Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн баярыг тохиолдуулан “Алба сурталчлах өдөрлөг” Сүхбаатарын талбай (2024.05.16)-д боллоо.
Өдөрлөгөөр онцгой байдлын байгууллагын онцлог төрөл, мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод эрүүл мэндийн тусламжийн талаар олон нийтэд танилцуулсан юм.
Талбайн зүүн болон баруун талд аврах, хамгаалах үйл ажиллагаанд хэрэглэдэг машин техникүүдийг байрлуулжээ. Өндрөөс аврах ажиллагааны өргөгч кран, гал унтраагч кран, аюулгүй буулгах зориулалтын хоолойтой машин болон хэт бартаат замын машин, завь зэргийг эгнүүлсэн байв. Харин урд хэсэгт зассан цагаан асруудад үзүүлэн, хувцас хэрэгслүүд дэлгэгджээ.
Монгол Улсын тусгаар тогтнол, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, ослоос ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах хүндтэй бөгөөд хүндхэн үүргийг Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн хүлээдэг билээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид газрын гадарга, газрын гүнд, ууланд, усны мандалд, усны гүнд, агаарт гээд бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна. Алба сурталчлах өдөрлөгт эдгээр үйл ажиллагаанд хэрэглэдэг техник хэрэгсэл, хувцас, машин зэргийг танилцуулснаас гадна зарим үзүүлэх тоглолтыг үзүүлсэн юм.
Аврах ажиллагааны зориулалт бүхий техник хэрэгслүүд, хайр татсан эрэлч ноход, шинэ техник технологийн танилцуулга үргэлжлэх зуур олны анхаарал тэнгэр өөд шилжив. Талбайн баруун талаас ЕС-145Е загварын хоёр нисдэг тэрэг агаарт сүрт чимээ хадаан ирлээ. Шүхрээр буух үзүүлбэр гүйцэтгэхэд бэлэн болжээ.
Талбайн баруун урд зүгээс шүхэрчид онгоцноос үсэрч эхлэв. Хоёр онгоцноос нийт зургаан алба хаагч Монгол Улсын Төрийн далбаа болон ОБЕГ-ын далбааг мандуулан ёслолын буулт хийсэн юм.
Тодруулбал, эхний онгоцноос Монгол Улсын шүхрийн спортын мастер, дэд хурандаа Г.Ганхөлөг 690 дэх удаагийн буултаа, Шүхрийн спортын мастер, ахлах дэслэгч Б.Тэлмэн 650 дахь удаагийн буултаа, Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин, ахлах ахлагч Э.Баярбат 414 дэх удаагийн буултаа тус тус хийлээ.
Мөн хоёр дахь онгоцноос Шүхрийн спортын дэд мастер, дэслэгч М.Бэлгүтэй 700 дахь удаагийн буултаа, Шүхрийн спортын 1-р зэрэгтэй, дэслэгч Б.Болд 294 дэх удаагийн буултаа, Онцгой байдлын Ерөнхий газрын дэргэдэх Агаараас эрэн хайх 111-р ангийн Салбарын захирагч, ахмад Д.Батсүмбэр 515 дахь удаагийн буултаа тус тус амжилтай гүйцэтгэв.
Тэд төв талбайн дээр гурав эргэн байрлалаа аваад, газардах зурваст буух мөчид олны алга ташилт, уухайн дуу улам нэмэгдсэн юм. Ой хээр, уул хад, болон машин техник очих боломжгүй газарт ийнхүү алба хаагчид шүхрээр буун аврах ажиллагааг үзүүлдэг. Хурдтай, сүрдэм дүр зураг харагдахад аврал хүлээсэн нэгэнд бол үнэхээр л “баатар” ирж буй мэт сэтгэгдэл төрөх болов уу.
Ахмад Д. Батсүмбэр “Өмнөх олон удаагийн буултад ингэж догдлож байснаа санахгүй байна. 515 дахь удаагийн буулт үнэхээр сэтгэлд хөдөлгөм, сайхан байлаа. Орчин цагийн онцгой байдлын байгууллага үүсээд 20 жилийн дараа анх удаа төв талбайдаа амжилттай газардлаа. Ажил албаараа бахархах сэтгэл улам их төрж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
Олны хөл татраагүй байхад хэт өндрөөс аврах ажиллагааны үзүүлбэр эхэллээ. Франц улсын нисгэгч Ян Капитанаар ахлуулсан ЕС-145E онгоцны аврах багийнхан салхины чигийн судалгаа болон аврах иргэний байршлыг тогтоохоор талбай дээгүүр хоёр бүтэн тойроод, зүүн талд байрлах “Централ тауэр”-ийн дээвэр дээр буй иргэнийг аврахаар олсоор буув.
Талбайд цугласан хүмүүс эхэндээ алга ташин баяр хүргэж байсан ч зарим нэгд нь нэлээн хүндрэлтэй үйл явдал өрнөдөг нь мэдрэгдсэн бололтой, санаа зовсон байдалтай харж зогсов. Үнэхээр хэт өндөрт онгоцноос буулт хийж, иргэнийг аврахаар зориг гарган бууж буй дүр зураг бахархал төрүүлэм байсан юм. Гэлээ ч энэ нь нөр их бэлтгэл, хөдөлмөрийн үр дүн билээ. 
Удалгүй дээвэр дээр буй иргэнийг дамнуургад бэхлэн, олсоор дээш татав. Уначихмаар, алдчихмаар ч юм шиг санагдаж, сэтгэл зовниж байлаа. Хариуцлагатай, ажлаа мэддэг, зоригтой алба хаагчид гүйцэтгэлийг зуун хувь биелүүлж, аврах ажиллагааг амжилттай явууллаа. Иргэд алга ташин, онгоц тийш даллана.

May be an image of 6 people, skateboard, cablecar and text

Нөгөө талд эрэлч нохойн үзүүлбэр болон өндрөөс аюулгүй буулгах тусгай үзүүлбэр зэрэг өрнөнө. “Ингэдэг хэрэг үү, ийм хэцүү юм уу, яаж сургадаг байна аа” гэхчилэн иргэд хоорондоо ярилцана.
Үзүүлэх тоглолтод оролцсон ноход шинээр сургуулилтад хамрагдсан залуу ноход бөгөөд ердөө зургаан сар орчим л болж буй гэнэ. Гэхдээ энэ хугацаанд чамгүй дадлагатай болсон нь тоглолтоос харагдаж байлаа.
Бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө минут секунд бүртэй өрсөж байдаг онцгойнхон үнэхээр л онцгой байдаг гэдгийг олон нийтэд харуулснаар энэхүү өдөрлөгийн зорилго биелж байна гэлтэй.
Мөн энэ үеэр гал унтраах ажиллагаанд ашиглах робот гал унтраагч болон ачаа тээвэрлэх, эрэн хайх зориулалт бүхий дроныг танилцуулав. Эдгээрийг эхний ээлжид туршилтын шугамаар, цөөн тоогоор авч ирсэн бөгөөд ашиглах зориулалт, хамрах хүрээний судалгааг хийсний дараа нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж. 
Гал унтраах дрон 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх, цельсийн -40-өөс 70 градусын нөхцөлд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд 17-20 м/секундын хүчтэй салхинд ч ажиллах чадамжтайгаараа онцлог.
Энэхүү робот 6-8 аврагчийн ажлыг хөнгөлдөг бөгөөд секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай ажээ.
Хорин жилийн өмнө  гал унтраах, аврах зэрэг гурван газар нэгдэн, орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэн түүхтэй. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд 28324 хүний амь нас, 816.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг ямарт чин үнэнчээр зүтгэж, цэх зогсож чаддаг онцгой байдлын алба хаагчдадаа “Баярлалаа” гэж хэлье.
Түүхийн энэ хугацаанд онцгой байдлын алба өөрийн чадавхиа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажилласаар өнөөдөр дэлхийн жишигт хүрлээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу