“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголд дуудагдсан гэрчүүдийн жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр байсан билээ. Гэвч түүнийг сонсголд оролцуулахааргүй болжээ. Үүнтэй холбогдуулан түүний эгч болон хүргэн ах мэдээлэл өгөв.

Б.Ганхуяг нүүрсний сонсголд оролцох хүсэлтээ өмгөөлөгчөөрөө дамжуулан ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлжээ. 

Үүнд Түр хорооны дарга Б.Энхбаяр “Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах 178 хүний жагсаалтыг гаргасан. Үүн дотор Б.Ганхуяг захирал бий. Түүнийг гэрчээр дуудах тогтоолыг миний бие шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Б.Ганхуяг өнөөдрийн сонсголын үдээс хойш яригдах хэсэгт гэрчээр дуудагдсан. Прокурорын байгууллагаас энэ асуудлыг тодруулахад “Шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож байгаа” гэж хариу ирүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэн ч өөрчлөх боломжгүй.

Би шүүхийн шийдвэрийг өөрчилдөг хүн биш. Өөрчлөх гэвэл би өөрөө гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Мөн Үндсэн хууль зөрчсөн гэдгээр огцроход хүрнэ. Мөн нүүрсний сонсголын процесст нөлөөлөх гэсэн санаархлыг би хүлээж авахгүй” гэв. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу