2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс оны өмнө ажлаа өгсөн. 

Тодруулбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 29.4-т “Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлын албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” хэмээн заасан. Эл заалтын дагуу хэд хэдэн хүн оны өмнө ажлаа өгсөн юм. 

Тэдгээр хүмүүсийн мэдээллийг нэгтгэн хүргэе. 

2020 оны сонгуульд “өнжсөн” Ж.Энхбаяр энэ удаад нэр дэвшинэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр арванхоёрдугаар сарын 15-нд ажлаа өгсөн. Тэрбээр,

  • Хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд,
  • Тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв,
  • Наймдугаар тойрог буюу Баянзүрх дүүргийн аль нэгд нэр дэвших талаар яригдаж буй ажээ.

Түүний тухайд 2008 онд Говь-Алтай аймгаас, 2012 онд жагсаалтаар, 2016 онд Баянзүрх дүүргээс нэр дэвшин, гурав дараалан сонгогдож, парламентад сууж байв. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, 2 тэрбум 290 сая төгрөгийн жилийн орлоготой байжээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 21 сая төгрөг. Нэг тэрбум 540 сая 456 мянган төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, гурван нийтийн орон сууц, хоёр авто зогсоолтой.

250 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz G 500 маркийн автомашинтай байна. 1026 метр квадрат газар эзэмшдэг. 200 сая төгрөгийн үнэт эдлэл, гурван тэрбум 691 сая 555 мянган төгрөгийн хадгаламжтай. Мөн 12 тэрбум 400 сая 364 мянган төгрөгийн авлагатай байна.

Тэрбээр “Газар” ХХК -ийг 100 хувь,  “Газар Капитал Партнерс ББСБ” ХХК-ийн 74 хувийг эзэмшиж байна. 

Д.Занданбат долдугаар тойрогт нэр дэвших үү

Ерөнхий аудитор Д.Занданбатыг арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Улс төрийн хүрээнд түүнийг долдугаар тойрогт буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нэр дэвшинэ хэмээн таамаглаж байна. Түүний талаар бичсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Түүний тухайд, 1991 оноос хойш татварын байгууллагад ажилласан. 2017-2019 оны хооронд Татварын ерөнхий газрын даргыг түр орлон гүйцэтгэгч хийж байгаад, 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр Ерөнхий аудитор болсон гэдэг. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, жилийн орлого нь 54 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 56 сая 550 мянган төгрөг байна. 808 сая төгрөгийн үнэ бүхий нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай байр, авто зогсоолтой. “Porsche Cayenne” маркийн автомашинтай ба үүнийгээ 60 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 4 сая 365 мянган төгрөгийн хадгаламжтай. “Ти Эс энд Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байна. 

Г.Дөлгөөн Хэнтий нутгаа зорих уу

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Улмаар түүнийг нь арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-аар хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Түүний тухайд, 2016-2018 оны хооронд Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн Засаг дарга асан Н.Ганбямбын хүү гэдгээр нь мэдэх хүн олон. Тэрбээр Хэнтийн угшилтай. Тиймээс түүнийг зургадугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийн тойрог өрсөлдөнө гэж улс төрийн хүрээнд таамаглаж байна.

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, жилийн 152 сая 800 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 101 сая 636 мянган төгрөг. Нэг тэрбум 110 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг амины орон сууц, хоёр нийтийн орон сууцтай.

62 сая төгрөгийн үнэ бүхий Lexus RX 350 маркийн автомашинтай байна. Мөн 165 саяар үнэлэгдэх малтай, 11 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 313 сая 469 мянган төгрөгийн хадгаламжтай ажээ. Тэрбээр  “Эс ди Солюшнс” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байна. 

Дөрвөн жил “чимээгүй суусан” Д.Оюунхорол эргэн ирнэ

Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан дарга Д.Оюунхорол оны өмнө өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар УИХ-аар түүний орны томилгоог хэлэлцэж, Соёлын дэд сайд асан М.Батбаярыг томилсон юм. 

Д.Оюунхоролын тухайд, 2000 онд УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин анх удаа сонгогдсон. 2004 оны сонгуульд ялагдсаныхаа дараа дөрвөн жил Отгонтэнгэр их сургуулиа удирдаж байгаад 2008 оноос хойш гурав дараалан УИХ-д сонгогдож, 2020 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллажээ. 

Мөн 2014-2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, 2016-2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан. 2020 оны сонгуульд нэр дэвшээгүй тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад, 2021 оны наймдугаар сарын 18-нд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Түүний өрсөлдөх тойрог одоогоор тодорхойгүй байна.

2022 онд АТГ-т өгсөн түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, тэрбээр 70 сая 700 мянган төгрөгийн жилийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 31 сая 663 мянган төгрөг. 

752 сая 660 мянгаар үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus 570 автомашинтай ажээ. 70 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 41 орчим сая төгрөгийн хадгаламжтай.

Л.Наранбаатар тавдугаар тойрогт өрсөлдөх үү

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Улмаар түүний орны томилгоог “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирыг томилжээ. 

Л.Наранбаатарын тухайд, 2013 онд Дархан-Уул аймгийн АН-ын хорооны даргаар томилогдож, улс төрийн замналаа эхлүүлж байв. Ардчилсан намынхаа дарга З.Энхболдыг эсэргүүцэж, оймс шидэж явсан тэрбээр Монголын иргэн бүр “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашгаа хүртэх ёстой хэмээн тэмцэж ирсэн. 

2016 оны сонгуульд тэр бие даан нэр дэвшсэн ч амжилт олоогүй. Дараа нь 2020 оны сонгуульд нэр дэвших гэсэн боловч СЕХ бүртгээгүй юм. Үүнийхээ шалтгааныг хоёр намын нэрээс нэр дэвших хүсэлтээ өгсөн хэмээн СЕХ тайлбарлаж байв. Энэ үйлдлийг тэрбээр З.Энхболд хийсэн хэмээж байсан. Улмаар 2020 оны сонгуулийн дараа тэрбээр МАН-д элсэж, “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүнийг тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт нэр дэвшинэ гэж таамаглаж байна. Түүний тухай бичсэн нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

Л.Наранбаатарын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, 109 сая 478 мянган төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 35 сая 382 мянган төгрөг байна. Тэрбээр нэг тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн орон сууцтай, 468 сая төгрөгийн хадгаламжтай. 

Н.Цэрэнбат баруун аймгуудад очиж, даагаа нэхэх үү

Эрдэнэс Оюутолгой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ажлаа өгчээ. Тэрбээр 2016 онд Увс аймагт нэр дэвшин сонгогдож байсан. 2020 онд дахин өрсөлдсөн ч гараагүй юм.

Түүнийг 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод нэр дэвшинэ гэсэн таамаг байна.

Н.Цэрэнбатын хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, 138 сая 501 мянган төгрөгийн жилийн орлоготой байжээ. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 36 сая 612 мянган төгрөг. Нэг тэрбум 462 сая 900 мянган төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай.

322 сая 870 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай, 30 адуутай, нэг тэрбум 80 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 613 сая 382 мянган төгрөгийн хадгаламжтай байна. Мөн 642 сая төгрөгийн авлагатай ажээ. 

Б.Мөнхтамир сонгуульд нэр дэвших үү

“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ажлаа өгчээ. Түүнийг нийслэлд нэр дэвшинэ гэх таамаг байна. 

Б.Мөнхтамирын тухайд, 2017 оноос эхлэн “МИАТ” ТӨХК-д орж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга хийж байгаад 2021 оны аравдугаар сараас тус компанийн гүцэтгэх захирлаар томилогдсон. Улс төрийн тухайд тэр 2019-2020 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, 185 сая 532 мянган төгрөгийн жилийн орлоготой байжээ. Гэр бүлийн гишүүдийн орлого нь гурван сая 956 мянган төгрөг. 236 саяар үнэлэгдэх Lexus 570 маркийн автомашинтай, 45 адуу, 10 үхэртэй. 54 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Мөн тэрбээр 32 сая 543 мянган төгрөгийн хадгаламж, 63 сая 500 мянган төгрөгийн авлагатай байна.

Б.Заяабал хоёрдугаар тойрогт нэр дэвших үү

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал оны өмнө ажлаа өгсөн. Улмаар Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Чимэдсүрэн томилогдоод буй.

Б.Заяалбал УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан тул боломжтой хэмээн үзэж, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэсэн хоёрдугаар тойрогт нэр дэвшихээр яригдаж байна. 

Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, жилийн 63 сая 538 мянган төгрөгийн орлоготой. 395 сая төгрөгийн үнэ бүхий амины орон сууц болон нийтийн орон сууцтай. “Audi Q5” маркийн автомашинтай ба түүнийгээ 40 сая төгрөгөөр үнэлжээ. Нийт 29 сая гаруй төгрөгийн хадгаламжтай. 600 сая төгрөгийн авлагатай, 14 сая 358 мянган төгрөгийн зээлтэй байна.

Нэр дэвшихээр яригдаж буй Х.Алтай нэг тэрбум төгрөгийн үл хөдлөхтэй

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөлд гаргаж, түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд чөлөөлжээ. Одоогоор аль тойрогт нэр дэвших нь тодорхойгүй байна.

Тэрбээр МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд уул уурхайн чиглэлээр Швейцарьт ажиллаж байгаад “Бороо гоулд” компанийн Засгийн газартай харилцах албанд ажилласан. Дараа нь Ерөнхий сайд асан С.Баяр даргын шадар туслах болсон. 2011-2014 онд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Тэрбээр Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайд асан Л.Хангайн хүү юм.

Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг харвал, 29 сая 584 мянган төгрөгийн жилийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 66 сая. Нэг тэрбум 80 сая төгрөгийн үнэ бүхий гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. 29 гаруй сая төгрөгийн хадгаламжтай байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу