Ганц тооны илэрхийлэл

( Богино өгүүллэг )

-29 хэм. Ойрдоо нэлээн хүйтэн байна. Оройн арван нэгэн цаг. Унтахын өмнө тамхи татах ч хэвшил болж дээ. Мэдээж ороод шүдээ угаана. Үгүй бол өглөө хоолой дүүрэн хөндүүр болчихдог юм.

Хотын энэ хэсэгт дуу чимээ бага, километрийн цаана байх төв замаар тийм ч их машин явахгүй байгаа бололтой. Оройн хоолны дараа хэсэг амсхийж гэрт суусан болохоор одоо гарах нь хамгийн их догдлуулж байгаа хэрэг. Орцны төмөр хаалга түлхсээр гарахуйд салхи исгэрэн үлээж орцоор нэг гүйж одно. Үнэхээр хүчтэй юм. Ингэж хүчтэй түлхсээр хаа хамаагүй нэг газарт шидийн юм шиг аваачаад хаячихвал уг нь дээр байх сан. Багадаа боддог байсан энэ мэт бодол яасан ч сайхан, өнгөтэй байсан юм бэ дээ.

Саравчинд ирээд чүдэнз зурна. Асар том орон зайн хамгийн өчүүхэн хэсэгт гэрэл асах мэт. Энд гэрлийн хурд үйлчилж буй. Өчигдөр дүүгийн сурах бичигт энэ тухай тойруу утгаар баахан юм бичсэн байж билээ. Тэр ч тийм их хэрэг болох хичээл биш ч хожим ганц нэг зүйрлэлд нь хэрэг болох биз ээ. Сорох тусам цог улалзан асахыг ч тайлбарлаж чаддаг болоход хэрэгтэй. 12:00

Гудамжны цаад үзүүрт гэрэлтүүлгийн доор хэсэгхэн овоолсон хог харагдана. Харин түүний араас сугаран нэгэн нохой сажилна. Тэнүүлч, эзэнгүй амьтан болох нь ойлгомжтой. Ямар нэг үнэр дагаж, эсвэл санаандгүй энд ирсэн байх. Хөлдүү болсон шүлс, мөс, шавар шавхайг хамраараа шүргэх шахам шиншилж харагдана. Харанхуйд нүд болон хоншоор нь мэдэгдэх юм алга. Ямартай ч хар. Тийм ч итгэлтэй, зоримог байдал мэдрэгдсэнгүй. Зугуухан ирж дороо хэд эргээд миний дэргэд сүүлэн дээрээ хэвтэнэ. Хааяа автобусны буудал дээр зүс ч мэдэхгүй хэн нэгэн тэнүүлчин ирж хажууд суугаад “ёохх, яасан халуун өдөр вэ, ганц тамхилаач” гэж хэлдэгтэй ижилхэн юм. Хэлтэй сэн бол хөлдөж, өлсөж үхэх нь гэж хэлэх л байсан даа гэж санана.

Харанхуйд миний нүд дасаж буй бололтой. Нэг тамхи дууссан гэхээр ихдээ л таван минут орчим болж. Одоо бол хальт царай нь мэдэгдэхээр юм. Энэ нохойны эрэл нь дуусжээ. Сайн хэрэг. Дуусах тухайд биш л дээ. Надад хань болохоор ирсэн тухайд л гэж. Чи ч бас миний элдвийг бодолтой зэрэгцэн юм бодож хэвтээ биз. Адилхан л харж, сонсож, мэдэрч амьд яваа бид ялгаа нэг их биш. Гэлээ ч чиний нүднээс надад мэдрэгдэх зүйл энэ харанхуй шиг бүдэг юм. Эсвэл гүн юм. Чив чимээгүй, харанхуй, хүйтэнд хоёулаа ширтэлцэж шахам даарцгаана. Аль эсвэл ямар нэг орон зайд жижиг өрөөнд нүүр тулан тодоос тод ярилцаж байгаа байх. Гэхдээ энд мэдэгдэхгүйгээр.

 Ганц ч хүн хажуугаар өнгөрөөгүй болохоор бидний уулзалт тун тухтай өрнөж байлаа. Уг нь чи надаас хоол л горьдож байгаа. Чамд илүүчлэх хоол бүү хэл, өглөө суух автобусны ч мөнгө алга даа. Өө, чи нээрээ ‘автобус’ гэж мэдэх ч ‘мөнгө’ гэж мэдэхгүй шүү дээ. “Мэдэх” ч гэж санаанд чинь үсэглэгдэн орж ирэхгүй биз ээ. Бидний ялгаанаас үүдэн их олон зүйлс оршиж байдаг юм. Жишээ нь чиний хувь тавилан амьдралд чинь байх үйл явц бүр минийхээс өөр. Хэрэглэгдэхүүн бүгд өөр. Үр дүн, үйл явц ч тэр.

Миний яриа түүнд таалагдсангүй. Залхангүй шинжтэй толгойгоо баруунаас зүүн рүү зугуухан эргүүлнэ. Хэрэв гэрэлтэйсэн бол нүд чинь ч мөн залхуу, удаанаар анивчаад өнгөрөх байсан.

За энэ тухай ч илүүц биз. Би уг нь өөр зүйлийн тухай бодол болох санаатай байлаа. Гэвч чи гараад ирсэн. Тэгээд огт өөр бодол намайг зогсоо зайгүй ээрэх нь энэ. Болдог бол чамд нэр өгмөөр байна. Маргааш ч таарч магадгүй юм. Өө, тийм. Чи биш “та” гэж дуудаж байя. Туулж буй хувь тавиланг хүндэлмээр байгаа учраас тэр юм. Хоёр тамхи татсан юм байна шүү дээ. Анзаарсангүй. Сүүлийн тамхи дуусаж энэ хавьд арай тод гэрэл, эсвэл цог асаан улалзаж байгаад бүүдийв. Дотроо дүүртэл амьсгалсан болохоор юм бодолгүй няслах орхино. За, за ингээд салцгаая. Би амархан залхдаг юм. Та ч бас залхдаг биз дээ. Миний багад хүйтэн хаврын өдөр гэрийн хаяанд нохой маань үнэхээр хүнд бодолд дарагдаад залхчихсан нүдээр ширтэж хэвтддэг сэн. Тийм өдрүүд үнэхээр хүйтэн шүү. Ядахад гэрт аав, ээж эзгүй байдаг сан. Хүйтэн байна, одоо ч. Босч алхахдаа таны нүдийг тод харчих санаатай харанхуй руу шагайсан ч мэдэгдэх юм алга. Нүд дасаагүй л байна.

Afraid to walk alone at night? Just don't tell your male pals. They may laugh. | by Ciara Gillan | Medium

Гэрт дулаан хөнжил байгаа учраас зовних зүйлгүй урагш алхана. Эргэж харвал, ирүүгээ удаан өргөж ууц нуруугаа дааж ядаж босож байлаа. Золиг гэж, танд төрж байгаа мэдрэмж, бодлыг би бас л мэдэхгүй юм. Эсвэл таны хэлснийг анзаараагүй ч байж мэднэ. Уучлал хүсье, бас баярлалаа! Орой болгон уулзаж байвал бүр ч баярлахаар байна. Өнөөдөр яриагүй зүйл олон үлдсэн шүү. Бас маргааш илүүчлэх хоол олдох байх.

2022.12.10 А.С

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу