Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байна. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн хэмжээ буурсан. Оны эхнээс хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсэн нь төгрөгийн хадгаламж нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлжээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байгаа аж.

Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцын өсөлтийг бууруулах үүднээс бодлогын хүүг өндөр түвшинд байлгасан нь үр дүнгээ өгч, оны сүүлд инфляцын түвшин нэг оронтой тоонд орсон. Төлбөрийн тэнцэл, тэр дундаа урсгал тэнцэл ашигтай гарсан нь валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулжээ.

Банкуудын өөрийн хөрөнгийн өгөөж хадгаламжийн өгөөжөөс өндөр байна. Системийн нөлөө бүхий банкуудын өөрийн хөрөнгийн дүн 4.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 20 хувь өсжээ. Өөрийн хөрөнгөөр бий болгосон ашгийн хэмжээ өндөр байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэнтэй холбоотой төсвийн орлого нэмэгдэж, төсвийн тэнцэл ашигтай гарсан. Уул уурхайн салбар болон түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын сэргэлт харьцангуй хурдан, үйлчилгээ болон худалдааны салбар өсөлттэй хэвээр байсан нь эдийн засаг 7 хувиар өсөхөд чухал нөлөө үзүүлжээ.

Уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүний үнийн болон тоо, хэмжээний өсөлтөд найдан, эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр төсөөлж, төсвийн орлого болон зардлын хэмжээг өндөр түвшинд баталсан. Энэ нь “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах” гэдэг шиг яаруу сандруу “үйлдэл” болсныг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХАДГАЛАГДАХ ХҮЛЭЭЛТ

Хил гаалийн нөхцөл байдал сайжирч, оны эхнээс уул уурхай түүнийг дагасан тээвэр, логистикийн салбарын сэргэлт нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн билээ.

Үйлчилгээ, худалдааны салбарын өсөлт харьцангуй тогтмол байгаа нь эдийн засгийн өсөлтийн ихэнх хэсгийг бүрдүүлжээ. Барилга болон боловсруулах салбарын сэргэлт харьцангуй удаан байгаа юм.

Төлөв байдал: Монгол Улсын хувьд уул уурхайн бус салбар тэр дундаа барилга, боловсруулах болон хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр дэд бүтцийн ажлуудыг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлага өндөр хэвээр байна. Экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн дэд бүтцийн ажлууд ашиглалтад орох, “Оюу Толгой”-н гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн баяжмал дахь агууламж нэмэгдэх нь эдийн засгийн өсөлт хадгалагдах хүлээлт бий болгож байна.

Ирэх оны хувьд, уул уурхайн гаралтай түүхий эдийн экспортоос олох орлогыг өөдрөгөөр төсөөлж, төсвийн зардлыг 20 гаруй хувиар нэмэгдүүлсэн нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл дагуулж байгааг экспертүүд анхааруулж буй юм.

Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, төгрөгийн ханшид ирэх дарамт буурсан. Монгол Улс импортоос илүүтэйгээр экспортолсон нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад чухал нөлөө үзүүлжээ. Гадаадын хөрөнгө оруулалт бууралттай хэдий ч экспортын үйл ажиллагаа эрчимжиж, урсгал дансны алдагдал буурсан нь төлбөрийн тэнцэл ашигтай гарах нөхцөлийг бүрдүүлсэн аж.

Төгрөгийн бодит ханш чангарч, Монгол Улсын бараа, бүтээгдэхүүн бусад улстай харьцуулахад үнэтэй болж эхэлсэн. Төсвийн тэнцэл 763 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Оны эхнээс уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээс олох орлого нэмэгдсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, ашигтай гарахад нөлөөлжээ.

Мөн өнгөрсөн оны гуравдугаар улиралд төсөвт тодотгол хийсэн нь төсвийн зарлагын өсөлтийг нэмэгдүүлсэн билээ. Сүүлийн хоёр жил үндсэн тэнцэл ашигтай гарчээ.

 ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, макро тогтвортой орчныг бүрдүүлэхэд хэрэгжүүлсэн арга хэмжээний гүйцэтгэл 56 хувь хэдий ч зээлийн эх үүсвэрийн зардал буураагүй байна.

Төсвийн хэт тэлэлт, түүнийг дагасан төсвийн алдагдал хадгаламж, зээлийн хүү өндөр байхад нөлөөлж буй аж. Эдийн засаг сэргэж, татварын орлого нэмэгдэх үед засгийн газрын үр ашиггүй зардлууд инфляцыг өсгөх, төгрөгийн гадаад валюттай харьцах суурь дарамтыг нэмэгдүүлж байгаа тул төсвийг үр ашигтай зарцуулахад түлхүү анхаарах шаардлагатай юм.

Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээний гүйцэтгэл 73 хувь хэдий ч зээлийн эрсдэлийн сангийн хэмжээ суурь түвшинтэй ижил түвшинд байна. Чанаргүй зээлийг төлүүлэх, барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийн үүргийг хангуулах ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн орчинг бий болгохгүй бол зээлийн эрсдэлийн зардал буурахгүй.

Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээний гүйцэтгэл 63 хувь байгаа бол үйл ажиллагааны зардлын хэмжээ суурь оноос 5 хувиар буурчээ.

Банк, санхүүгийн байгууллагаас авдаг шимтгэл хураамжийн төрөл, хэмжээ суурь онтой харьцуулахад буураагүй байна. Технологийн дэвшлийг ашиглах, түүний ач холбогдлыг тоон үзүүлэлтээр хэмжих хэрэгтэй байна. Банкууд нэгдсэн байдлаар АТМ ашиглах болсноор зарим төрлийн хураамжийг бууруулжээ.

МАЛЧИД 300 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ БИЗНЕСИЙН, 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗОРИУЛТААР АВЧЭЭ

Малчдад олгосон 1.6 их наяд төгрөг Засгийн газрын мөнгө биш. Арилжааны банканд мөнгөө хадгалуулсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм. Өнөөдрийн байдлаар малчдын авсан нийт зээлийн 2-3 хувь чанаргүй зээл байгаа аж. Энэ нь ААН-үүдийн чанаргүй зээлийн хувьтай харьцуулахад бага дүн юм. Малчид зээл авахдаа малаа барьцаа болгодог ч мал нь хорогдож, зээлээ төлөх чадваргүй болбол тухайн зээлийг олгосон банк хохирдог байна.

Банк, санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарамын хэлснээр, малчид нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкуудаас авчээ. Үүний 300 гаруй тэрбум төгрөгийн зээлийг бизнесийн, 1.2 их наяд төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар авсан байна. Бизнзесийн зээлийг малчдын байгуулсан нөхөрлөл, хоршоонд хашаа саравч барих, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгожээ.

Хэрэглээний зээлийг олон зорилгоор авдаг бөгөөд түүнийг оюутны төлбөр төлөхөд, худаг ус гаргахад зарцуулсан уу гэдгийг нарийн мэдэх боломжгүй. Иймд малчдын зээлийг тэглэх, эсвэл хугацааг нь хойшлуулах гэхээс илүү юуны өмнө тэдний зээлийн зарцуулалтыг ангилах хэрэгтэй аж.

Энэ жилийн зудын аюул Монгол Улсад даатгалын тогтолцоо сул хөгжсөнийг дахин харуулжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу