Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэвлэлд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлээд намайг “Хятадын эрлийз” гэх гүтгэлгийн мэдээлэл тараасан. Дараа нь Хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол Улсын газрыг 100 жилээр гадаадынханд олгох гэж байна гэж гүтгэсэн. Энэ бүгдийг зохион байгуулсан эзэн нь өнөөдөр гарч ирлээ. 

Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч байхад Би Сангийн сайд байсан. Тухайн үед би долоон удаа хориг авч байсан юм. Ерөнхийлөгч биш байж найм дахь удаагаа хориг тавих гэж үзэж байх шиг байна. Тэр хүн суудлаасаа буусан ч нөлөөтэй байгаа юм байна.

Монгол Улсын эдийн засгийн хамгийн гол хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их орж байж Монгол Улс хөгжиж, иргэдийн орлого нэмэгдэнэ. Тиймээс маш олон хэлэлцүүлэг хийж байж Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан.

Би Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Учир нь арилжааны банкууд зээлийн хүү өндөртэй. Гаднын банк орж ирвэл өрсөлдөөн бий болж, хүү бууна. Улмаар зээлийнхээ хүүд дарлагдаж байгаа олон иргэн зээлийн хүүгийн өндөр дарамтаас гарна. 

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургуулиуд байгуулагдаасай гэж хүсэж байна. Ингэснээр залуус гадаадад очиж сурах биш, Монголдоо тэр сургуулиудад суралцах боломж бүрдэнэ. 

Энэ мэт олон боломж бий болох учир эл хуулийг аль болох хурдан хугацаанд батлах хэрэгтэй. Би АН-ыг зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг гэж бодож ирсэн. Гэтэл өнөөдөр тэднийг хараад их харамслаа.

Эл хуулийн маргаан дагуулж байгаа хоёр асуудалд тайлбар өгье. Нэгдүгээрт, намайг Монголын газрыг гадныханд 100 жилээр өгөхөөр боллоо гэсэн мэдээлэл гарч байна. Энэ бол гүтгэлэг. 

Бодит байдал дээр, 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байхад Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд “хөрөнгө оруулалт хийсэн гадныханд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна. Түүнийг нь нэг удаа 40 жилээр сунгаж болно” гэж тусгасан.

Дараа нь, 2013 онд Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга нь З.Энхболд, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байхад хуульд өөрчлөлт оруулж, “Гаднын хөрөнгө оруулагчид газрыг 60 жилээр ашиглуулж, эзэмшүүлж болно. Мөн нэг удаа 40 жилээр сунгаж болно” гэж баталсан.

Ингээд ашиглуулах гэж заасны дээр эзэмшүүлэх гэж нэмсэн юм. Тэр үед Х.Баттулга Засгийн газрын гишүүн байсан. Ийм хуулийг өөрсдөө хийчихээд, үүнийг нь засах гэж байгаа хүний эсрэг харлуулах ажиллагаа хийж байна. Манай Засгийн газар “эзэмшүүлнэ” гэдгийг хассан хууль өргөн бариад байна. 

Хоёрдугаарт, гаднын иргэд чөлөөтэй орж ирэх боломжийг нээсэн гэж яриад байна. Гадаадын иргэдэд виз олгох асуудлыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулдаг. Энэ асуудлыг эрхэлсэн агентлаг бий. Хөрөнгө оруулалтын хуулиар виз олгох эсэхийг зохицуулахгүй” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. […] Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэвлэлд мэдээлэл өглөө.  […]

  2. 60 жил + (40)..г бас эзэмшүүлэх гэсэн 2..г хасах л хэрэгтэй. Өөрөөр яаж хөрөнгө оруулалтыг татах? аргууд их л баймаар… Хятадууд олноор суурьшаад байгаа энэ үед 100 жилд бол уусах л болно. Уучлаарай баруунаас гэхээс илүү хятад л их орж ирэх байх. Жишээ нь: 100.н айлын газарт хашаанд эзэмших! ашиглахаар амьдарч байсан хятадуудаас дахин төлөвлөлтийн барилга буюу Хангай хотхоны байрны 2 өрөөг өмчлөөд сууж буйг юу гэж ойлгохов. Энэ мэтээр суурьшаад эхлэнэ шүү дээ. Түмэн олон бухимдах нь аргаггүй шдэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу