Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүн гарч, урьдчилсан дүнгээр НИТХ-ын 45 мандатын 40-ыг МАН, тавыг АН авав.

Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Архангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр гэсэн аймгийн ИТХ-д МАН-ын нэр дэвшигчид олонх болсон бол Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Төв, Сүхбаатар аймагт АН-ын нэр дэвшигчид олонх болсон.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, улсын хэмжээнд аймаг болон сумын ИТХ-ын 81 тойрогт нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцжээ. Иймд нийт 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон.

Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр 2024 оны аравдугаар сарын 13-нд нийт 74 сумын 81 хэсэгт, 2024 оны аравдугаар сарын 19-ний өдөр 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт явуулах тов гарсан.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг.

Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө. Улмаар нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон, тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан билээ.

НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АЙМАГ, СУМДЫН ЖАГСААЛТ

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу