“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд оролцуулах гэрчүүдийн жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр байсан билээ. Гэвч түүнийг сонсголд оролцуулахааргүй болсонтой холбогдуулан түүний эгч болон хүргэн ах мэдээлэл хийв.

Б.Ганхуягийн ах хэлэхдээ Б.Ганхуягийн бие муудсан тул шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж байж долоо хоногийн өмнө “Сонгдо” эмнэлэгт хэвтсэн. Энэ үедээ шинжилгээ хийлгэсэн юм. 

Монгол Улсын хэмжээнд эрүүл ахуй, хор судлалын лаборатори ганцхан байдаг юм байна. Энэ байгууллагаар Б.Ганхуягийн үс, цус, шээсэнд шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр Б.Ганхуягийн үснээс 9.06 хувийн хүнцлийн хордлого илэрсэн. Энэ бол үхлийн тун.

Хүнцлийн хор гэдэг нь эрт дээр үеэс “хаадын хор” гэдэг байсан, маш хүчтэй химийн найрлага юм байна. Энэ хүн гаднын нөлөөгөөр хордсон. Есдүгээр сард Б.Ганхуяг шүүх хуралд оролцохдоо ноцтой мэдэгдэл хийснээс хойш биеийн байдал нь огцом муудаж эхэлсэн. Мөн цуснаас нь хар тугалга илэрсэн” гэв. 

Үргэлжлүүлэн Б.Ганхуягийн эгч Б.Гантуяа “Дүүгийн минь биеэс их хэмжээний хүнцэл илэрсэнийг мэдсэнээс хойш энэ бодисын талаар судаллаа. Энэ нь хүнд хортой металл юм байна. Б.Ганхуягийн биед илэрсэн хүнцлийн хэмжээ 9200 дахин илүү байна гэж шинжилгээ авсан нарийн мэргэжлийн эмч нь дүгнэсэн.

Ардчилсан Монгол Улсад хүнийг олон сараар цагдан хориод үг хэлэхийг нь хааж, боогоод, дээрээс нь хордуулж болдог юм уу. Тэр хүн өөрөө нүүрсний сонсголд гэрчээр дуудагдаж ирсэн бол энэ байдлаа тайлбарлах байсан байх. Сонсголд ирэхгүй учраас өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ бичгийг бидэнд ирүүлж, цааш нь уламжилж өгөөрэй гэж хэлүүлсэн” гэлээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу