УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн Даваа гараг (2024.06.03)-т Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн.

Б.Бат-Эрдэнэ сайдын мэдээлснээр, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Монгол Улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ хэмээн тодорхойлсон.

Төрийн энэхүү бодлогын баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг ангилал дээшлүүлэн, дархан цаазат газар болгон, улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулжээ.

Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан хийсэн судалгаа, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоог судалгаа, аргачлалын дагуу хийж, холбогдох яамдаас санал авч тусгасан байна.

Түүнчлэн Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны met.gov.mn цахим хуудаст тогтоолын төслийг нээлттэй байршуулан, санал авсан байна.

Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу