Ж.Ганбаатар вангийн хошуу гэхээр мэдэхгүй ч хүн үгүй болж. Өмнө нь С.Эрдэнэ вангийн хошуу гэдэг байлаа, Баянгол дүүргийг. Сүүлийн хоёр жил Ж.Ганбаатар вангийн дүүрэг дотроо дажинтай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын хүн гэгдэх Засаг дарга Ө.Сумъяабаатарыг хоёр ч удаа дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дийлэнх гишүүдийн саналаар огцруулчихав.

Яг нэг жилийн өмнө дүүргийн ИТХ нь хуралдаж Засаг даргын ажил хангалтгүй байна гэх үндэслэлээр төрхөмд нь буцаах шийдвэр гаргаж байлаа. УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын өрөөнд гүйж очин уулзаж ганц удаагийн боломж олгохыг хүссэн байдаг. Хотын дарга сайдын хүсэлтийг харгалзан үзээд нэг удаа боломж олгон дүүргийн ИТХ-ын шийдвэрийг баталгаажуулалгүй орхиж, дахин ийм асуудал орж ирвэл ямар ч аргагүй шүү гэдгийг хэлээд гаргасан талаар намынхан нь ярьдаг. Ингэснээр Баянгол дүүргийн удирдлагын баг цаашлаад дүүргийн намын хороогоо Ж.Ганбаатараас салгах гэсэн УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн эхний алхам хад мөргөсөн юм.  

Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар тус дүүрэгт МАН-аас 2020 онд Их хурлын гишүүн болсон. Мордохын хазгай гэдэгчлэн анх УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ л таарамжгүй харилцаатай явсан нь өдөр ирэх бүр улам томорч дүүргээ хагалах хэмжээнд хүргэчихээд сууж байна. Анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Х.Ганхуягийн хажууд Ж.Ганбаатар хоёр дахь удаагаа нэр дэвшиж, “Оргил”-ын акбарын улаан тортой бэлгийг арай олон хүнд тараасан болохоор дээр нь дарж унахаа мэдэлгүй яахав.

Баянгол дүүргийн Засаг даргыг огцруулах дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын шийдвэр хоёр дахь удаагаа сая гарлаа. Дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа дүүргийн ИТХ-ын шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт дахин хүргүүлсэн байдаг. Өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдөр дүүргийн Засаг даргыг огцруулах шийдвэрт Хотын дарга гарын үсэг зурсан. Гэсэн ч маргааш, нөгөөдөр нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЕНБД Д.Амарбаясгалан, Хотын дарга Д.Сумъяабазар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар нар уулзаж, удтал ярилцсаны эцэст гарын үсэг зурсан шийдвэрийг буцаалгасан гэх яриа бий. Ж.Ганбаатарын хэлснээр сонгууль дөхөж байгаа үед эв нэгдлээ хангаж ажилла гэсэн чиг өгсөн гэх. Үнэндээ хоёр жил дараалан огцруулах процесс өрнөчихөөд байхад эв нэгдлийг хангана гэдэг үүн шиг худал зүйл үгүй. Яаж ч бодсон эвлэж нэгдэхгүй явсаар Их хурлын сонгуультай золгоно. Үүний араас орон нутгийн сонгуульд Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар өөрсдийн хүмүүсийг нэр дэвшүүлэх “дажин” дахин үргэлжилнэ. Товчхондоо Баянгол дүүргийн МАН дотор мөнгөтэй эрхмүүдийн эрх мэдлээ хадгалж үлдэх асар том амбиц, хүч хөдөлж байна гэсэн үг.

Ж.Ганбаатарын тавьсан Засаг дарга Ө.Сумъяабаатар нь Архангай аймгийн Цэнхэр сумын хүүхэд. Тэгвэл нөгөө тал болох Х.Ганхуяг нь Архангай аймгийн Тариат сумын уугуул. Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа Архангай аймгийн Хайрхан сумынх байх жишээтэй. Ер нь бол Хассуурийн Ганхуяг гишүүн дэглэж, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн сэвэлтээр огцруулах операци явсан гэхэд болно. Нөгөө талд нь хэр баргийн хүнтэй таарамжгүй харилцаатай, хямсгар, гэдгэр гэгддэг Ж.Ганбаатарт ч буруу байгаа гэдгийг мартаж болохгүй. Харин дүүргийнхэн нь хаа очиж Засаг дарга Ө.Сумъяабаатартаа ам сайтай байх юм билээ. 

Өнөөдрийн процесс хэдийгээр нэг дүүргийн Засаг даргын суудлын төлөөх жижиг зодоон мэт харагдах ч углуургаар нь хөөгөөд үзэхээр МАН доторх том зодооны нэг хэсэг болж харагдаж байгаа юм. Учир нь УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга болоход нь Орон тооны бус зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гарцаагүй ойрын хүн гэгддэг.

Гэтэл нөгөө талд нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нь Налайхад хамтдаа тоглож өссөн Шадар сайд С.Амарсайханы хамгийн дотны найз нарынх нь нэг. С.Амарсайхан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар дэндүү ойрын хамтрагчид. Хамтрагч гэхээсээ илүү найзууд. Ж.Ганбаатар, С.Амарсайхан, Д.Амарбаясгалан нарын аль аль нь өнөөдрийн өндөрлөгт хүрэхээсээ өмнө НИТХ-ыг дамжсан шинэ цагийн “Хотын фракц”-ийнхан юм.

Ж.Ганбаатар “ван”-гийн хошууг Х.Ганхуяг “түймэр”-дэж байгаа мэт боловч жижиг ч гэлтгүй зүйл дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дундах үл ойлголцол илүү тод харагдах боллоо.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу