Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОНӨААТҮГ)-ын 500 гаруй ажилтан цалин хөлсний доод хэмжээг нэмэх асуудлаар өнөөдөр (2023.12.27) цуглаан зохион байгууллаа. Тус газрын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Жавзандулам ажилчдын тавьж буй шаардлагыг уншиж танилцуулан, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагад хүлээлгэн өгсөн юм.

Тодруулбал, тус газартай байгуулсан 2022-2024 оны хамтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлжээ.

Нэмэлт хэлэлцээрийн гол асуудал болох үндсэн цалин хөлсийг 150.0-200.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж цалинг 2.0 саяд хүргэх асуудлаар тохиролцоонд хүрээгүй бөгөөд хэлэлцээр арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс зогсонги байдалд хүрчээ. Иймд дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:

  • Хэлэлцээрээр хүрч байгаа цалингийн нэмэгдлийг бидний зүгээс нийт гишүүддээ анхан шатны хороодоороо дамжуулан танилцуулсан бөгөөд гаргах гэж буй шийдвэрийг зөвшөөрөхгүй гэсэн нэгдсэн байр сууринд хүрсэн. Иймд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.2 дахь заалтын хүрээнд Хамтын маргаан үүсгэж, “ШААРДЛАГА” хүргүүлж байна.

“Ажилтнуудаас дэвшүүлж буй цалин хөлсийг бодитойгоор нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлээгүй тохиолдолд нийслэлийн инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг хариуцдаг, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэдэг байгууллага болох “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь ажиллах хүчний хомсдолд орж, нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд хүндрэл үүсэж болзошгүйг үүгээр урьдчилан анхааруулж байна.

Улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь урагшлуулахад чухал үүрэг хүлээдэг дэд бүтэц хариуцсан, Монгол улсын ард иргэдийн орон гэр, ажлын байрандаа эрүүл, аюулгүй орчинд тав тухтай ажиллаж, амьдрахад онцгой үүрэг гүйцэтгэдэг Орон сууц, нийтийн аж ахуй хэмээх энэ салбарын ард 11400 иргэн ажиллаж, амьдардгийг шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд анхааралдаа авч, салбарыхныг сонсохыг ШААРДАЖ, салбарыг нийтэд, нийгэмд ойлгуулахад чиглэсэн шат дараалсан тэмцэл, хөдөлгөөн зохион байгуулахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Энэхүү шаардлагыг  ОСӨНААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц гардаж авсан бөгөөд дараах тайлбарыг өгсөн юм.

-“ОСӨНААТҮГ”-ын дарга одоогоор ар гэрийн гачигдалтай байгаа тул ирж чадаагүй байна. Иймээс би нийт ажилчдаас тавьж буй шаардлагыг хүлээн авч байна. Цалин хөлс нэмэгдүүлэх асуудал мэдээж хүнд байна. Засгийн газраас барьж буй тарифаас бүрэн хамааралтай асуудал. Хатуу чанга барьж байна.

Манай байгууллага дур мэдэн шийдэх хэрэг биш бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурингийн усан хангамж, ариутгал, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран хэлэлцэж шийдэх ёстой. Шардлагыг хүлээж авсан учир Үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтраад, цалин нэмэх саналыг цааш нь холбогдох байгууллагад хүргүүлэх болно” гэсэн юм.

Тус газрын ажилчид цалингийн хэмжээ хангалтгүйн улмаас ажиллах боловсон хүчний дутагдалд орж буйг мөн хэлж байлаа. Шинэ залуу мэргэжилтэн ажиллахаар ирсэн ч ажиллах хүчний тэнцвэргүй байдлаас үүссэн ачаалал, бага цалин зэргээс шалтгаалан ажлаа орхих тохиолдол ихэссэн байна. Тэдний доод цалин 650 мянган төгрөг бөгөөд “банкны зээл төлөөд, дараагийн цалин хүртэл арай гэж л аргалж байна” хэмээн учирлаж байлаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу