Улаанбаатар хотод дөнгөж орж ирсэн шинэхэн айл төвхнөж байсан үе. Манайх хотын хойд захад хуучнаар Эвлэлийн төв хорооны лагерьт байлаа. Би нэгдүгээр анги, эгч гуравдугаар анги. Бид өвөө, эмээгийн гар дээр өсөцгөөсөн юм. Тээр жилийн наадам чухамдаа одоо ч хамгийн сайхан нь санагддаг учир бүүр түүрхэн санаж байгаагаа буулгахыг зорилоо.

Шинэ хувцас гэдэг нүдний гэм. Ахын, эгчийн, үеэлийнх гээд л цэмцийтэл нь угааж индүүдсэн хувцсаар л гоёно. Нагац ах намайг багад дагуулж ажилдаа туслуулна. Ах барималчин л даа. Морины цом хөшөөг урлана гэж ёстой сийлдэг хүн. Гарын их дүйтэй хүн байгаа юм. Өвөө намайг гарын дүйтэй болоод ав гээд амралт болгоноор ажилд нь туслуулна.

Би баримлын шавар нухаж, хэв авч сурч байлаа. Гэр хорооллын буйдхан хашаанд минь хамгийн сайхан, дэлгэр зун болж буй мэт санагдана. Айл хунар багатай зуслангийн том хашаа цэлийгээд нэг л сайхан. Одоогийнх шиг бөөр бөөрөөрөө нийлж, зуслан гэр хороолол нь ялгагдахгүй тийм замбараагүй болчихоогүй байсан юм.

Эмээ зүү утас, ээрүүл зэргээр өдөржин үйл мэтгэж, бусад нь гэр орны ажил гээд зав багатай. Уулс дунд бороо ч элбэг орно. Амбаарын дор тоссон поошиг байсхий гээд л борооны усаар дүүрч, түүгээр нь бид хувцасаа угаана. Ийм нэгэн зуны улирал энгийнээрээ үргэлжилж байх тэр жил ах бид хоёр маш их захиалга авлаа.

200 ширхэг морины баримал хийх, мөн нэг том цомны ажилтай. Бид зургаан сард шалавхан ажилдаа орлоо. Наадам дөхөх хүртэл надад хэний хаанахын морь болохыг ч хэлээгүй юм. Ямартай ч нэг алдарт уяачдын хурдан буян байх гэсэн бодлоос өөр ямар ч төсөөлөл байсангүй. Хэлбэр хийц нь ч нэлээд чамин харагдана. Овоорсон ажлын ард гарахад наадмын өмнөх өдөр болсон байв.

Ажил дуусч хүний машинд зөөж оруулаад далласаар үлдэхэд сэтгэл их тэнүүн болж билээ. Ах, “их ажлын ард гарлаа даа. Маргааш явж наадам үзнэ ээ. Харьж хувцасаа солиод өглөө эрт ирээрэй” гэв. Байдгаараа баярласан би харих замдаа инээмсэглэхээ болиогүй ч байж мэднэ. 3, 4 дүгээр хорооллын эцсээс Сэлбийн ам хүртэл автобусанд цаг гаран явна. Гэрээдээ бас хөөрхөн алхчихна. Аахилах бүү хэл инээдээ зогсоож чадалгүй гэртээ гүйн орж өвөөд хэллээ.

“Аа золиг чамайг, цайгаа уу” гэж гаансаа амнаасаа үл ялиг салгах зуураа шоглон хэлж билээ. Хүрэн, улаан, шаргал боорцог цайнд хөшиглөөд явган ширээнд суув. Өвөө залуугийнхаа явдлыг хүүрнэнэ. Залуу насандаа эмээл дээрээ босоо, эрмэг зоригтойгоороо гайхагдаж явсныг манайд ирсэн болгон шагшдаг байсан юм. Тэр жил өвөө залуудаа эмээг дагуулаад хос морьтой сумын наадам орсон гэнэ. Идэрмэг залуу хархүү, нутгийнхаа хамгийн сайхан эмэгтэйг гэргийгээ болгоод удаагүй шинэхэн гэр бүл байж. Хос мориныхоо эмээлийн гөлмийг өвөө өөрөө хээлж шагласан гэдэг. Ногоон гахай гөлөм ч ховор сайхан эд байсан байх.

Наадмын талбай харагдаж эхлэхтэй зэрэгцээд сууж байсан хүмүүс хүртэл эргэж харсаар тэднийг угтсан гэдэг. Хамгийн энгийн хэр нь тансаг чамин эдээр биеэ чимсэнээ надад тоочно. Эмээ үсэндээ зууван хэлбэртэй сувдан даруулга зүүж, урт нарийхан мөнгөн ээмгээр гоёжээ.

Хос торгон дээл өмсөж, цагаан дугариг малгай хазгайдуухан тавьчихаад “Эмээг чинь хажуунаас нь харж яваа хэр нь л харамлаж байлаа” гэж өвөө хэлнэ. Тийм нэгэн энгийн ахуйдаа төгс төгөлдөр амьдарч байсан мэт хөгшдийн яриаг сонсох үнэхээр сайхан гээ. Ийн зуур яриа өрнөж суусаар орой болж, би ч маргаашийн бэлтгэлээ базааж эхлэв. Ахад багадсан ганц цэнхэр цамцыг индүүдэж, ул нь навтайсан пүүзээ угаалаа. Өөр ч шальтай хувцас хунар байх биш. Усанд орж аваад унтаад өгөв.

Өглөө гэрээс гарахын үест өвөө авдар ухаж баадантай бараан дотроос хуучин бор түрийвчээ гаргалаа. “Олны дунд хүний гар хараад явав золиг” минь гээд 5000 төгрөг надад өгсөн юм. Тэгж их баярлаж, догдолж гэрээсээ гарч явсан минь төдий насанд бол ховорхон байсан даа. Халаасандаа мөнгөө тас атгаастай ахынд хүрч, найзынх нь машинтай цааш хөдөллөө.

Хотоос гарч яваад “Хүй долоон худаг”-т ирлээ. Ээ бурхан минь, ийм олон машин тэрэг, дээл хувцастай хүн хараагүй би чинь бишүүрхэж эхэллээ. Машинаасаа буусан ч хаашаа харах, хэнийг дагахаа мартах шахам эргэлдэнэ. Ах гараас хөтлөн наадамчдын гэрүүд рүү зүглэлээ. Өндөр өндөр эрлийз морь унасан ах нар чанга чанга ярин зөрөх бөгөөд амьдралдаа ийм өндөр морь харж байгаагүй би аминдаа л их гайхна.

Ах утсаар ярьж алхсаар нэг уяачийн гал дээр ирлээ. Эртээд хийж дууссан мориныхоо баримлыг хайрцганд хийж надад бариулсан юм. Тод шар бүрээс, хөх цэнхэр халзтай найман ханатай болов уу гэмээр том гэр. Үүдэнд очвол улаан дээл, шүрэн гоёлтой эмэгтэй угтаж авлаа. Бид гэр рүү орвол найрын ширээ тойруулж засчихсан, уяачид тойрон сууцгаажээ. Хойморт хүрэн улаан дээлтэй биерхүү ахимаг насны уяач сууж байсан нь Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү байж л дээ. Түүний хурдан морины баримлыг ах урлаж, тэр өдөр гардуулж өгсөн нь тэр байж.

Би ширээний үзүүр хэсэг рүү сууж, том хулаар айраг уулаа. Найрын дугараанд хэсэг суугаад, бид гэрээс гарч, наадамчдын дунд ороод явчихав. Замаараа халиартай хуушуур хэдийг хүртээд авлаа. Тэр чимчигнэсэн айрагны тансаг амт урьд хожид амсаагүй надад тун гайхам байсан юм.

Тэр өдрийн халууныг хэлэх юм биш. Дээлээ сугалдаргалсан ах нарын хөлс бурзайж, хүрэн царайд нь тодоос тод бөнжигнөнө. Ах хүн хартай уулзаж, утсаар ярьж, нэгэн гэрийн гадаах саравчинд түр саатлаа. Тэр зуурт зайрмаг зарж буй машин анхаарлыг минь татаж, ахаас зөвшөөрөл аван оччихоод ирэхээр болов. Эргэж харан харан алхахдаа буцахдаа төөрчихгүй юмсан гэх жаахан айдас бас намайг ээрчихнэ. Олон хүн дугаарлан зогссон зайрмагтай машинд очоод зогслоо. Гараа энгэртээ зөрүүлж, элгээ тэврээд, хээв нэг том хүн шиг зогслоо.

Эргэн тойрноо харж, өвөөд хэлэх зүйлсээ дараалалд нь оруулж байв. Тэгсээр миний ээлж ирж, гараа халаасандаа шургуулвал нүдэнд нулимс дүүрээд ирлээ. Ээ яасан бүтэлгүй юм бэ дээ, би чинь. Худалдагч эгч над руу чимээгүй харна. Би өөдөөс нь уйлчих шахан том харж халаасаа ухна. “Миний мөнгө уначихсан юм шиг байна” гээд амандаа шахуу зөөлөн хэлэв. Тэгээд хөл доороо харж ийш тийш эргэлдлээ. Нааш алхах замдаа л хаясан байх гэж бодсон ч буцаад явбал дахиад оочерлоно. Олдохгүй бол яалтай ч билээ.

Худалдагч эгч рүү дахин том хартал тэрбээр тас тас хөхөрч, “Ээ зайлуул, энэ амьтан атгаж явсан мөнгөө хаячихаж” гэснээ хөргөгчийн хаалга онгойлгож, надад зайрмаг авч өглөө. Цаасан наалттай, торхтой зайрмаг миний нүүрэнд тулж ирэхэд ичсэндээ би яаж авч чадах вэ дээ. “Эгч ээ, юу л даа” гээд цааш хэлж чадалгүй толгойгоо маажвал араас нэг ах “За хурдан ав ав, би бас хүлээгээд байна” гээд мушилзан инээв.

“Баярлалаа эгч ээ, би очоод мөнгөө аваад эргээд ирье” гэдгээ харин тод чанга хэлээд, эгчийн царайг нэг харчихаад гүйж гарлаа. Яасан үйлс нь хаячихсан хүн бэ, би чинь гэж өөрийгөө зэмлээд ах руу гүйлээ. Тэр зуур бас зайрмагаа долоогоостой. “СИМБА” угаасаа хамгийн гоё зайрмаг нь байсан юм. Аманд хайлж байгаа хүйтэн мөхөөлдөс тансаг гэхэд багадхаар санагдсан ч ахын хажууд ирмэгц нулимсаа арчихаа мартсанаа санав.

Хоёр гараараа ээлжлэн нүдээ шударвал “Яасан, юу болсон, хэн чамайг яачихав” гээд л ах босоод ирлээ. Цаанаасаа л хүн өрөвдөхөөр улам уйлчих гээд байдаг хүүхэд байсан юм. Уйлахаа больчихоод ирсэн ч ахыг босмогц нулимс дусалж гарав. Нэг, хоёр эхэр татаад үнэнээ хэлтэл тачигнатал хөхрөөд уначихав. Ахын элгээ тэврэн инээхийг харж, зэвүү хүрч байсан ч өөр яалтай билээ. Хавь ойрын хүнээс ичсэн гэж жигтэйхэн их.

Дүүгээ уйлуулчихаад хөхөрч байгаа ахыг хүмүүс юу гэж харж байгаа тухай хэсэг бодсоноо хүчлэн байж уйлахаа больлоо. Ах босч толгойг минь илээд инээсэн чигтээ худалдагч эгчид мөнгийг нь өгөөд харьцгаасан юм. Харих замдаа наадмын хөндий униартан байгааг, олны хөл улам нэмэгдэж байгааг үдээс хойш бороо орж магадгүйг бодсоор явлаа.

Гэртээ ирээд дуу муутайхан өвөөд ганц нэг юм хэлчихээд унтахаар хэвтсэн юм. Мөнгөө гээж бүтэлгүйтсэний ачаар одоог хүртэл тэр өдрийг мартаагүй явна. Гэнэн багахан насны минь хамгийн том хөл хөдөлгөөнд оролцсон нь тэр байх. Тэр үдэш нүдээ аних төдийд л наадмын талбай, зайрмагтай машин, халиартай хуушуур харагдаж байлаа. Тэр олны сайхан ааштай, сайхан хувцастай байсныг яана. Золигийн мөнгийг л хаяагүй бол буцахдаа ямар додигор алхах байсан билээ дээ.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу