Монголбанк “Койн Инвест Траст” компанитай хамтран гаргасан Амьдралын хувьсал цувралын 9 дэх франчайз дурсгалын зоос болох “Nimravidae” нь 2023 оны “Шилдэг эртний зоос” (“Best Paleo Coin Award”) төрөлд тэргүүн байрт шалгарч, шагнал хүртжээ.

Амьдралын хувьсал цувралын “Nimravidae” зоос 38.61 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, хэсэгчлэн улаан алтаар бүрэгдсэн мөнгөн дурсгалын зоос аж. Уг дурсгалын зоосон дээр дүрсэлсэн “Nimravidae” гэр бүл нь муураас гаралтай махчин амьтдын устаж үгүй ​​болсон төрөл юм байна. Тэд 50 сая жилийн өмнө үүссэн бөгөөд анх муурын өвөг дээдэс гэж үздэг байсан бол өнөөдөр тэднийг муурын эгч дүүс гэж үздэг болжээ.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргадаг “Wild Mongolia” цувралын 4 дэх франчайз дурсгалын зоос болох “Монгол шонхор” дурсгалын зоос “Coin of the Year Award” буюу олон улсын шилдэг зоосны шалгаруулалтад “Шилдэг алтан зоос” (“Best Gold Coin”) төрөлд нэр дэвшчээ.

Тус дурсгалын зоос нь 33 мм диаметртэй, 31.1 грамм жинтэй, цэвэр алтан зоос юм байна. “Монгол шонхор” дурсгалын зоосон дээр дүрсэлсэн хурц хумстай, дэгээ хэлбэрийн хошуутай энэхүү гайхамшигт хүчирхэг махчин шонхор шувууг олон мянган жилийн өмнөөс олз агнахад ашиглаж иржээ.

Тэр тусмаа тал нутгийн нүүдэлчин овог аймгууд энэхүү уламжлалыг хадгалан үлдэж, цаашид ч өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Дурсгалын зоос нь энэхүү сүрлэг шувууны хоёр дүр төрхийг харуулжээ.

Нэг тал нь шонхрын өхөөрдөм дүр төрхийг, нөгөө тал нь хурц ирмэгтэй хумстай, араатан мэт дүр төрхийг харуулсан байна. Тус дурсгалын зоос Ultra High Relief smartminting® технологиор хийсэн, бодит мэт нарийн дүрслэлтэй ажээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас худалдаалж байгаа дурсгалын зоосны дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авах боломжтой.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу