Баян-Өлгий аймгийн Прокурор, Цагдаагийн газар болон Хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги хамтран тус аймгийн нутгаар аялж, амрахаар төлөвлөж байгаа иргэдэд зориулсан зөвлөмжийг QR хэлбэрээр бэлтгэн гаргажээ.

Уг зөвлөмжид Монгол Улсын хилийн тухай хууль, хилийн боомтод мөрдөх журам зэрэг хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, аяллын үеэр анхаарах зүйлсийг тусгасан байна.


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

Алтай Таванбогдын Байгалийн цогцолборт газар

Монгол орны уул нурууд эмх замбараагүй тогтсон бус, харин ч тодорхой чиглэлтэй бөгөөд тэр чиглэл нь нутгийн баруун зүүн хагаст харилцан адилгүй юм. Уулсын тогтолцоо болон уулс хоорондын хотгорууд нутгийн баруун хагаст баруун хойноос зүүн урагш сунаж тогтсон бол зүүн хагаст баруун урдаас ба зүүн хойш эргэж нийт уулын цуваа нум мэт цүлхийж тогтжээ.

Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км2.. Алтай Таван богдын байгалийн цогцолборт газар хойд талаараа ОХУ, баруун талаараа Таван богдоос баруун урагш Өвчүү уул хүртэл БНХАУ-тай хиллэдэг бөгөөд уртаашаа 186 км, өргөөшөө 42 км газар нутгийг хамардаг.

Талбай нь бараг бүхэлдээ өргөгдсөн гадаргатай, далайн түвшнээс дээш 1800-4374 м, хамгийн өндөр цэг нь Монгол Алтайн нурууны ноён оргил Хүйтэн, хамгийн нам цэг нь Хурган нуур 1800 м, бүх нутаг дэвсгэрийн 80 хувь нь 1850 метрээс дээш өндөрт өргөгдсөн ба ерөнхийдөө 2400-2700 м байдаг.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Судалгаанаас үзвэл, 100 жилийн 50-д нь уулын хээрийн бүсэд 100.0-125.0 мм хур тунадас унах магадлалтай ба өөрөөр хэлбэл, хуурайвтар цөл, говийн нөлөөнд ихээхэн автагдсан өндөр уулын өвөрмөц уур амьсгалтай, маш эмзэг экосистем юм.

Алтай Таван богдын байгалийн цогцолборт газар газрын гадаргын болон газар доорхи усаар баялаг. Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нууруудаас гадна 250 гаруй жижиг нуур, цөөрөм бий. Том нуурууд нь цэнгэг, хүйтэн устай нуурууд юм. Тиймээс хавар, зуны улиралд ус, намгийн олон зүйлийн шувууд нүүдэллэн ирж зусаж, үүрээ засан өндөглөдөг чухал газруудын нэг билээ.

Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний гол байршил болдогоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм.

1983 онд газарзүйч эрдэмтэн Н.Дашдэлэг, инженер П.Хишигсүрэн, Р.Евелхан нар дэлгэрэнгүй хураангуйлалтай агаар, сансрын болон газрын зураг, өмнөх судалгааны материалд тулгуурлан судалгаа хийж, Монгол орны орчин үеийн мөстөл, мөсөн голын талбайг 659 ам км, тооны хувьд 262 хэмээн нарийвчлан тогтоожээ.

Тэдгээрийн ихэнх нь Монгол Алтай нурууны Таван Богд, хүйтэн оргилын орчимд орших ба түүнээс өмнө тийш багасаж цөөрнө. Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам км юм (Н.Дашдэлэг 1983).

Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж, тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй, бодит амьдралтай танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр болж байгаа билээ.

Эртний хүмүүсийн соёл иргэншлийн нэгэн гайхамшигт бүтээл болох хад, чулуун дээр улаан зосоор зурсан сүг зургууд ба хаданд сийлж зурсан ан амьтан, хүний дүрс бүхий сүг зургуудаас гадна элдэв тамга, тэмдэг, үсэг зурлага Алтайн нуруунд элбэг. Эдгээр нь Монгол Алтайд амьдарч байсан хүмүүсийн 2500-3000 жилийн өмнө зурж үлдээсэн түүх соёлын өв сан юм.

Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын заагт орших Цамбагарав уулын 110960 га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагджээ.

Цамбагарав уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон Монгол оронд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уулын БЦГазрын үндсэн зорилго нь байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн онцлог төрх, байгалийн үзэгдэл, ховордсон ан амьтадыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулахад оршдог.

Ёлтын сав газар

Ёлтын сав газар Алтай суманд байрладаг. БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт, үзэсгэлэнт газруудын нэг юм. Ой ургамалжилтын Төв Азийн мужийн Монгол Алтайн хошуунд хамаарна.

Уг газар унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай. Энэ бүс нутаг байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна.

Уур амьсгал гэдэг нь хамгийн өргөн утгатай бөгөөд түүнд сав газрын агаарын ба хөрсний дулаан, хүйтэн, хур тунадас, салхи, нарны гэрлийн цацралт, ууршилт зэрэг уур амьсгалын олон нэгжүүд багтах боловч тэдгээр нь газар зүйн бусад нөхцлүүдтэй хамтран шууд буюу шууд бусаар нөлөөлнө.

Алтай сумын нутаг дэвсгэрдэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно. Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг.

Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м-ээс ар хажуугаар гацуур-шинэсэн, шинэс-гацууран ойн бүслүүр эхэлж, түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн-элдэв өвст ойн нугын ургамалжил зонхилдог байна.

Эл нутаг эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.

Энэ нутаг янгир ямаа (Capra sibirica) халиун буга (Ceryus claphus) зэрэг хөхтөн амьтан, цоохор ирвэс (Uncia unica), хүрэн баавгай гэх мэт дэлхийд ховордсон ан амьтны тархсан нутаг юм.

Бага Түргэний хүрхрээ

Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших их бага түргэний Хүрхрээ юм.

Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог. Хүрхрээний өндөр 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээнд тооцогддог.

Эргэн тойрон дахь уулсаараа шинэс мод, харгана, болон бутлаг ургамлаар баялаг. БНХАУ-ын Битүү ханасын үзэсгэлэнт газартай хиллэж оршдог.

Бага Ойгорын Цагаан салаагийн хадны сүг зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дахь Цагаан салаагийн хадны сүг зураг нь уулын өвөр биед байрласан хавтгай гөлгөр чулуун дээр зурагдсан бөгөөд хэсэг хэсгээрээ бөөгнөрөн байрласан байдаг.

Уртаараа 15 км орчим зайд үргэлжилнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, 10000 орчим зургаас бүрддэг байна. Зургийн гол сэдэв мал аж ахуй, ан агнуур юм. Мөн тэр үеийн ан амьтдыг урнаар дүрслэн үлдээсэн байдаг. Ан агнуурын тэр үеийн арга барил, зэрлэг амьтдын ааш араншингийн талаар маш дэлгэрэнгүй тод томруун дүрсэлсэн нь тоогоороо утга санаагаараа хосгүй зүйл гэж тооцогддог.

Хадан дээр зурж үлдээсэн урлагийн энэ бүтээлүүдийг харьцуулах өөр бүтээл байхгүй. Төв Азийн болон бусад орнуудад тохиолддог боловч тоо хэмжээгээрээ, зургийн уран сайхны илэрхийллээрээ Бага Ойгорын хадны зураг илүү гэдгийг судлаачид тогтоосон байдаг

Потанины мөсөн гол

Монгол Алтай нурууны Таван богд уулсад манай оронд хамгийн томд тооцогдох Потанин, Александр, Гранегийн мөсөн голууд бий. Потанин мөсөн голын талбай 53.5 ам км юм (Н.Дашдэлэг 1983).

Аялал жуулчлал нь дэлхий нийтийн хэмжээнд тасралтгүй өсөн нэмэгдэж буй үйлдвэлэл бөгөөд хүмүүсийн хувиараа аялах сонирхол ихээхэн нэмэгдэж, тэдний хувьд нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай бодит байдалд нь танилцах сонирхол давамгайлж байгаа нь Монгол шиг нүүдэлчний уламжлалт зан заншлаа хадгалж чадсан орны хувьд гол үзмэр болж байна.

Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газар

Баян-Өлгий аймгийн Толбо сум аймгийн төвөөс 75 км зайд оршдог. Үзэсгэлэнт Толбо нуур сумын төвөөс 5 км-ийн зайтай байрладаг бөгөөд Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур юм.

Толбо нуур 21 км урт, 7 км өргөн, хамгийн гүн нь 12 метр байдаг ба байгалийн цэвэр агаартай өвөрмөц сайхан нутаг юм. Эргэн тойрондоо өндөр хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдсэн ба одоо хир нь Толбо, Хүнгүй зэрэг зарим уулын оргилд бага зэрэг мөнх мөс цас ч харагдана.

Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь Гичгэний толгой ба энэ нуурт түрж орсон хошууны үзүүр цухуйж байгаа нь тэр. Энэ нуур уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж, усаа бүрдүүлдэг. Илүүдэл усаа Түргэний голоор дамжуулан Ховд голд өгөх боловч хуурай гандуу үед гадагш урсгалгүй болдог байна.

Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, Гангар хун , Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна. Мөн Алтайн сугас, монгол хадран зэрэг олон зүйлийн загас элбэгтэй.

Толбо нуур байгалийн үзэсгэлэнт газраас гадна манай түүхийн нэгэн үйл явдлын гэрч болсон газар билээ. “Толбо нуурын бүслэлт” гэж алдаршсан Ц.Хасбаатарын удирдсан журамт цэргүүд цагаантны давуу хүчинд бүслэгдэн, эл газарт 42 хоногийн турш баатарлагаар тулалдсан түүхтэй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу