Дэлхий даяар өнөөдөр (2024.02.14) Гэгээн хайрын баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Анх манай эриний III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Үүнийг Христийн шашинтай залуу лам Валентин хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд залуу хосуудыг нууцаар гэрлүүлдэг байжээ. Энэ талаар мэдсэн Клавдий хаан хилэгнэн, Валентиныг гянданд хорьсон аж.

Тэрээр хоригдож байхдаа гяндангийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Гэвч Хаан түүнийг цаазаар авах ял буулгаж, залуу лам Валентин хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас…” хэмээн хаягласан өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, тэнгэрийн орноос ч  үүрд хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвасыг бичсэн байна.

Хатуу ширүүн цаазыг ч үл хайхран дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлсөн Валентиныг цаазалсан өдрийг хүмүүс тэр үеэс хойш өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийллийн өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Валентины баярыг Европ тивд 13 дугаар зуунаас эхлэн тэмдэглэж ирсэн бол дэлхий даяар 18 дугаар зуунаас эхлэн тэмдэглэжээ. Гэгээн хайрын өдрийг улс орон бүр өөр өөрийн онцлог хэв маягаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж. 

Монгол Улсын хувьд Гэгээн хайрын баярыг 1990-ээд оны сүүлээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 14-нний  өдөр хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн нандин бэлгийг хайртай хосууд бие биедээ бэлэглэдэг.


Гэгээн хайрын баярын өдрийг залуус хэрхэн өнгөрүүлэх талаар сонслоо. 

ЗАЛУУ ХОС: Бид өнгөрсөн жилийн Валентинаар шоколад солилцоод л өнгөрсөн. Нэг их сүртэй тэмдэглээгүй. Харин энэ жилийн Валентинаа хэрхэн тэмдэглэх талаар бодсон зүйл бий. Гэхдээ найз охиндоо гэнэтийн бэлэг барих үүднээс энд хэлмээргүй байна. Бид хоёр оюутан. Улирлын амралтаараа хол байж байгаад өнөөдөр л уулзлаа. Түр хугацаанд хол байхдаа хайрыгаа маш их санасан. Хайртай шүү.

ИРГЭН: Би найз залуутайгаа үерхээд таван сар болж байна. Одоогоор Валентинаа хэрхэн тэмдэглэх талаар бодсон зүйл алга. Өнөөдөр орой (өчигдөр) бодно доо. Найз залуудаа хандаж, “Баярлалаа. Хайртай шүү” гэж хэлье. 

ИРГЭН: Хараахан үерхээгүй байгаа ч харьцдаг охин бий. Валентинаар тэр охинтойгоо уулзаж, хамтдаа тэмдэглэнэ. Түүнд хандаж хэлэхэд би чамайг заавал авч үерхэнэ ээ. 

ИРГЭН: Валентинаар миний төрсөн өдөр тохиодог юм. Хоёр баяр давхацдаг учир миний хувьд хоёрдугаар сарын 14-ний өдөр маш чухал өдөр байдаг. Энэ өдөр хүүхдүүдтэйгээ хамт хоолонд орж, гадуур зугаалдаг. Валентины баяр бол үнэхээр гоё. Ялангуяа залуучуудад зориулсан нандин баяр. 

Х.ТҮШИГ

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу