“Үүлээс үүлс сарнисаар үймэрсээр
Өвсний үзүүрт сүүдрээ унагаана
Өрхөө татах болгондоо
Өөрийн бодолдоо бүдэрнэ” хэмээн цовоо дуугаар дуулсан нь олны хайрыг татаад буй бяцхан авьяастан Төмөрбатын Бэлгүнжтэй ярилцахаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотыг зорьсон юм.

Тэрбээр цангинасан хоолой шигээ гал цог дүүрэн нэгэн байлаа. Охины аав, ээж хоёр нь ч урлагийн хүмүүс ажээ. “Багадаа аав, ээж хоёр минь их гоё дуулдаг байсан. Бие биедээ ямар гоё хандаж байгааг нь хараад л дуунд дуртай болсон байх” хэмээн Т.Бэлгүнж охин ярина. Ийм нэгэн дуу хуур, аз жаргалаар бялхсан гэр бүл эх орны минь буйдхан нэгэн тосгонд аж төрж байгааг зорин очиж ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу, юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Мөн дуулж буй бичлэг нь маш олон хүний сэтгэлд хүрсэн шүү дээ. Цахим орчинд өндөр хандалттай болоход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

-Сайн байцгаана уу. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р сургуулийн сурагч Т.Бэлгүнж байна. Анх миний дуулж байгаа бичлэг цахим орчинд тарсныг мэдээгүй. Хамаатны маань эгч гэрт ирээд, дуулж байгааг нь нэг сонсъё гээд бичлэг хийж авч байсан юм. Уг бичлэгээ өөрийн инстаграмм хаягтаа оруулчихсан юм билээ.

Хэдхэн хоногийн дотор маш олон хүн үзсэн байсан. Хамгийн гоё нь сөрөг сэтгэгдэл огт харагдаагүй. Эгч бид хоёр маш их баярласан. Хувьдаа их догдолж, онгирмоор санагдаж байсан. Хүмүүсийн чат их эрч хүч өгсөн. Өөрийгөө улам илүү хөгжүүлээрэй, улам гоё бүтээл дуулж, олонд хүргээрэй гэх мэт дандаа л урмын үг байсанд маш их талархаж байна.

-Анх хэрхэн дуу хөгжимд дуртай болсон бэ?

-Цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэдэг байлаа. Урлагийн үзлэгт их ордог, түрүүлдэг байлаа. Хоёр настай байхаасаа л дуу хөгжимд дуртай болсон юм болов уу. Түүнээс хойш аймаг, сум, бүсийн урлагийн наадамд тогтмолж орж тэргүүн болон бусад байрыг эзэлсэн. Мөн цахилгаан хөгжмийн хамтлагтайгаа уралдаан тэмцээнд их оролцдог.

Мөн аав ээж хоёр маань маш сайхан дуулдаг  хүмүүс. Бие бие рүүгээ маш гоёор инээмсэглэж, дуугаа аз жаргалтай дуулж байгааг нь хараад дуу дуулах дуртай болсон. Аав минь цагдаа, ээж харин Соёлын төвийн захирал. Намайг ухаан орж байхад л аав, ээж маань дуулдаг байсан, одоо ч дуулсаар байна. “Хайрын цэнхэр нулимс” гэдэг дууг их гоё хамтарч дуулдаг юм. Сониноос, аав, ээж хоёр маань нэг тайзан дээр дуулж явахдаа танилцсан юм билээ.

-Гэр бүл нь дуу дуулахад бүх л талаар нь дэмжиж тусалдаг юм байна шүү дээ…

-Намайг бүх талаар дэмждэг, аав, ээждээ баярлаж явдгаа хэлье. Дууны тэмцээн уралдааны зарыг надаас түрүүлж мэдээд судалчихдаг юм. Ийм дуу, тийм дуу тохирох байх гээд санал тавьдаг, бэлдчихсэн хүлээж байдаг. Заримдаа өөрсдөө бэлдүүлж амжихгүй болвол Соёлын ордны багш ажилтанд хариуцуулдаг. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж, үргэлж миний талд байдаг аав, ээж гэр бүлийнхэндээ хайртай шүү. Бас маш их тусалж дэмждэг 2-р сургуулийн багш хамт олон, Соёлын ордны уран бүтээлчид, хамт олондоо маш их талархаж явдгаа илэрхийлмээр байна аа. Баярлалаа, та бүхэндээ.

-Дуу хөгжмөөс та яг юу мэдэрдэг вэ?

-Эрч хүч гэж хэлж болох юм шиг ээ. Дуртай дуугаа би бүр их чангаар дуулах дуртай. Тэгж чангаар дуулахаар дотроос нэг юм огшоод л гараад ирж буй юм шиг санагддаг. Гуниглаж, ганцаардсан үе тохиолдлоо гэж бодоход ганцаараа байж дуу дуулахаар сэтгэл дорхноо сэргээд л ирнэ. Би бас сэтгэл хөдлөл ихтэй, илэрхийлэл ч ихтэй хүүхэд юм шиг байна билээ (инээв).

Яагаад ч юм бэ, сэтгэл хөдлөл минь дууны эгшиг, хэмнэлтэй таарч байгаа мэт болдог юм. Харин заримдаа ганцаараа тайван байж намуухан дуу сонсох дуртай. Эргэн тойрны хүмүүсээс, дуу чимээнээс өөрийгөө тэгж түр чөлөөлдөг. Ингэж сэтгэл санаагаа тайван байлгадаг” хэмээн ярилаа.  

Т.Бэлгүнж уртын дуу сонирхон хичээллэдэг тухайгаа ярьж, ярилцлагын дундуур хэсэгхэн аялж өгсөн юм. Гэрэлтсэн, эрч хүч дүүрэн охин нүдээ аньж, хоолойгоо засаад, эвлэгхэн шуранхайлна. Монгол ардын уртын дуу хийгээд, түүний уянга нугалаа хэчнээн чамин гээч. Хоолойны чадал мэдэн нэгэн бадаг дуулаад зогсоход улам их эрч хүч ундрах шиг нүд нь гэрэлтэй байлаа. 

Үргэлжлүүлэн түүнээс хүндэлж биширч явдаг дуучин нь хэн болох талаар асуулаа. Эл асуултад Т.Бэлгүнж охин “МУГЖ Т.Ариунааг биширч явдаг, дуунуудыг нь ч сонсож, дагаж дуулах дуртай. Түүний сэтгэл хөдлөл, тайзны хөдөлгөөн дэндүү эрч хүчтэй байдал нь таалагддаг. Түүн шиг эрч хүчтэй, гайхалтай дуучин болохыг хүсдэг. Тийм эрч хүч, гайхалтай хоолойтой эмэгтэй Монголд цөөхөн байх” хэмээн хариулсан юм. Мөн МУГЖ Т.Ариунаагийн “Үггүй мордсон чи минь” дуунд их дуртай” гэв.

Дуучин охин Т.Бэлгүнж “Ирээдүйд жүжигчин мэргэжилтэй болохыг хүсдэг. Дуулдаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог төрөл бүрийн авьяастай хүмүүс жүжигчин болдог нь миний сонирхлыг ихээр татдаг. Тиймдээ ч одоо хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, эргэн тойрондоо байгаа бүх л боломжийг ашиглахыг хичээж байна” хэмээлээ.

Үргэлжлүүлэн түүний ээж МУСТА Г.Гэрэлбаяр, “Охин минь багаасаа л хөдөлгөөн ихтэй, авьяастай хүүхэд байлаа. Аав, ээж хоёрынхоо амь шүү дээ. Бүр балчир байхаасаа л их шартай хүүхэд байсан. Бусдын дор орохгүй гэх, ялагдахгүй гэх шиг л гүйж харайсан хүүхэд. Харин одоо дуулах авьяасыг нь илүү хөгжүүлэхийг хүсэж байна. 

Одоохондоо ч олны хайр хүндэтгэл хүлээж байна. Харин цаашид мэргэжлийн багшид шавь оруулж, хичээллүүлэхийг зорьж байна. Багадаа хэт их, чанга дуулвал хоолойд нь гэмтэй байж мэднэ гэж ч гамнах юм. Аав нь ч, ээж нь ч дуулах дуртай болохоор ийм авьяастай охиноор бурхан биднийг шагнасан ч байж мэднэ” хэмээн ярилаа.

Тэрбээр биднийг үдэн гаргахдаа өөрийн хамгийн дуртай дуу болох “Үггүй мордсон чи минь” дуугаа дахин дуулж өгсөн юм. Цовоо цолгиун, эрч хүчтэй Т.Бэлгүнж охиндоо урлаг, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

А.САЙХАНБАЯР

3 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу