Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай Д унтаад сэрээгүй гэх шалтгаанаар амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд гарсан. Цэргийн үхлийн  шалтгааныг тогтоох  шүүх шинжилгээний дүгнэлт оны өмнө гарч, өнгөрсөн долоо хоногт ар гэрийнхэнд нь танилцуулжээ.

Уг дүгнэлтээр цэрэг гаднын нөлөөгүй амиа алдсан гэх хариу гарсан байна.

Ар гэрийнхний  зүгээс  уг дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тул  нэмэлт  мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр  холбогдох байгууллагад хүсэлт гаргаад байгаа юм.

Тухайн хэрэгтэй холбогдуулан 326-р  ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаярыг арваннэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн эрхэлсэн ажил албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад  сахилгын  зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлж байв.

Цэрэг нас барсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж  байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу