Дэлхийн томоохон хэвлэлүүдийн нэг “CNN” агентлаг Монгол наадмын тухай онцолжээ. Тус агентлагийн сэтгүүлч Мэгги Хиуфу Вонг, Карла Криппс нар “Наадам гэж юу вэ? Монголын “Эрийн гурван наадам”-ын түүх” нэртэй нийтлэлээ “Монгол гэхээр олон аялагчийн санаанд уудам тал нутаг, нүүдэлчин ахуй, гэр, цөл, бүх цаг үеийн хамгийн алдартай дайчдын нэг Чингис хааны дүр төрх буудаг.

Монголын эзэнт гүрний алдарт анхны хаан 1227 онд таалал төгссөн ч түүний нэр алдар домог мэт мөнхөрч, энэ сайхан нутагт цуурайтсаар байна. Тус улсын хамгийн чухал уламжлалт арга хэмжээ бол яах аргагүй үндэсний их баяр наадам. Энэ нь олон мянган монголчуудын оролцсон спорт, урлагийн үндэсний хэмжээний баяр төдийгүй олон улсын жуулчдыг ихээр татдаг” гэж эхлүүлжээ.

Тус нийтлэлд, “Nomadic Expeditions” жуулчны компанийн захирал Г.Буяндэлгэр “Наадам нь 2000 жилийн түүхтэй бөгөөд Монголын овог аймгууд байнга бие бие рүүгээ дайрч, довтолдог байсан тул анхандаа цэргүүдийг дайнд бэлдэх зорилготой байсан” гэж тайлбарлав. Нийслэл Улаанбаатар хотоос говийн алслагдсан хотуудыг хүртэл 21 аймагт нүүдэлчдийн уламжлалт соёл, өв уламжлалаа дээдлэн, тэмдэглэн өнгөрүүлж байгаа Монголын хамгийн том цугларалт юм.

1921 онд наадмыг Монголын жил бүрийн үндэсний баяр болгон зарласан. Гэхдээ олон зуун жилийн турш эрийн гурван наадам /нум сум харвах, хурдан морь уралдах, бөх барилдах/ нь бүс нутгийн нүүдэлчдэд, ялангуяа монгол цэргүүдэд ур чадвар суулгаж, эв нэгдлийг хангах үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Түүхийн зарим бичигт өгүүлснээр, XIII зууны эхэн үед Чингис хаан дайснуудаа дарж, Монгол овог, аймгуудыг нэгтгэснийхээ дараа баяр болгож, Эрийн гурван наадмыг анх тэмдэглэжээ.

Үүний нотолгоо нь Чингис хааны хөшөө буюу 1200-аад оны үед хамаарах анхны монгол бичигтэй чулуун дээр 500 гаруй метрийн зайнаас сумаар онож чадсан Есүнгэ хэмээх язгууртныг дүрсэлсэн байдаг.

Монгол наадмыг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн. Олон өдөр үргэлжилдэг тус наадмын бүх нийтийн амралтыг 2020 онд Монгол Улсын Засгийн газраас 3-5 өдөр болгон сунгасан бөгөөд энэ хугацаанд бүх нийтээр амардаг.

Мөн олон улсын жуулчдын Монголыг зорин ирэх хамгийн дуртай цаг бол наадам юм. Тухайлбал, цар тахлын өмнө 2019 онд 11 мянга гаруй жуулчин тусгайлан наадам үзэхээр ирснийг эх сурвалжууд мэдээлжээ. Тухайн онд Монголд нийтдээ 637 мянган жуулчин ирсэн байна.

Монгол наадам дэлхийд нэлээн алдартай болсон тул үзэхийг хүсч буй аялагчид 2024 оны долдугаар сарыг тэсэн ядан хүлээж байна.

Хэдэн зуун жилийн турш сур харвах, морь унах, бөх барилдах зэрэг нь тухайн бүс нутгийн нүүдэлчид төдийгүй монгол цэргүүдэд ур чадвар эзэмшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Спортын энэхүү гурван төрөл нь монголчуудын амьдралын хэв маяг, ахуй нөхцөлтэй шууд холбоотой. Мөн наадмын зан үйл, зан заншил байгаль, байгаль дэлхийгээ дээдлэх сэтгэлгээг мөн тодотгож өгдөг.

Нээлтийн хамгийн онцлог үйл явдал нь Есөн цагаан тугийн парад юм. Есөн цагаан туг нь Монгол Улсын ариун сүлд бөгөөд ихэвчлэн Төрийн ордонд хадгалагддаг.

Улаанбаатар хотод улсын цолтой хэдэн зуун бөх хоёр өдрийн турш хасагдах журмаар есөн удаа барилдддаг. Энэ хооронд хурдан морины уралдаан Улаанбаатар хотын гаднах талбайд болдог. Эдгээр холын зайн уралдаан нь морины тэсвэр тэвчээрийг шалгадаг бөгөөд хурдан морь унаач хүүхдүүд унадаг” гэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу