Сүүлийн 20 жилийн туршид залуучуудын улс төрийн идэвх судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Энэ нь гол төлөв ардчиллын гол шалгуурын нэг болох сонгуульд оролцох залуучуудын идэвх буурч байна гэсэн ойлголт ихээхэн дэлгэрсэнтэй холбоотой.

НҮБ-аас явуулсан “Залуучуудын иргэний оролцоо” сэдэвт судалгаанаас үзвэл 1980-аад оноос хойш дэлхийн ардчилсан тогтолцоотой улс орнуудад сонгуулийн идэвх, ялангуяа залуучуудын дунд буурч байгааг харуулжээ.

Дэлхийн 33 оронд явуулсан судалгаанаас үзвэл 18-29 насны нийт залуу сонгогчдын 44 хувь нь сонгуульд идэвхтэй саналаа өгдөг байна. Дэлхий дахинд нийт сонгогчдын идэвх 60 орчим хувьтай байдаг бол 50-аас дээш насныхны хувьд энэ үзүүлэлт 70 хувьтай байна.

ЗАЛУУЧУУД: ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН НАМ, УЛС ТӨРЧ БАЙХГҮЙ

Залуучууд яагаад саналаа өгөхгүй, сонгуульд оролцохгүй байна вэ. Залуучууд улс төрийн үйл явцад оролцохгүй байгаа шалтгаанаа дараах байдлаар эрэмбэлсэн байна. 

  • 20.9% итгэл хүлээсэн нам, улс төрч байхгүй,
  • 17.9% сонгуульд санал өгөх насанд хүрээгүй байсан,
  • 13.7% улс төрд итгэдэггүй,
  • 11.5% улс төр сонирхдоггүй 

“Конрад-Аденауэр-Сан”-гийн захиалгаар Удирдлагын академийн судалгааны багийн гүйцэтгэсэн “Залуучуудын улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд Монгол Улсын гурван аймаг, нийслэлийн гурван дүүргийн 18-35 насны нийт 10,511 залуусыг хамруулсан байна. 10 мянган залуусын сонгуульд оролцохгүй гэсэн бодол ийм шалтгаантай гэсэн үг.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд оролцохоор аймаг, нийслэлд 1,992 нэр дэвшигч, сум, дүүрэгт 15,283 нэр дэвшигч, 266 бие даагч Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ бүрдүүлэн өгсөн. Тэдний хэд нь залууст таалагдаж, хэд нь таалагдахгүйг тааварлах аргагүй.

Ямартай ч энэ жилийн сонгуульд нийт санал өгөх насны 2,238,360 иргэн байгаагийн 355,533 нь 18-25 насны, 536,079 нь 26-35 насны залуус байна. Ангиллаар нь авч үзвэл, 18-25 насны ангилалд хамгийн цөөн буюу 355,533 хүн, харин сонгогчийн тоонд хамгийн жин дарах хэсэг нь 26-45 насныхан буй. Тэд санал өгөх насны иргэдийн бараг тал хувийг бүрдүүлж байгаа юм.

ЗАЛУУС ХҮЧТЭЙ ХИЙГЭЭД МАЛЧИД ШИГ ИДЭВХТЭЙ САНАЛАА ӨГДӨГСӨН БОЛ…

Нэг талаараа улс төр тэдний анхаарлыг татахуйц сонирхолтой, тэдний “хэл”-ээр яригддаггүй, нарийн төвөгтэй байж болох ч нөгөө талдаа заавал судлах, анхаарах нь зүйтэй асуудал.

Гэхдээ залуус найз охин эсвэл найз хөвгүүндээ туньж байгаа шиг “Таалагдсан нэр дэвшигч байхгүй” гээд тунирхаж сонгуульд оролцохгүй байж болохгүйг судлаач нар болоод иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд учирлаж байна. Учир нь, “Сонгох хүн байхгүй” хэмээн сонгуульд идэвхтэй оролцоогүйнхээ төлөө залуус л хохирсоор иржээ. Тэдний нийгмийн асуудал үргэлж тойргийн гадна үлдсээр ирсэн. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хөнгөлөлттэй орон сууц, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн дарамт гээд бидний хүсэн хүлээсэн бүхэнд төр шийдэл хайхгүй, хайхыг ч хүсэхгүй байна.

Залуус хүчтэй хийгээд малчид шиг идэвхтэй саналаа өгдөгсөн бол хэдэн мянгаараа дугаарлаж таг гацсан ипотекийн зээлийн хүсэлт өнгөрсөн хугацаанд шийдэгдэх байлаа. Ипотекийн зээлийг байя гэхэд залуусаа гаднын оронд дүрвүүлэхгүйн тулд цалин хангамжийг нь нэмж, хөдөлмөрийг нь тултал үнэлэх байсан. Даанч ингэсэнгүй. Уг нь малчид сонгуульд нөлөөлөхөөр үнэмлэхүй олуулаа биш. Мал аж ахуйн салбарт 298.3 мянган малчин буй. 16-25 насныхнаас даруй 60, 70 мянгаар бага. Гэтэл яагаад улстөрчид малчдад түлхүү анхаарч байна вэ. Ердөө л сонгуулийн оролцооноос хамаарч байгаа хэрэг.

Амьдарч буй орчин тойрон, орон нутагтаа тулгамдаж буй аливаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг иргэд өөрсдөө гаргаж ирж, хоорондоо хамтран нэгдэж шийдэл хайх нь улс төрийн “институтийн бус” оролцооны нэг чухал хэлбэр юм. Тиймээс өөрсдийн амьдарч буй хороо, дүүрэг, хотдоо байгаа асуудлуудаа ИТХ болон Засаг даргадаа уламжилж, тухайн жилийн төсөвт холбогдох зардлыг суулгуулж, шийдүүлэхэд иргэд бидний өөрсдийн оролцоо нэн чухал.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу