Монголчуудын эрт үеэс тэмдэглэж ирсэн уламжлалт сар шинийн баяр ирэх сард тохиож буй. Хаврын тэргүүн сарын уг баяраар монголчуудын дагаж мөрдөх ёсон, зурхайн зан үйл ихээхэн онцлогтой байдаг. Ирж буй луу жилийн өнгө төөрөг болон зүг мөрөө гаргах, засал ном хийлгэх ёсны тухай Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Г.Батсуурьтай ярилцсанаа хүргэж байна.-Ирж буй луу жилийн өнгө зурхайд хэрхэн бууж байна вэ?

-Энэ жил арван долоодугаар жарны 38 дахь жил буюу модон луу жил гарч байна. Хоёрдугаар сарын 10-нд шинийн нэгэн тохиож буй бөгөөд төгс буянт монгол зурхайн ёсоор ийн тоолсон байна.

“Хилэнт эх” хэмээгч модон луу жилийг шороон үхрийн зурлагаар шинжвэл, үхрийн эвэр, сүүл, чих нь шар, толгой нь ногоон, бие нь шар, дөрвөн туурай нь ногоон өнгөтэй. Амаа ангайж, сүүлээ зүүн тал руугаа шарвасан байдалтай. Шороон үхрийн биеийн өнгөөр тариалан хур бороог шинждэг бол дөрвөн туурайгаар ургац хэр арвин байхыг ерөнхийд нь шинжиж мэддэг аж. Эвэр, сүүл, чихээр нь хаврын гурван сар, тухайн улирлыг шинждэг байна.

Үхэр хариулаач хүүгийн хувьд нэг гутлаа өмсөж, нөгөө гутлаа баруун сугандаа хавчуулсан, мяндсан шилбүүр барьж, яаран гүйж яваа дүртэй. Үхэр хариулаач хүүхэд гүйж яваагаас үзвэл нялхаст ээлтэй, настай хүмүүст тогтуун, залууст машид ширүүн жил байх шинжтэй.

Зурхайн ухаанаар гарч буй жилийн ерөнхий байдлыг шинжвэл улс оронд амгалан тайван, өвс тариа дэлгэрсэн сайн жил ирнэ. Жилийн эхэн хаврын гурван сарын эхээр бага зэрэг салхитай, өндөр газар ай сав голын эхээр өвс ургамал ихтэй. Малчид тариаланчдын хувьд өвс ногоо, сүү сааль арвин жил болох шинжтэй.

Залуу хөвгүүн яаран гүйж явааг дүрсэлсэн нь залуусын хөдөлмөр дэлгэрсэн жил гарч байгааг илэрхийлж буй. Энэ жил эрэгтэйчүүд их яаруу бөгөөд үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван ажил үйлс нь бүтэмжтэй байна гэж зурхайн толинд буужээ.

-Монголчууд шинийн нэгний өглөө мөр зүгээ гаргадаг. Энэхүү зан үйлийн тухай тайлбарлаж өгөхгүй юу? 

-Мөр гаргах зан үйл бол ямарваа нэгэн шашны ч юм уу утгаараа биш. Монголчууд эртнээс нүүдэлчин ахуй амьдралтай, байгаль эх дэлхий, газар ус эдгээр зүйлтэйгээ хамгийн ойрхон байсан. Тэр ч утгаараа харилцан шүтэлцээтэй, байгаль дэлхийгээ хайрладаг байснаас үүдэн жилийн эхний өдөр эхний нарыг харж, бодлоо ариутгаж залбирдаг, ажил үйлсээ даатгаж, шинэ оныхоо эхний мөрийг гаргаж, буян хишгээ дуудан сүсэглэн зан үйл үйлддэг байсан.

Жилийн эхэн болох бар сарын шинийн нэгний өглөө өрхийн тэргүүн хөдөө орон нутагт бол морио хөлөглөж, тухайн жилийнхээ цог хийморийн зүгт мөрөө гаргадаг. Хүүхэд багачууд гэрийн эзнийг дагаж явж болно. Овоо индэр дээрээ очоод, сайхан цагаан эсгий дэлгээд, идээ будаагаа засаад, тэр газрын эзэн лус савдагт цай сүүний дээж, идээ будаа өргөлөө өргөдөг. Зарим нутгийн хүмүүс овооноосоо эхлэн мөрөө гаргах зан үйл байдаг.

Луу цагт мөр гаргадаг ба дөрвөн сайн зүг, дөрвөн муу зүг гэж бий. Цог хийморийнхоо зүгт мөрөө гаргаж, муу зүгт янз бүрийн цээр тайлдаг дом бий. Жишээлбэл, усан дээр суусан хүн усан дээгүүр алхдаг, үгүй бол мөс цавчдаг ч юм уу. Галд суусан хүн одоо чүдэнз зурж гал гаргах гэх мэт. Мөн усан суудал дээр суусан хүн гахай, загасны мах идэхээс болгоомжлох тул тэр зүгтээ цээрээ тайлж, айлд орж мах идэж цээрээ гаргадаг. Муу зүгтээ цээрээ тайлаад, буцаж ирэхдээ эрэгтэй хүн нар зөв тойроод, буян хишгийн зүгээсээ гэртээ орж ирнэ. Эмэгтэй хүн нар буруу тойроод, буян хишгийн зүгээсээ орж ирдэг ёстой.

Жилийн эхний өдрүүдэд засал номоо хийлгэдэг. Бүр шинийн 15-ны дотор ч хийлгэх ёстой гэж ярьцгаадаг. Энэ нь хэр зөв юм бэ, засал номын ач тусын тухай тайлбарлахгүй юу?

-Тухайн хүн тэр жилдээ тодорхой сар улиралд одоо саад тотгортой барцадтай гэдэг тухай зурхайд өгүүлдэг. Түүнд таарсан ямарваа нэгэн домын болон уншлагын гэх мэт засал байдаг. Үүнийг л ерөнхийдөө засал ном гэдэг. Хамгийн гол нь засал ном хийлгэх хүний бодол санаа, бие, хэл, сэтгэл ариун байх ёстой.

Зарим хүмүүст шинийн 1-нээс 15-ны хооронд заслаа хийлгэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Засал номыг хэдийд ч, ямар ч үед хийлгэж болно. Учир нарийндаа бол анх Бурхан багш номоо айлдаж байхад гүрэм засал гэдэг юм байхгүй байсан. Тэр үеийн хүмүүс болохоор буддын яг цэвэр сургаалаар нь явдаг байж. Их хөлгөний сургаал, хөлгөн нүдэт, хоосон чанар тарнийн номлол гэх мэт. Тэгж байтал бурхны шашин ч 100 жил, 200 жил гээд холдоод ирэнгүүт хүмүүсийн бодол довог (атгаг) болж эхэлсэн.

Жишээ нь, цээртэй газар очингуут л нэг сэтгэлд сэвтэй эвгүй болоод явчихдаг. Би нэг болохгүй л газар оччихлоо гээд хүн өөрөө бодчихдог. Түүнээс нь үүдээд, бие нь хямардаг, сэтгэл нь тавгүйрхдэг, ажил үйлсэд нь нөлөөлдөг. Тэр үед тэр хүнийг гүрмээр эмчилдэг байсан. Эм тан бус, сэтгэлийг нь ариусгах ном айлдаж, тогтворжуулдаг номтой байж.

Мөн 13-ны жилээс эхэлж анх эцэг эхээсээ тусдаа бие дааж гараг эрхэст хамаатай болж байна гэж зурхай номд өгүүлдэг. Үүнээс цааш 25, 37, 49, 61, 73, 85 насны онцгойлсон жилүүдэд гүрэм засал хийлгэдэг учиртай. Тэр дотроо эрэгтэй хүн бол ер нь гол төлөв жилээ угтаж заслаа хийлгэвэл сайн байдаг. Эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг тул жилээ дагаж заслаа хийлгэвэл тустай.

-Ирж буй жилийн өнгө болон бусад зүйлийн тухай ярилцсанд баярлалаа. Ярилцлагынхаа сүүлийн хормыг таны мэдэлд үлдээе.

-Нийт монголчууддаа модон луу жилдээ хоорондоо эв эетэй байж, нялхсаа тойлж, өвгөдөө түшиж явахыг хүсье. Юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн биелэх болтугай.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу