Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой дагуул хот байгуулах зорилт тавин ажиллаж байна. Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих шинэ Зуунмод хот нь үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, логистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хот болгон хөгжүүлэх юм.

Шинэ Зуунмод дагуул хотыг төлөвлөхдөө төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтцийг нэн тэргүүнд ашиглалтад оруулахаар бодлогын баримт бичигт тусгасан. Үүний дагуу 20 минутын алхмын зайд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автобусны буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээ зэрэг иргэний нийгмийн суурь хэрэгцээг хангасан зөв төлөвлөлт хийнэ. Харин шинэ Зуунмод хотод үйлчилгээ эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд газар ашиглуулах эрх олгохдоо зөвхөн төсөл хэлбэрээр сонгон шалгаруулах юм. Ингэснээр төлөвлөлтийн зөв байдал хадгалагдах давуу талтай.

Шинэ Зуунмод хотыг эдийн засгийн чөлөөт бүс, олон нийтийн худалдаа үйлчилгээний бүс, шинэ зуунмод хотын төв-засаг захиргааны бүс, оюутны хотхон-судалгаа шинжилгээний бүс, худалдааны-бөөний төв, тээвэр логистик-үйлдвэрлэлийн бүс, олон улсын нисэх онгоцны буудал-агаарын каргоны бүс, аж ахуй-нөөц бүс гэж 8 ерөнхий бүсэд хуваан хөгжүүлнэ.

Түүнчлэн 1000 га талбайд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, 23 мянган ажлын байр шинээр бий болгож, жилдээ 3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ. Харин 981 га талбайд 580 м2 барилга байгууламж бүхий оюутны хотхон-судалгаа шинжилгээний бүсийг байгуулж, 22 мянган оюутныг суралцуулах юм. Ингэснээр цоо шинэ залуусын, оюуны шинэ соёл бүхий суурьшлын бүс бий болно. Тэгвэл 2588 га талбайд тээвэр логистик-үйлдвэрлэлийн бүс байгуулж, 5000 орчим ажлын байр шинээр бий болгож, жилдээ 4 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх тооцоолол боловсруулжээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу