“Ард түмэнд Номын сан, Эмийн сан л үлдсэн” гэдэг үнэн болж таарав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тэргүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын мэдээлэл ил болж иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Засгийн газрын харьяанд Байгаль орчин, уур амьсгалын сан, Боловсролын зээлийн сан, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Засгийн газрын нөөц сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Ирээдүйн өв сан, Кино урлагийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Соёл, урлагийг дэмжих сан, Спортыг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Улсын авто замын сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Эрүүл мэндийг дэмжих сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./, Хүүхдийн төлөө сан /Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ зэрэг 25 сан үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр сангаас иргэд зээл авах нь бүү хэл нэрийг нь ч сонсоогүй сангууд байгаа юм. Тиймээс мэдээлэлд ойр хүмүүс давуу байдлаа ашиглан уг сангуудыг цөмлөсөн баримтууд эхнээсээ ил болсон нь нийгмийн бухимдлыг асаагаад байна. Боловсролын зээлийн сантай холбоотойгоор иргэд төв талбайд өчигдрөөс жагсаж эхэллээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэхэд иргэдийн хамт Сүх жанжны талбайд хоносон зургаа цахимд байршуулжээ.

Засгийн газрын тусгай 25 сангаас гадна Орон нутгийн хөгжлийн сан гэж ухвал далай болох “уурхай” бий. Нийслэл, аймаг, сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангуудыг шүүрдэх хэрэгтэй. Наанаа өнгөлөн далдалсан хуурамч багны цаана жинхэнэ улстөрчдийн найр наадам тэнд болдог. Тойргоос сонгогдсон Их хурлын гишүүдийн томоохон мөнгөн дүнтэй ажилд хуруу гараа дүрдэг бол арай багахан мөнгө рүү нь аймаг, сум, дүүргийн удирдлагууд түүний хамсаатнууд чихэлдэн ордог. 10 сая доторх санхүүжилтийг сум, баг, хорооны дарга нар түүний хамаарал бүхий иргэд хүртдэг тул ажил хийе гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүст тэр мөнгө олддоггүй.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих ажлуудыг эзэн нь тодорхой болчихсон хойно ИТХ нь баталж, сонгон шалгаруулалт зарласан болоод дуусдаг. Монголд хулгай дээд шатнаасаа доод шат хүртлээ төрийн албанд бугшчихсан. Улны иргэд л өдрийн хоолоо аргацааж байгаагаас биш бусад нь Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр гараа угаадаг гэдгийг мартаж болохгүй.

Иргэддээ биш эрх мэдэлтнүүд дээр доогуураа хувааж хүртдэг хувь хишиг болсон Орон нутгийн хөгжлийн санг шалгах цаг болсон шүү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу