онд одоогийн МАН, АН хоёр нэг нь 1.5 сая төгрөгийг, нөгөө нь сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа олгоно гэдэг амлалт өгсөн.

Дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд хоёр ордыг ашиглалтад оруулахаар болж, компаниудад үүрэг өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Бид амжилттай ажилласан.

Би 2012 онд ажлаа өгсөн. 2013 оноос компанийг удирдаж байсан учир над руу чиглэсэн шүүмжлэл, асуудал гарч эхэлсэн. Тухайн үед манай охин Австралид амьдардаг байсан юм. Охин маань төрөх дөхчихсөн байсан учир Австрали руу явсан. Тэр хойгуур асуудал гарсан.

Намайг буруутгаж, гурван асуудал ярьдаг юм. Нэгдүгээрт, “Чалко”-той байгуулсан гэрээг буруу хийсэн гэж. Энэ гэрээг одоо ч ярьсан болно. Дараагийн шатны сонсгол дээр ярихад ч бэлэн байна. Хоёрт, 60 тоннын даацтай арван машин Хятадаас авсан. Тэр нь эвдрээд байдаг юм. Яагаад худалдан авалт хийсэн бэ гэдэг. Гуравт, хэдэн дугуй авсан тендер дээр буруу дугуй авсан гэж ярьдаг.

Эдгээрээр намайг хэлмэгдүүлэх шинж тэмдэг илт ажиглагдаж байсан. Тэр үед Монголд шударга бусын хонгил байгуулагдсан байсан гэж ярьдаг биз дээ. Тэр хонгил руу намайг оруулах гээд байгааг би мэдэрсэн. Тийм учраас гэр бүл, хүүхдүүдтэйгээ гадаадад амьдарч байгаад, гурван жилийн өмнө ирлээ.

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу