Улаанбаатар хотод өнөөдөр (2023.08.14) тарваган тахал өвчний гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Уг сэжигтэй тохиолдлууд Хэнтий болон Сүхбаатар аймгуудад тарваган тахал өвчний халдварын эрсдэлд өртөж, зөөвөрлөгдөн ирсэн, тарваганы мах идсэн, тарвага өвчсөн зэрэг хариулт өгчээ.
ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, оношийг баталгаажуулах лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа аж.


Тарваган тахал өвчин хэрхэн халдварладаг вэ?

Эх уурхай:

Өвчтөн, цогцос, тарваган тахлаар өвчилсөн мэрэгч амьтад болон туулай хэлбэртэн нь халдварын эх уурхай болно. Гэрийн тэжээвэр амьтдаас нохой, муур нь мөн эх уурхай болно.

Халдвар дамжих зам:

  • Шууд хавтлын зам:
    • Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.
  • Дам халдварын зам:
    • Мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулах тохиолдолд халдварлана.
  • Агаар дуслын зам:
    • Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд халдвар дамжина.
  • Хоол хүнсний зам:
    • Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдварлана.

Өртөмхий бие:

Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутагт оршин суугчид, анчид, тарваганы түүхий эдтэй харьцагчид халдварт өртөх магадлал өндөр.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу