Засгийн газрын гишүүдийн дотоод уур амьсгал тийм ч таатай биш байна. Хаврын хуйсгануур тэнгэр дор талцсан хуйсгануур улс төр үргэлжилэх янзтай. Учир нь өнгөрөгч оны  10 дугаар сарын эхээр Засгийн газар нүүрс дамнасан улс төрийн бүлэглэлүүдийг ил болгох хүрээнд Эрдэнэс Таван толгойд эзэн суусан Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг шалгах асуудал яригдсанаас хойш эвийн цавуу хагарсан гэхэд болно. Нүүрсний хулгайг ил болгох асуудал засаг дээр яригдаж эхлэхэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй танхимын гишүүд нь дэмжээгүй байдаг. Ингэж л нүүрс гэх эрх ашиг дээр тэдний хагарал эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ өмнө нь ханцуй, хормойдоо тохирч зүгээр л явж ирсэн нүүрсний асуудлыг хөдөлгөж, өөртөө гал, журмын нөхөддөө гай дагуулах алхам хийсэн нь нам дамжсан олон хүний эрх ашгийг хөндсөн.

Энэ үеэс Л.Оюун-Эрдэнэ Засгийн газарт нь мөр зэрэгцэн суугаа сайд нарынхаа хэн нь хэн бэ гэдгийг таньж эхэлсэн байгаа юм. Тохой залгасан хүмүүс нь нүүрсний бүлэглэлийн гол түлхүүрийг атгаж байхад мөс зүснэ гэдэг амаргүй ажил, айхтар том улс төр. Ямартай ч АТГ-аар 17 хүний нэр хэлүүлж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Одоо араас нь бүрэн эрх нь түдгэлзэх эсэх нь эргэлзээтэй МАН-ын гишүүд үргэлжилнэ. Засгийн газар нүүрсний хулгайн асуудлыг хөндөхөд танхимын гаднаас хамгийн их эсэргүүцэж орилох хүн нь мэдээж Б.Ганхуягийг Эрдэнэс Таван толгойн захирлаар томилуулсан Т.Аюурсайхан байсан. Тиймээс Засгийн газрынхаа нэг мөчир болгон оруулж ирж байгаад “дуугүй” болгон тайрч хаясан. МАН-ын ямар ч тэнэг танхимынхаа эсрэг орилдоггүй л байхгүй юу. 

Засгийн газрыг жадлан эсэргүүцэж, “Жавхлангаа огцруулахгүй бол Засгийг чинь огцруулах болно” хэмээн мэдэгдсэн Ц.Даваасүрэнг Х.Болорчулуунтай нь хамт танхимдаа залчихав. Ерөнхий сайд дураараа улс төр хийж, Засгийн газрыг “гөвж” мэдэх Ж.Сүхбаатарыг Хот хариуцсан сайд болгож авсан нь гүйцэтгэх засагт гай тарих хүмүүсийг танхимдаа “базаж” аваад өөрийн нүүдлийг хийх боломжоо бүрдүүлсэн.

Төв талбайн жагсагчид ч Л.Оюун-Эрдэнэд дэм болж, шуурхай хөдлөх боломжийг олгов. “Болохгүй бол ард түмний дэмжлэгийг авна” хэмээн айлгаж байгаад нүүрс рүү орчихсон. Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Н.Наранбаатар нарын гишүүдээс эхлээд цөөнгүй гишүүд яллагдагчаар татагдсан нь МАН-д хүнд цохилт, Л.Оюун-Эрдэнийн хүсэн хүлээж байсан үр дүн мөнөөсөө мөн. Эр бяр, эрх мэдлээ мэдрэх бас нэг боломж нь юм. 

ЦЕГ-ын дарга Ж.Болд, АТГ-ын дарга З.Дашдаваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд, үеэл Х.Нямбаатар гээд хуулийн талаасаа тэр Хэнтийчүүдээр багаа бүрдүүлсэн. Тэд Л.Оюун-Эрдэнээс зөрж гүйвэл ажлаа өгөх ганцхан сонголттой тул үгнээс нь гарах хүн үгүй. Тиймээс тэр зоригтой хөдөлж байна.

Нүүрсний хулгайн асуудалтай зэрэгцэн Хөгжлийн банкны сонсгол хөвөрч, олон хүний эгдүү, дургүйцлийг хүргэж, зарим үед Нотлох баримтыг шинжлэн судлах ажлыг хэсгийнхэн өөрсдөө буруудаж байгаа харагдсан. Авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудал ихтэй Хөгжлийн банкны зээлийн асуудал шүүхийн танхимд үргэлжилж байна. Зээлтэй холбогдсон МАН-ын Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдиннямаас эхлээд нэжгээд хүмүүсийг асуудал дахин сөхөгдөж магадгүй байгаа юм. Тэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн цэргүүд. Тиймээс тэднийг онилно гэдэг нь Д.Амарбаясгаланг давхар онилж байна гэсэн үг. Үүнийг хашир генсек гадарлах нь бүү хэл доторлож суугаа шүү дээ. Энэ нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаа ахиулах бас нэг боломж. Үүнд нь Д.Амарбаясгалан тийм ч таатай хандахгүй байгаа.

Улс төр дэх дараагийн акц нь “Газрын мафийг дэлбэлнэ” гэсэн Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үг болж Богд уул тойрсон газрын эзэд ил болов. Үүнтэй зэрэгцэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ойрын хүн гэгдэх Шадар сайд С.Амарсайхан нарын тансаг хаусуудын зураг ил болж сошиалд чичлүүлэв. Хэвлэлийнхэн ч сайн дөгөөж өдөөв. Гэх мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж байгаа ажлууд олон хүний эрх ашгийг хөндөж байна. Тэр бүрдээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ямар нэгэн хүнтэй заавал холбогдож байгаа нь санамсаргүй тохиол биш. Өчигдөр гэхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад эргэн төлөлт хийгээгүй олон аж ахуйн нэгж, иргэдийн нэрс ил боллоо. Үүнийг шударга ёсны төлөө гаргая гээд гаргасан нэрс гэж харж болох нэг хэсэг байхад хамаарал бүхий хүмүүсийг нь нэгжиж чадвал нэг биш хүн тэр дундаас гарч ирнэ шүү гэсэн өгөөш гэж харах хүн ч байгаа юм. Ер нь бол хоёрдахь хувилбар нь үнэнд илүү нийцнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэг дор найман мянган хүнийг ажлаас хална гэсэн байна лээ. Энэ нь монгол төрийг сулруулах тул шүүмжлэлтэй хандаж байгаа. Өөрт нь ч хэлсэн” хэмээн ярьсан байна лээ. Нэг танхимд суугаад ярьж болох зүйлсийг зориуд хэвлэлд гаргаж ирнэ гэдэг нь тэдний түнжин хэр байгааг харуулж байгаа юм. Энэ бүхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг дуугарч болохгүй тул өөрийн үгийг үеэл сайд Х.Нямбаатараараа дамжуулж хэлсэн байх магадлал хамгийн өндөр. Энэ мэтчилэн дурдаад байвал эл Засгийн газарт эв түншин алга болж байна гэж харж болохоор.

Сүүлийн үед хэвлэлийн “баатар” болоод байгаа “Цемент шохой” ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн дэргэд байж байгаад тус албан тушаалд очсон. Ер нь явж явж Набагийн муугийн асуудал бус Д.Амарбаясгалангийн хүнийг сольж Ерөнхий сайд өөрийн хүнээ тавих бодлого л яваад байгаа юм шүү дээ. 

Д.Амарбаясгалан МАН-ын генсек, ЗГХЭГ-ын даргын хувьд өөрийн эрх ашиг байж таарна. Тэр эрх ашгийг нь хөндөх тусам Л.Оюун-Эрдэнийг харах харц улам л ширүүн болно гэдгийг эрх биш мэдэж л байгаа байлгүй дээ. 

Э.БОЛД

4 САНАЛ

  1. АМАРБАЯСГАЛАН ХЭН ЮМ БЭ ? ХЭДИЙН ТОО ЮМ БЭ ? ЦАГ НЬ БҮГДИЙГ ИЛ ГАРГАЖ ЗАРЛАНА ! АЯТАЙХАН БАЙГААРАЙ !

  2. Д.АМАРБАЯСГАЛАН ХЭН ЮМ БЭ ? ХЭДИЙН ТОО ЮМ БЭ ? ЦАГ НЬ БОЛОХООР БҮГДИЙГ ИЛ БОЛГОЖ ЗАРЛАНА !

  3. Хүрэлбаатар болбоос Хүрэлсүхийн худалдаачин. Амарбаясгалан болбоос намын санхүүжилт хариуцсан ажилтан энд нэг л логик б.а 2 хужаа гаралтан 2 монголгүйсэтгэлтэй шуналтан гэсэн …. тийм үү хөө…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу