Ливаны “Хезболла” бүлэглэлийн тэргүүн Хассан Насралла Израильд хатуу анхааруулга өгчээ. Тэрбээр “Хэрэв Израиль Ливан руу довтолвол шууд дайн зарлана” гэж сүрдүүлсэн байна.

Насралла өнгөрсөн Лхагва гарагт “Ливан-Израилийн хил дээр хурцадмал байдал үүссэн тохиолдолд “Хезболла” эргэлт буцалтгүйгээр дайн хийхэд бэлэн байна” гэж дахин мэдэгджээ.

Тэрбээр дүрс бичлэгээр дамжуулан хэлсэн үгэндээ “Дайсны хэлж байгаа бүх зүйл, заналхийлэл, сэрэмжлүүлэг, мөн Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ливанд дайн хийх тухай ярьж байгаагаас бид огтхон ч айхгүй. Харин Израиль өөрөө айх ёстой” гэж онцолсон байна.

Израилийн Гадаад хэргийн сайд Израиль Кац өнгөрсөн Мягмар гарагт “Хезболла” Израилийн хойд хэсэгт байрлах дэд бүтэц, цэргийн томоохон объектуудыг харуулсан дроны бичлэгийг олон нийтэд ил болгосны дараа Ливаны бүлэглэл томоохон мөргөлдөөн гаргах төлөвтэй байгааг онцолжээ.

Катз олон нийтийн сүлжээнд байршуулсан мэдээлэлдээ “Хезболла болон Ливаны эсрэг, дүрмийг өөрчлөх шийдвэр гаргах мөч тун ойрхон байна. Дайны үед “Хезболла” устаж, Ливан хүнд цохилтод өртөнө” гэж бичжээ.

Насралла өнгөрсөн Лхагва гарагт “Хезболла”-гийн цэргийн хүчин чадлыг онцлон тэмдэглээд, тус бүлэглэл шинэ зэвсэгтэй болж, орон нутагт олон тооны нисгэгчгүй онгоц үйлдвэрлэсэн” гэжээ.

Тэр “Бид хамгийн хүнд хэцүү өдрүүдэд өөрсдийгөө хэрхэн бэлтгэснийг дайсан сайн мэднэ. Дайсан өөрсдийг нь юу хүлээж байгааг маш сайн мэдэж байгаа. Мөн тэд улс оронд нь манай пуужин, нисгэгчгүй онгоцноос ангид байх газар үгүйг ч мэдэж буй” гэж хэлсэн байна.

Насралла мөн “Хезболла” Израилийн нутаг дэвсгэр рүү хуурай замын цэрэг илгээж магадгүйг онцлоод, “Дайсан Израилийн хойд хэсгийг довтлох вий гэсэн маш их айдастай байна” гэжээ.

Ирантай эвссэн Ливаны байгууллага аравдугаар сарын 7-нд Газын зурваст дайн эхэлсний маргааш Израилийн хойд хэсэгт байрлах цэргийн баазууд руу довтолсон бөгөөд энэ нь Палестины зэвсэгт бүлэглэлүүдийг идэвхжүүлсэн.

Кипрт заналхийлж байна

Насралла мөн Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт, Ливан, Израилийн эргээс баруун тийш оршдог Европын холбооны гишүүн Кипр улсад анхааруулга өгсөн байна.

Тэрбээр “Израиль Ливаны өмнөд нутагтай төстэй газар нутагт, Кипрт цэргийн сургуулилт хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Дайн дэгдэж, цэргийн дэд бүтэц нь халдлагад өртвөл Израиль Кипр дэх нисэх онгоцны буудал, баазуудыг цэргийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна” гэж хэлжээ.

Насралла мөн “Хезболла” бүлэглэл Газар дундын тэнгист Израилийн эсрэг тэнгисийн цэргийн фронт нээнэ гэж анхааруулсан байна. Тэрбээр “Хезболла” Израилийн объектуудад цохилт өгсөөр байх болно гэж нэмж хэлээд, хямралыг шийдвэрлэх гарц нь “тодорхой” буюу Газын зурвас дахь Израилийн дайныг зогсоох явдал юм” гэжээ.

Палестины эрүүл мэндийн албаныхан өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Израилийн Газын зурваст хийсэн дайралтын улмаас 37 мянга гаруй хүн амиа алдсан гэж мэдээлсэн.

Израилийн статистик мэдээнд “Газын зурвасыг “удирддаг” Палестины ХАМАС бүлэглэл 2023 оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт халдлага үйлдэж, хамгийн багадаа 1139 хүний ​​аминд хүрч, 250 орчим хүнийг олзолсон” гэж дурджээ.

Эх сурвалж: AL JAZEERA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу