Шинэ Өнөөдөр дунд сургуулийн нэгдүгээр давхарт нэгэн жижигхэн өрөө бий. Тэр өрөөний цонхоор нар олон өнгөөр тусаж, цэцэг ургамал ч өнгө өнгөөр алагласан байлаа. Олон өнгөтэй гэх болсон нь эл өрөөд сурагчдын зургийн дугуйлан хичээллэдэг. Керамикийн уран бүтээлч, багш Л.Давааням энэ л өрөөнөөс шавь нартаа дүрслэх урлагийн анхны “А” үсгийг нь заасан. Дан ганц зураг бус, баримал, керамик зэрэг олон төрлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг сургуулийн хамгийн өнгөлөг хэсэг юм.
Энэ удаад Шинэ Өнөөдөр дунд сургуулийн багш, керамик уран бүтээлч Л.Даваанямтай ярилцсаныг хүргэж байна.
-Сайхан хаваржиж байна уу та, бидэнтэй ярилцах болсонд таатай байна. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ.
Би Хэнтий аймгийн Галшар сумын хүн. Тэр үеийн хүүхдүүд хөдөө мал дээр өсөж, хонь хариулж, морь унаж, чулуун тоглоомоор тоглодог байлаа. Тэр тусмаа элсэн дээр зураг зурдаг, шавар, шороогоор тоглодог, чулуугаар ч янз бүрийн зүйл өрдөг  хүүхэд байлаа.  Бага ахуй наснаасаа л аав, ээждээ тусалдаг, сур элдэх, гүлэм дэвсэх, монгол гутал хийх, хээ угалз тавих зэрэгт нь оролцдог байсан.
Тэр бүхнээс л улбаатай дүрслэх урлагт дуртай болсон юм болов уу даа. Удалгүй аймгийн урчуудын эвлэлд галчаар ажиллаж дараагаар нь дагалдан зураач болсон. Энэ мэтчилэн уран бүтээлч хүмүүсийн дунд суралцаж байгаад 1972 онд ОХУ-д суралцахаар явж байлаа.
-Керамик урлалын мэргэжлийг яаж сонгосон юм бэ?
Анх очоод бага зэргийн л хэл мэддэг нэг их мэдээлэлгүй явж байтал анги сонгох боллоо. Би ч харж байгаад керамикийн ангийг сонгож орхисон. Гэтэл тэр анги нь хамгийн урт хугацааны сургуулилт шаарддаг мэргэжил байсан. Дадлагын хугацаа нь ч урт. Би зургаан жил эх орондоо ирж амжихгүй шахам сурсан даа. Амралтаараа Москва хотыг тойрсон шаазан, керамикийн үйлдвэрүүдэд дадлагажсан. Оросын  мундаг барималчид бидэнд арга туршлагаасаа хуваалцаж, зааж зөвлөж байлаа.
Тэр үед манай улсад керамикч хүн тун ховор байж. Төв аймгийн урчуудын салбарт керамикийн тасаг нээгдсэн байсан. Жижиг хэмжээний цех маягтай газар л даа. Хүрдэн дээр ваар, цэцгийн сав, айргийн ваар гэх мэтийг хийдэг цөөн хүмүүс байсан.  Гэхдээ технологийн хувьд орон нутгийн шавраар л голдуу бүтээлээ хийдэг байсан.
-Одоог хүртэл уран бүтээл хийх ажилдаа дурлаж явааг тань харахаар байгалийн шавраас мэдрэх мэдрэмж нь өөр болж таарах нь ээ.
Керамикийн урлаг бол агуу урлаг. Нойтон шаврыг гал, ус, агаартай хослуулаад амилуулна гэсэн үг. Түүнийг арван хуруугаараа мэдэрнэ гэсэн үг шүү дээ. Тэр ч утгаараа маш их төвлөрөл, бясалгалыг бий болгодог. Мөн олон зуун мянган жилийн түүхтэй. Хамгийн эртний олдвор нь ч яг л анхны хэлбэр дүрсээ хадгалж байдаг бүтэцтэй. Сүүлийн үед монголын керамикийн урлагт нэгэн сайшаалтай зүйл байгаа нь залуу үе.
Олон сайхан залуу уран бүтээлч шинэ арга барил, хэв маяг, технологийг бий болгож байна. Тэр ч утгаараа илүү чөлөөт, уран бүтээлчээр хандсан бүтээлүүд төрж керамикийн салбарт өнгө нэмж буй. Бидний үеийн бүтээлүүд бол жаахан тоймдуухан харагдана шүү дээ.
-Уран бүтээлчийн хувьд хийх юм сан гэж бодож явдаг бүтээл бий юу танд.
Сайн уран бүтээлтэй томчуудын хажууд би бол юу ярих вэ. Гэхдээ нэг чин хүсэл байдаг нь Монголын нууц товчооны зарим үйл явдлаар керамикийн бүтээл хийнэ гэж олон жил ярьж, бодож явна. Монголын нууц товчооны 720 жилийн ойн үеэр анх энэ санаа төрсөн юм. Тэр цагаас хойш арав гаруй цуврал хагас товгор бүтээл гэж төлөвлөж яваа. Байгалийн шавар болохоор жаахан асуудалтай л юм. Зураг загвар гаргах, сийлж дүрслэлээ бүтээх, хатаах, шатаах зэргээс эхлээд ажиллагаа ихтэй л бүтээл болох байх. Ямартай ч нэг хоёрыг хийж үзсэн. Цаг зав гайгүйтэй байж таарвал хийсээр л байх болно.
Одоо ер нь миний хийж гүйцэтгэж байсан уран бүтээлүүд ихэнх нь байдаггүй юм доо. Үзэсгэлэнгээс шууд зарагдаад л гадаад дотоодод тарчихсан. Сүүлд “Овоо тахилаг” цуврал бүтээлийн маань хоёр хэсэг бүрэн эхээрээ Хэнтий аймгийн музейд очсон. Сүүлийн үед юм хиймээр санагдаад шавраа дэлгэчхээд л сууж байна. Эхний ээлжид жижиг хавтангуудад дүрсэлсэн Монголын нууц товчооны үйл явдлуудыг л буулгах санаа өвөрлөж байна.
-Та сурагчдадаа дүрслэх урлагийн ямар чиглэлийн хичээл зааж байна вэ.
Одоогийн хүүхдүүд зураг, керамик аль алийг нь сонирхож байгаа ч уран зурагт илүү сонирхолтой. Миний хувьд Үндэсний хэв маяг, өнгө төрхийг харуулсан зураг, бүтээлийг хэрхэн бүтээх вэ гэдгийг илүү баримталдаг. ОХУ-д сурч байх үед ашиглаж байсан аргачлал байдаг. Өнгийн зохиомж гэдэг. Нэг дүрсийг олон хэсэгт хуваах эсвэл олон жижиг өнгөнүүдээр нэг зүйлийг бүтээх гэх мэт. Олон жижиг өнгө нь өөрөө асар олон агуулгыг өөртөө шингээж байдаг. Иймэрхүү аргаар 20-иод жил сурагчдад хичээл зааж явна. Сурагчид маань ч маш олон том амжилтуудыг гаргасан. Тэдгээрийг дурдвал дуусахгүй. Ганцхан жишээ татахад, 2011 онд Монгол, Оросын найрамдлын сараар  Олон Улсын Дорно дахины музейд 50 сурагчийн “Өнгө ба Зохиомж” нэртэй үзэсгэлэн гаргасан.Түүнийг газар газрын хүүхдүүд үзэж байгаа юм. Тэдгээр зургууд маш өвөрмөц дүр төрх, сэтгэлгээг агуулж байснаараа онцлог.  Олон өнгө нийлүүлсэн мэт харагдах авч дотор нь сэдэв бүхий зохиомж агуулагдаж байдаг.
-Та сурагчдадаа хичээлээс гадна дүрслэх урлагаас юуг мэдрээсэй, юуг авч үлдээсэй гэж хүсдэг вэ.
Хүүхдүүд маш баялаг сэдэв, дэлхий нийтээрээ монголын урлаг соёлыг, өв соёлыг гайхан харж буй энэ үед алхам хийж оролцох хэрэгтэй. Бид ч чадлынхаа хэрээр мэдлэг чадвараа зааж сургахыг хичээж явна. Мөн монголын дүрслэх урлагийн сурах бичгүүд их сайн боловсруулагдсан. Түүнийг бүрэн ашиглаж чадвал хүүхдүүд ирээдүйн өв соёлынхоо тухай мэдлэгтэй, мэдрэмжтэй болох болов уу гэж боддог юм. Монгол хээ угалз, хэв маяг, дүрслэл ийм байдаг гэдгийг мэдрүүлсэн байхад тухайн хүүхэд хэчнээн чөлөөт авангард бүтээлч байсан ч үндэснийхээ онцлог шинжийг бүтээлдээ тусгадаг. Товчхондоо бол орчин үеийг уламжлалтай холбож л өгмөөр байгаа юм. Холбохгүйгээр дан орчин үеэрээ, дан уламжлалаараа цааш явбал шинэлэг зүйлс нь бүдгэрнэ.
Олон соёлын хэлбэрийг хэт даган дуурайх юм бол “Би монгол” гэдэг мөн чанараа алдах гээд байгаа юм. Би өөрийн сурагчдаа ахуй соёлоо мэддэг байгаасай, уламжлагдан ирсэн түүхээ мэддэг байгаасай, сэтгэлгээний эрх чөлөөнд хүрсэн байлаа ч үндэсний хэв маягаа алдахгүй байгаасай л гэж хүсдэг. Тэр ч утгаараа би самбар дээр зурж өгөхдөө заавал тайлбарладаг. Тэмээ гэдэг нь ийм амьтан. Бид ингэж гаршуулж аж ахуйдаа хэрэглэж ирсэн. Ийм ашиг тустай, бэлгэдэл утга нь ийм учиртай гээд тайлбарлахаар их сонирхдог.
Энэ чиглэлийн олон ажлыг нийгмийн салбарууд хийж бүтээгээсэй гэж хүсдэг юм. Манайхан ч нэг зүйлийг хэсэгхэн л хэрэгжүүлээд алга болдог улс даа. Цагаан сар бол хотод 10 хоног болоод л өнгөрч байна. Ганданд цагаан сараар долоон хоног хүний хөл тасрахгүй байж байгаад найм дахь хоногоос хов хоосон  л болчихдог. Соён гэгээрлийн, боловсролын олон ажил хийгдсээр л байгаач хүртээмжийн хувьд дутагдалтай байгаа нь ажиглагддаг. Тиймээс багш миний бие энэ их үйлсэд чадахаараа хувь нэмэр оруулж, сэтгэл зүрхээ зориулж явна даа.
Бид ийнхүү ярилцаад түүний урланд жижигхэн аяга хийж үзэхээр боллоо. Анх удаа шаварт гар хүрч буй надад зориулж хүрдэн дээр эргүүлэх бус хуйлах аргаар хийхийг санал болгосон юм.
Бид уутнаас хүйтэн саарал шавар таслан авч зориулалтын чийгтэй даавуунд дэлгэн элдлээ. Эв хав муутайхан хоёр аяга хамт бүтээж урланд нь хадгалуулахаар болсон юм. Харин сурагчдын хийсэн бусад бүтээлийг харахад өөгүй тэгш хэмтэй олон ваар гайхал төрүүлж билээ.  Үд өнгөрч, сургуулийн хүүхэд намжсан эл жижигхэн өрөөнд багшийн хийж гүйцээгүй олон сайхан уран бүтээлийг сурагчид нь гүйцээн босгох биз ээ гэх бодол төрнө. 
А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу