Монгол Улсын гадаад худалдаагаа явуулдаг гол боомт бол Тяньжин. Тэнд өнөөдрийн байдлаар чингэлгүүд “гацсан” хэвээр байна. Гэхдээ бас яах вэ, цар тахлын үетэй харьцуулахад 2000 орчим чингэлгээр буурсан үзүүлэлттэй байгааг дэвшил л гэе.

Монгол Улс тээврийн салбараа тэр чигт нь орхигдуулсаны гай өдгөө нүүрлэж буй нь энэ. Ложистикийн цөөхөн компаниудын чадал хүрэхгүй зовлонтой. Асуудлыг бага дээр нь шийдэх боломж байсан ч бидний алгуурлахыг цаг хугацаа хүлээхгүй нь харамсалтай юм. Үүнээс шалтгаалан Монгол Улсын эдийн засагт хүндрэл үүсч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлсөөр ирсэн билээ.

Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос гаргасан тоон мэдээллээс харахад, долдугаар сарын 1-нээс 16-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэл рүү нийт 39 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явах 6200TEU буюу 3100 чингэлгийн үлдэгдэл байгаа ажээ.

Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 3-5 хоногт тээвэрлэгдэж байгаа ба боомтод ирсэн чингэлгүүд 45-60 хонож гарч буй юм байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэл рүү нийт 12 галт тэрэг гарчээ. Тухайн үед Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явахаар 7200TEU буюу 3600 чингэлгүүдийн үлдэгдэл хүлээгдэж байж. Тус боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 3-5 хоногт тээвэрлэгдэж байсан бол Тяньжин төмөр замын өртөөнөөс транзит ачаа 50-60 хонож байж гарч байгаа бол экспорт тээвэр 25-30 хонож байсан мэдээлэлтэй байгаа юм.

Тухайн үед Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1370 чингэлэг, үүнээс ачаатай 725 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 285 чингэлэг байсан бол Замын-Үүд өртөөнд 77 импортын чингэлэг байжээ.

Үүнээс өмнө буюу 2023 оны зургадугаар сарын 19-нөөс 25-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэл рүү нийт 16 галт тэрэг гарсан байсан аж. Тяньжин төмөр замын өртөөнөөс Монгол Улс руу явах 4700TEU буюу 2350 чингэлгүүдийн үлдэгдэлтэй байжээ.

Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 3-5 хоногт тээвэрлэгдэж байсан бол боомтод ирсэн чингэлгүүд 35-45 хонож гарч байсан мэдээлэлтэй байна.

Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайнуудын нийт үлдэгдэл 1368 чингэлэг, үүнээс ачаатай 722 чингэлэг, хоосон 283,  хоосон бичиг баримтгүй 270 чингэлэг, Замын-Үүд өртөөнд 93 импортын чингэлэг байжээ.

Дашрамд дурдахад, дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой ачаа бараа солилцдог, хуурай газарт 121 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн орших Тяньжин нь Хойд Хятад дахь хамгийн том боомт юм.

Жилд 18.4 сая ширхэг чингэлэг ачиж буулгах, 600 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, дэлхийд дөрөвдүгээрт ордог уг боомт 2028 он гэхэд 30 сая чингэлэг хүлээн авах хүчин чадалтай болохоор зорьж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу