Хүнсний инженер О.Гал-Очиртой сурагчдын үдийн хоолны талаар ярилцлаа. 

-Та Боловсрол, шинжлэх ухааны яамны сурагчдын үдийн хоол сайжруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүний нэг. Энэ ажлын хэсэг хэзээ байгуулагдсан бэ? Ямар ажлууд хийж гүйцэтгээд байна вэ? 

-Ажлын хэсэг байгуулах талаар сар шинийн баярын өмнө ярьж эхэлсэн юм. Гэвч цагаан сарын дараа, саяхан байгуулагдлаа. Бид ажлаа хараахан эхлээгүй байна. 

Ерөнхий боловсролын сургуулиудад түрээсийн гал тогоо бий. Тэдгээрийг цаашид хэрхэх вэ гэдэг асуудлыг судалж, зарим зүйлсийг нь өөрчилж, туршилт хийгээд явж байна. Бүх сургууль өөрийн гэсэн гал тогоотой болох ёстой. Тэр хүртэл нь аль болох түрээсийн гал тогоонуудыг цэгцтэй болгох тохиромжтой арга барил олохоор судалж байна.  

-Та сурагчдын үдийн хоолны асуудлыг хөндөөд удаж байна. Яг хэзээнээс үүнд анхаарч эхлэв?

-Би гурван хүүхэдтэй. Хоёр нь сургуульд, нэг нь цэцэрлэгт сурдаг юм. Манай хүүхдүүд сургууль дээрээ хоолоо иддэггүй. Түүнийг би өмнө нь анзаардаг байсан л даа. “Яагаад иддэггүй юм бол, онцгүй л хоол өгдөг байх нь” гэж бодсон. Тэгсэн хэрнээ төдийлөн анхаарахгүйгээр ажлаа хийгээд л яваад байсан юм.

Өнгөрсөн оны аравдугаар сараас сургуулиудаар явсан. Очоод харахад хүүхдийн идэж байгаа хоол маш хангалтгүй түвшинд хүрчихсэн байсан. Тэгээд л өөрийн цахим хуудастаа нийтлэл бичиж эхэлсэн юм. Над руу одоог хүртэл эцэг, эхчүүд сургуулиудын үдийн хоолны талаар мэдээлэл явуулсаар байна.

Иймээс энэ асуудлыг зөвхөн сошиал хаягтаа бичээд орхих биш, түүнийг өөрчлөхийн тулд D-Parliament-д “Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны төсөв нэмэх” тухай өргөдөл байршуулсан юм. Харамсалтай нь, энэ өргөдөл 69 мянга орчим хүний санал аваад хаагдсан. 

Ээж, аавууд хүүхдийнхээ үдийн хоолонд санаа тавьж, анхаарал хандуулаад байдаг мэт боловч үйлдэл хийхгүй байна. Шүүмжлэхэд ч хэцүү нөхцөл байдал үүсчихэж. Учир нь сургуулийн үдийн хоолыг шүүмжилбэл хүүхдэд нь дарамт шахалт үзүүлдэг. Жишээ нь, чиний хүүхдэд сургууль нь үдийн хоол нэрээр шим тэжээлгүй хоол өгөөд байя гэж бодъё. Энэ талаар чи сургуульд нь мэдэгдвэл чиний хүүхэд шахаанд орно. Бүр хүүхдийг нь хөөх дээрээ тулж байна. “Оюунлаг” гээд хувийн сургууль хэд хэдэн хүүхдийг ийм шалтгаанаар хөөсөн шүү дээ. Ийм учраас хүүхдийн үдийн хоолны асуудлыг хөндөж, дуугарахгүй бол болохгүй байгаа юм. 

-Хүүхэд нэг удаа хооллохдоо ямар шим тэжээл авах ёстой вэ?

-Нэгдүгээрт, уураг. Үүнийг мах, өндөг, шош, буурцагт ургамлаас авч болно. Хоёрдугаарт, нүүрс ус. Гурил, будаа, гоймонг хорих шаардлагагүй. Гэхдээ үүнийг дангаар нь өгч болохгүй. Сургуулиуд хүүхдийг дан гоймон, гурилаар хооллоод байгаа юм. 

Дараагийнх нь, тос. Тос бол өөрт уусдаг амин дэмүүдийг эсүүд рүү зөөвөрлөдөг. Тухайлбал, улаан өнгөтэй ногоонуудад байдаг бэтта каротин гэх бодис зөвхөн тосонд л уусдаг юм. Тэгэхээр лууванг тостой идэж байж л хүний биед үйлчилгээгээ үзүүлнэ. Тийм учраас лууван, сонгиныг тосонд хуурдаг юм.

Мөн амин дэмүүд. Усанд уусдаг ихэнх амин дэмүүдийг боловсруулаагүй бүтээгдэхүүнээс авдаг. Үүнд жимс жимсгэнэ, түүхийгээр нь идэж болдог ногоонууд орно. 

Эрдсийн асуудал бас байна. Ажиглаад харвал, иргэд крантны ус уухаа болиод, шүүж хэрэглэдэг болчихсон. Гадуур худалдаалагдаж буй уснуудыг хэд хэдэн удаа шүүчихсэн байдаг. Улаанбаатар хотын ундны усны эрдсийн агууламж нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 10-100 дахин бага байдаг. Угаасаа крантны ус уухад ийм хэмжээний бага эрдэстэй байхад нь дахиад шүүчихдэг. Тэгэхээр хүүхэд эрдсээ авч чадахгүй байна гэсэн үг. Хүүхэд энэ бүхнийг тэнцвэртэй авч байж өсгөлүүн, чийрэг байх нөхцөл бүрдэнэ. 

-Үдийн хоолыг нэг хүүхдэд 1500 төгрөгт багтааж өгөх боломжтой юу?

-Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд ямар ч боломжгүй. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байна. 1500 төгрөгөөр яаж ч сайхан хоол хийсэн зохистой хэмжээнд хүрэхгүй. Арга ядсандаа л сургуулиудын үдийн хоолыг хооронд нь жишиж байгаа юм. 

“НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИУДЫН ҮДИЙН ХООЛ НИЙТЭЭРЭЭ ЧАНАРГҮЙ”

-Үдийн хоолны асуудлыг хөндөж эхэлснээс хойш 6 орчим сар болжээ. Энэ хугацаанд хичнээн сургуулийн үдийн хоолны мэдээллийг аваад байна вэ?

-100 гаруй сургуулийн мэдээлэл ирсэн байх. Эцэг, эхчүүд мэдээлэл их явуулдаг. Одоо ч ирж л байна. Ажиглаад байхад орон нутгийн сургуулиудад сайн жишгүүд нэлээд ажиглагдсан. Харин нийслэлийн сургуулиуд нийтээрээ маш чанаргүй хоолтой. 

Тухайлбал, Дундговь аймагт Мандал гээд улсын сургууль байдаг. Тэр сургууль мэргэжлийн хоол зүйч гаргаад, хүүхдүүдээ маш сайхан хооллож байна. Мөн аймгийнх нь Засаг даргын нөөц хөрөнгөөс нэг өдрийнх нь сүүг гаргадаг. Сумын Засаг дарга нь мөн нэг өдрийнхийг. Эцэг эхчүүд нь нийлж байгаад дараагийн өдрийнх нь сүүг гаргадаг гэх мэтээр хүүхдүүддээ өдөр бүр сүү уулгаж байгаа юм билээ.

Нийслэлд гэхэд хамгийн чанаргүй хоол өгч байгаа нь 52-р сургууль байна. Хоол гэж усан шөл хийж өгдөг. Харин 19, 151-р сургуулиуд харьцангуй гайгүй хоолтой. 19-р сургуулийн сурагчид гэхэд нэг өдрийн үдийн хоолондоо нэг аяга цуйван, улаан лооль, аяга чацарганы шүүс өгсөн байсан. Энэ нь хүүхдэд хангалттай шим тэжээл өгч чадахгүй ч бусад сургуультай харьцуулахад сайн байгаа юм. 

Гэтэл 52-р сургууль сурагчдаа худалдааны боорцгоор хооллож байх жишээтэй. Нэг хүүхдэд 1500 төгрөгөөр төсөвлөгдөөд, мөнгө нь ороод ирж байхад дэлгүүрээс 5000 төгрөгөөр боорцог аваад, тараагаад өгчихөж байна. Гурван хүүхдэд оногдох мөнгөөр уут боорцог аваад, түүнийгээ 10 хүүхдэд ширхэгийг нь 1500 төгрөгөөр зарж байгаатай адил шүү дээ. Нэг ёсондоо сурагчдын үдийн хоол хамгийн ёс зүйгүй бизнес болоод хувирчихсан байгаа юм. 

-Одоо ямар шийдэл байна гэж та бодож байна вэ? Оны өмнө энэ асуудал өндрөө авахад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан төсвөөс нэмэх боломжгүй гэж хэлж байсан. 

-Энэ жил сонгууль болох учир үүнийг би боломж гэж хараад байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө улстөрчдөөс шаардах хэрэгтэй. Зөвхөн төрөөс мөнгө нь гардаг учраас үдийн хоолонд хяналт байхгүй байгаа юм. Би чамайг хоолонд дааж байгаа бол юу хийж өгөхөө би өөрөө мэднэ шүү дээ.

Чи надад тал мөнгөө өгөөд, хоёулаа тэнцүү мөнгө гаргаад хоол авч байгаа бол тэнд чи хяналт тавих бүрэн эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, хүүхдийн үдийн хоолыг зөвхөн төрд даатгахгүйгээр биднээс бас мөнгө ав гэж шаардах хэрэгтэй. Бид хүүхдийнхээ үдийн хоолны мөнгийг өгье гэдэг байдлаар хандах хэрэгтэй. 

Бодоод үзье. Сард ажлын 22 хоног байлаа. Үүнийг 1500 төгрөгөөр үржүүлбэл 33 мянган төгрөг болно. Сард 33 мянган төгрөг өгөөд, хүүхдийнхээ хоолны чанарыг хоёр дахин сайжруулна гэсэн үг.  Нөгөө талаас ингэж байж л хяналт тогтоно. 

-Эцэг, эхчүүд нь 1500 төгрөг өгвөл асуудал шийдэгдэнэ гэлээ. Хүүхдийн 100 мянган төгрөгөөс 50 мянгыг нь үдийн хоолных нь зориулалтаар татаас болгож авч байя гэж салбарын сайд нь хэлж байсан. Тэр үед дургүйлхэх хандлагатай эцэг, эхчүүд олон байсан. Өөрсдөөс нь авна гэвэл өгөх болов уу?

-Үнэнийг хэлэхэд, тэрийг эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг нь би. 100 мянган төгрөгийн талыг авахыг би эрс эсэргүүцсэн. 

-Яагаад?

-Тэр мөнгөний утга гэж байх ёстой. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжих бодлого. Хүүхэд хооллох бодлого биш. Энэ хоёрыг хооронд нь хольж болохгүй. 100 мянган төгрөгөө бүтнээр нь өгчих. Эргээд эцэг, эхчүүд нь хоолны мөнгөө өгч болно шүү дээ. Хүүхдэдээ усан шөл өгч байснаас өөрсдөө өдөрт 1500 төгрөг нэмж өгөөд чанартай хоол өгсөн нь зөв сонголт. 

“ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДАД ҮДИЙН ХООЛ ЗАЙЛШГҮЙ ӨГӨХ ЁСТОЙ”

-Дунд, ахлах ангийн сурагчдад үдийн хоол өгөх ёстой юу?

Дунд, ахлах ангийн сурагчдыг бага хэмжээтэйгээр ч хамаагүй зайлшгүй хооллох ёстой. Учир нь тэд бага ангийн сурагчдаас илүү олон цагаар хичээллэдэг. Өсвөр насандаа яваа, бие нь тасралтгүй хөгжиж байгаа хүүхдүүдийн хоолыг хорьж, хасаж болохгүй. Хүүхдээ хичээлд явахад нь 5000 төгрөг өгөөд явуулдаг эцэг эх ч бий, чадахгүй нь ч бий. Таван мянган төгрөг авснууд нь ТҮЦ, CU, GS25 зэргээс пирожки, мантуун бууз авч иддэг. Ийм байдлаас болоод хүүхдүүд өсвөр насандаа биед шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байна. 

Зарим эцэг, эх сургуулиас нь үдийн хоол өгдөггүй учир хүүхдийнхээ өдрийн хоолыг хийж өгч байна гээд өмнөх орой нь хийсэн хоолоо битүү саванд хийгээд, өгөөд явуулчихдаг. Миний хийсэн хоол найдвартай гэдэг өнцгөөс хандаад байдаг. Нөгөө хоолыг нь хүүхэд цүнхэлж явсаар өдөр гаргаж ирээд иддэг. Энэ маш буруу. Тийм учраас эцэг, эхчүүдэд хоолны хадгалалтын талаар сайн судлаарай гэж зөвлөе. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу