АНУ-ын Алабама мужийн Ерөнхий прокурор Стив Маршаллын албанаас “АНУ түүхэндээ анх удаа азотын хий ашиглан, 58 настай Кеннет Южин Смитэд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэлээ” гэж мэдээлжээ. Энэ ажиллагаа 30 орчим минут үргэлжилсэн байна.

Стив Маршаллын албаны цахим хуудаст мэдээлсэн мэдэгдэлд “Кеннет Южин Смитийг Алабама мужийн Атмор дахь Уильям С.Холманы нэрэмжит хорих ангид азотын хий ашиглан, хүчилтөрөгчийн дутагдалд оруулан цаазаллаа” гэж тэмдэглэжээ.

НҮБ болон хүний ​​эрхийн төлөө тэмцэгчдийн эсэргүүцлийг үл харгалзан, АНУ-ын Дээд шүүхэд энэ шийдвэрийг эсэргүүцэх оролдлого амжилтгүй болсны дараа цаазаар авах ялыг ийнхүү гүйцэтгэжээ.

Южин Смитэд 1988 онд нэгэн эмэгтэйн амийг нөхрийнх нь захиалгаар хөнөөсөн хэрэгт цаазын ял сонссон байна. Эхнэрийнхээ амь насны даатгалын мөнгийг авах зорилготой байсан нөхөрт нь бас цаазын ял оноосныг 2010 онд гүйцэтгэжээ.

Ялтны нүүрэнд азотын хий бүхий савтай холбосон баг зүүж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулснаар амьсгал хураасан байна.

АНУ-ын гурван мужид дээрх аргаар цаазаар авах ялыг гүйцэтгэхийг зөвшөөрдөг ч амьдрал дээр хэзээ ч хэрэглэж байгаагүй аж. Энэ аргыг дэмжигчид “Ямар ч өвдөлт мэдрэхгүй” гэж үздэг бол зарим хүмүүс цаазаар авах ялыг эрүү шүүлт болгон хувиргаж болзошгүй хэмээн эсэргүүдэг байна. Мэргэжилтнүүд “Ялтан таталт өгөх, бөөлжсөндөө хахах, баг нүүрэнд нь наалдахгүй бол ажиллагаа маш удаан үргэлжилнэ” гэж  үзэж буйгаа илэрхийлжээ.

Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Смит өөрөө энэ аргыг сонгосон байна. Үүний зэрэгцээ түүнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэх хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтэж байжээ.

Тэрбээр 2022 онд хоёр удаа үхлийн тариа тариулсан ч судас нь олдоогүйн улмаас ялыг гүйцэтгэх ажиллагаа амжилтгүй болсон тул Алабама муж хуулиа шинэчилж, азотын хийгээр хордуулах цаазын аргыг хэрэглэхээр болсон аж.

Ялтан, 58 настай Смит АНУ-ын Үндсэн хуулийн наймдугаар нэмэлтийн дагуу харгис шийтгэлээс өөрийгөө хамгаалуулахаар цаазын гүйцэтгэлийг зогсоох хүсэлтийг дээд шүүхэд гаргаж байжээ. Өмнө нь тэр шат шатны шүүхэд хандсан ч татгалзсан хариу авч байсан аж.

Өнгөрсөн Лхагва гаригт Смитийн цаазын ялыг Пүрэв гарагийн шөнө дундын 00:00 цагаас хойш 30 цагийн дотор буюу дараагийн өдрийн өглөөний 06:00 цагаас өмнө гүйцэтгэх шийдвэр гарчээ.

НҮБ-ын хүний эрхийн байгууллага Алабама мужийн засаг захиргаанд нэгдүгээр сарын 16-нд олон улсын хуульд харшилсан харгис арга хэрэглэж, цаазын ял гүйцэтгэлээ зогсоохыг уриалсан байна.

АНУ-ын мужууд цаазын ялыг хэрхэн гүйцэтгэх арга техникийг өөрсдөө шийддэг ажээ. Европын Холбоо эмийн компаниуддаа цаазын ял гүйцэтгэлд ашигладаг тариа үйлдвэрлэхийг хориглосон нь асуудлыг улам ээдрээтэй болгосон байна. Үүнтэй холбоотойгоор Алабама, Миссисипи, Оклахома мужууд цаазын гүйцэтгэлд хордуулагч хий ашиглах шинэ журам нэвтрүүлжээ.

Эх сурвалж: ALABAMA.GOV, REUTERS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу