БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган зургадугаар сарын 25-ны өдрөөс хойш олон нийтийн өмнө ил гараагүй нь олны анхаарлыг татаж эхэлсэн талаар BBC агентлаг мэдээлэв.

Өдгөө 57 настай тэрбээр 23 хоногийн турш сураггүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр зургадугаар сарын 25-нд сүйн ёслолоо хийжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдсон Чинь Ганыг тус улсын Ерөнхийлөгч Ши Жиньпиний тойрон хүрээллийнхний нэг гэдэг.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид сайд Чинь Ган хаана байгаа талаар тодруулахад тодорхой хариулт өгөөгүй байна.

Хаалттай системтэй тус улсад хэн нэг өндөр албан тушаалтан удаан хугацаагаар алга болох нь ямар нэг асуудалд орооцолдсоны шинж тэмдэг байдаг. Тиймээс Маогийн хариулт Хятадын жирийн иргэдийн таамаглалыг улам гааруулжээ.

Ши Жиньпин Хятадын төрийн тэргүүн болохынхоо өмнө буюу 2012 онд олны өмнө гаралгүй удаан хугацаагаар сураггүй болж, Хятадад түүний эрүүл мэндтэй холбоотой цуурхал тарж, энэ нь Коммунист намын дотоод зөрчил тэмцэлтэй холбоотой гэсэн яриа ч гарч байжээ.

Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт Чинь Ган удахгүй Индонез улсад болох олон улсын арга хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон талаар мэдэгдсэн ч сүүлд вэб сайтад нийтэлсэн албан ёсны мэдэгдлээсээ дээрх мөрийг хассан байна. Түүний оронд ХКН-ын Төв хорооны Гадаад бодлогын хорооны дарга Ван И оролцохоор болсон аж.

Үүнээс гадна Хятадын олон нийтийн дунд Чинь Ган гэр бүлээс гадуур харилцааныхаа улмаас шалгагдаж байгаа гэсэн цуурхал таржээ.

Чинь Ган хоёр жил орчим хугацаанд АНУ-д Элчин сайдаар ажиллаж, 2022 оны арванхоёрдугаар сард Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. Элчин сайд болохоосоо өмнө тэрбээр Ши Жиньпиний гадаад айлчлалуудыг төлөвлөх, зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу