Бид 2023 оны наймдугаар сарын 22-нд Дарханы замын бүтээн байгуулалтын талаар сурвалжилснаа сэргээн нийтэлж байна. 

Үлгэр домог мэт, дуншаастай Дарханы замын ажил овоо магтмаар урагшилжээ. Яг үнэнийг хэлэхэд, ойрын жилүүдэд хүрээнээс Бурхантын хөндий хүрэх зам хэчнээн хол, зүрхшээм бөгөөд уур уцаар барж байсан гээ. Гуравхан цаг давхиад орчих замыг бүхэл бүтэн уул ороон байж, өдөржин ядартлаа туулсан түүх бий бий.

Өчнөөн хүний үйл тамыг цайж, үхэл хагацал, харуусал гашуудал дагуулсан аймшгийн зам байлаа, ярих ч юм биш. Тээврийн цагдаагийн албанаас 2016-2021 он хүртэлх хугацаанд хийсэн судалгаагаар, Дархан чиглэлийн авто замд гарсан ослын тоо 2016 онд 215, 2021 онд 88 хүрчээ. Нас барсан хүний тоо 2016 онд 30, 2021 онд 8 болж, энэ чиглэлийн авто замд нас барсан болон гэмтсэн хүмүүсийн тоо 2016 онд 86 хүн, 2021 онд 36 байсан аж. 2022 онд хэдэн хүн энэ замд амиа алдсан мэдээлэл одоогоор ч тодорхойгүй байна.

Зургаа дахь сайдынхаа нүүрийг үзэж буй 204 км авто замыг Монгол Улс 5 дахь жилдээ барьж байна, барьж дуусах болоогүй л байна. Дархан чиглэлийн авто замын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн яам, бусад төрийн байгууллагын оролцоотойгоор ажиллаж буй.

Г.Дамдинням гишүүн “Энэ ондоо багтаад Дарханы замын 2 урсгал 410 км замын хөдөлгөөнийг бүрэн нээчихвэл ирэх хавар хашлага, хамгаалалт, хажуугийн байгаль орчны нөхөн сэргээлт гээд ажлуудаа дуусгуулна даа” гэж мэдээлсэн юм.

“ХЯТАД КОМПАНИУД ЧАНАРГҮЙ ЗАМ ТАВЬЖ, БУЛХАЙГАА НУУЖ,
ЭЛДВЭЭР ДАЛДАЛЖ БАЙНА”

Манай “Dobu.mn” сайтын сурвалжлах баг “Хятад компаниуд чанаргүй зам тавьж, булхайгаа нууж, элдвээр далдалж байна” гэж мэдээлсэн Борнуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Лхагвадоржийн мэдээллийн мөрөөр сурвалжлахаар өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн өглөөний 09.00 цагт хотоос гарч, Бурхантын хөндийг зүглэв. Дархан руу хөтлөх зам санасныг бодоход дардан, “гялтайж” байгааг мэдрэх урамтай буюу.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2022 оны эхний хуралдаанаа хийж, “Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг албан тушаалтнуудад өгсөн.

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж буй.

Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж, өөр өөр компаниуд тендерт шалгарч, ажил ахицтай урагшилж байгаа талаар албаныхан мэдээлж байна.

2023 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 82.8 хувь, харин хоёрдугаар урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 59.7 хувьтай байна. Энэ нь сарын өмнөх тайлантай харьцуулахад 1-р урсгалын нийт гүйцэтгэл 5.7 хувиар, 2-р урсгалын нийт гүйцэтгэл 4.1 хувиар тус тус ахисан үзүүлэлт ажээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 1-р урсгалын ажлууд ерөнхийдөө дууссан бөгөөд засвар, цэвэрлэгээ, өнгө асфальтын ажлууд үргэлжилж байна.

Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй 2-р урсгалын хувьд ган хоолой суурилуулах, ухмалын хажуу налуу, шуудуу сэргээн засварлалт, бетон, туузан хашлага, явган зам, асфальт, бетон хучилт цутгалт, битум түрхлэгийн ажлууд хийгдэж байлаа. Замын талбайд нийтдээ 839 хүн, 359 техник байршин ажиллаж байгаа ажээ.

Олон Улсын нээлттэй тендерт 45 компани өрсөлдсөн байдаг. Тодруулбал, 1-р шатны сонгон шалгаруулалтад 43 Хятад компани, 1 Солонгос компани, 1 Итали компани өрсөлджээ.

Нийт таван багц ажлын 1-р хэсэг дээр Монгол Улсын “Арж капитал компани, 2, 3-р хэсэг дээр БНХАУ-ын “Жунмэй инженеринг групп” компани, 4-р хэсэг дээр мөн БНХАУ-ын “Шанхай констракшн”, 5-р хэсэг дээр БНХАУ-ын “Чайна Гөү Жу Ба” компани тус тус шалгарсан байдаг. Сонгон шалгаруулалт шударга болсон, гол нь үнийн өрсөлдөөн, тоног төхөөрөмж болон тухайн замыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгч чадах хүчин чадлыг нь хараад сонгосон гэдэг.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлт болон нэмэлт хоёр эгнээ авто зам барих төслийг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй.

Наймдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн. Үлдсэн хоёр багц болох хоёрдугаар багц 72.27 хувь, дөрөвдүгээр багц 66.5 хувийн гүйцэтгэлтэй 275 хүн, 103 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж буй ажээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажил 60.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тодруулбал, баруун аймаг руу салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх нэгдүгээр багц 77.1 хувь, Хар модот давааны араас Урьхан хүртэлх хоёрдугаар багц 54.2 хувь, Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх гуравдугаар багц 53.1 хувь, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх дөрөвдүгээр багц 53.4 хувь, Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх тавдугаар багц 63.2 хувийн гүйцэтгэлтэй, 548 хүн, 259 техник, машин мехнизмтай ажиллаж байна.

УСАРХАГ ААДАР БОРОО ДАРХАНЫ ЗАМЫН ЧАНАРЫГ ШАЛГАВ

Манай Dobu.mn сайтын сурвалжлах баг юуны өмнө бидэнд хандаж, мэдээлэл өгсөн Төв аймгийн Борнуур сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Г.Лхагвадоржтой уулзав. Тэрбээр “Саяын орсон хүчтэй аадар бороо Дарханы зам хэр чанартай болж байгааг гайгүй сайн шалгачихлаа” гэсээр угтав. Тэрбээр хамтдаа замын чанар хаана сайн, хаана муу байгааг харахыг санал болгосноор бидний “шалгалт” эхэллээ.

Нэгдүгээр багцын ажил ерөнхийдөө жигдэрчээ. Дарханы замын тендерт ялсан компаниудын дотор цорын ганц монгол компани байгаа нь “Арж капитал” ХХК аж. Тус компани 2021/336 ADB Loan No.3679/3786-MON гэрээний дугаартай, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлтийн төслийн багц 1-2: Хар Модотын Давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын ажилд 2021 оны есдүгээр сарын 4-нөөс ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байна.

Тус компани Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын 1-р багц дээр шалгарсан мэдэгдлээ 2020 оны эхний сард хүлээж авч, 2020 оны  наймдугаар сард гэрээгээ байгуулан, 2021 оны гуравдугаар сарын 15-нд зам барилгын ажлаа эхлүүлжээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1 төсөл. Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.282 км хатуу хучилттай авто замын төслийн ажлыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж буй. Төсөл эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл далангийн хажуу налуу хэлбэржүүлэх ажил 82 хувь, уулын болон өөрийн шуудууны ажил 53 хувь.

Туузан хашлага 34 хувь, гялбаанаас хамгаалах самбар байрлуулах ажил 100 хувь, явган замын хашлага 22 хувь, явган замын хавтан 32 хувь, замын хэвтээ тэмдэглээний ажил 17 хувь, чулуун өрлөгийн ажил 100 хувь, L хашлага суурилуулах ажил 42 хувь, U суваг суурилуулах ажил 48 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж, төслийн ажлын нийт гүйцэтгэл 76.05 хувьта байгаа юм байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 2. Хар модотын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км хатуу хучилттай авто замын төслийн ажлыг 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгэжээ. Энэ ажлын хүрээнд асфальтбетон хучилтын хагарал гагнах ажил 100 хувь, хоолойн 2 үеийн чулуун бэхэлгээний ажил хийгдэж, дөрвөлжин хоолойн 21 хоолойноос 20 хоолойд хийгдэж дууссан байна.

Дугуй хоолой нийт 24 хийгдэхээс 24-үүлэнд нь хийж дууссан ажлын гүйцэтгэл 98 хувь, хоолойн чулуун бэхэлгээний ажил 45 хоолойноос 24-д нь хийгдсэн ажлын гүйцэтгэл 53 хувь, шуудуу байгуулах ажил 2520 м хийж гүйцэтгэсэн гүйцэтгэл 22 хувь, хоолойн цэвэрлэгээний ажил 45 хоолойноос 43-д хийж гүйцэтгэсэн гүйцэтгэл 96 хувь, цаснаас хамгаалах далан байгуулах ажил 1240 м хийгдсэн ажлын гүйцэтгэл 100 хувь байгаа бөгөөд төслийн ажлын нийт гүйцэтгэл 72.27 хувьтай байгаа ажээ.

Гэрээ дагуу ирэх есөн сард төслийн ажил дуусах ёстой. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 12-нд дуусах байсан ч тодорхой бус шалтгаанаар гэрээ сунгагдаж, 2023 оны аравдугаар сарын 30-ныг хүртэл сунгагдсан байдалтай ажил үргэлжилж буй бөгөөд энэ ондоо багтаад дуусгана гэсэн зорилготой ажиллаж байгаа аж. Тус компанийн барьж буй зам борооны усны шалгалтад тэнцжээ.

ХҮНИЙ ХҮН БОЛ ХҮНИЙ Л ХҮН…

Биднийг Дарханы замын 2, 3-р багцын талбай руу ороход төлөөлөгч Г.Лхагвадорж “Энэ замын ажлыг Хятадын “Жунмэй инженеринг групп”, “WXP” компаниуд хийж гүйцэтгэж байгаа юм. Саяын борооноор дээрх компанийн барьж буй зам усанд эвдэрч, одоо засаж байгаа нь энэ” хэмээн авто зам дээр засвар хийж буй ажилчдын зүг заалаа.

Олон улсын чанартай авто замын “шалгалт” маань цааш үргэлжиллээ. Харамсалтай нь, иргэдийн төлөөлөгчийн бидэнд өгсөн мэдээлэл үнэн бөгөөд Хятад компаниудын барьж буй замд борооны ус хайр найргүй “тонгочжээ”. Тус  замын голоор эвдэрч, хятадууд чанаргүй зам тавьж, нүглийн нүдийг гурилаар хуурч байгааг нь илчилсэн хагарал нэг хэсэг үргэлжлэв. “Техникийн хэлээр”, суулт болон дагуу хагарлууд үүсч, цөмөрчээ.

Бас болоогүй Хятадын гүйцэтгэгчид эвдэрсэн хэсгүүдээ ойр ойрхон засаж “нуугаад” байгаа тухай мэдээлэл ч чих дэлслээ. Ашиглалтад ороогүй байж ганцхан борооны ая даахгүй байна гэхээр үнэхээр харамсалтай гэхээс өөр юу хэлэх билээ.  Төслийн хувьд Улсын комисс хүлээж авснаас хойш гурван жилийн чанарын баталгааны хугацаа тавигджээ.

Хүний хүн бол хүний л хүн байдаг. Эх орондоо үлдэх томоохон бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө л хийх нь чухал болохыг энэ “хүнийрхэл” сануулах мэт. Энэ замыг дэлхийн хаана ч гологдохгүй мэдлэг, чадвартай болсон монгол инженер, ажилтнуудаараа бариулсан бол ядаж л сэтгэл шингэсэн, чанартай сайн зам тавих байсан даа гэсэн харуусах бодол төрснийг нуух юун.

Иргэдийн төлөөлөгч Г.Лхагвадорж хэлэхдээ “Хятад хэлтэй хүн дагуулаад талбайн инженер дээр нь очоод юм асуухаар нэг ч зөв хариулт өгдөггүй. Үнэхээр чанартай зам хийгээд байгаа бол өнөөдрийн үер усанд урсахгүй л байсан биз  дээ. Энэ улиралд энэ ажлыг хийнэ гээд ажлынхаа төлөвлөгөөг өгдөг байтал “WXP”, “Жунмэй” хоёр нэг ч юм өгдөггүй” гэсэн юм. Тэрбээр Хятадын компаниуд хүн ирэхээр дайждаг, хэн удирдаж, хэн ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй, хаалттай байдаг талаар хэлж байв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын дээрх компаниуд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай замын Цагаанхоолой гэдэг газрын “Тамын 50” гэгддэг эвдрэл гэмтэлтэй замын хэрэгт нэр холбогдож, зам барих “эрхгүй” болсон компаниудын жагсаалтад байдаг гэх.

“Хүний хүн”-ий сэтгэл дутуу байгааг илтгэх мэдээллийг тэрбээр бидэнд өгсөн юм. Өнгөрсөн оны долдугаар сарын 8-нд “Арж капитал” ХХК захиалагч Зам, тээврийн хөгжлийн яамтай 12.42 км өнгөт асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Тус ажлыг 2023 оны тавдугаар сарын 15-наас эхлүүлжээ.

Захиалагч, төсөл хэрэгжүүлэх нэгж, гүйцэтгэгчийн хурлын дагуу тус хучилтыг далангийн өргөссөн хэсэгт хийж гүйцэтгэхдээ тэнхлэгийн бетон хашлагаас хоёр тийш хоёр гүйцэтгэгч хувааж хийх шаардлагатай. Энэ шийдвэрийн дагуу Багц 2-2 ерөнхий гүйцэтгэгчтэй хэлэлцээ хийж, суурь үеийг ажил эхлэхээс өмнө бэлдэж өгөх хүсэлт хүргүүлжээ. Тус хучилт хийж гүйцэтгэх хэсэгт 2023 оны дөрөвдүгээр сарын 21-нээс 22-ны хооронд талбайн үзлэг хийсэн байна.

Үзлэгээр дараахь нөхцлүүд илэрч байжээ. Үүнд:

  1. Зам нийлж буй хэсэгт хийсэн цементээр бэхжүүлсэн суурийн материал бусад байршлуудад стандартын шаардлагад нийцэхгүй, хөрс хэтэрхий шаварлаг байгаа нь хангалтгүй байна гэж үзжээ.

  1. Замын доод суурийн хэсэгт ус ороод, эвдрэлийн гол шалтгаан болсон байна. Үүнийг яаралтай солих шаардлага үүссэн аж.
  2. Замын доод хэсгийн суурийг хийж гүйцэтгэхдээ замтай нийлж буй хэсгийг техникийн шаардлагад нийцүүлэн бүрэн цэвэрлэгээ хийгдээгүй.
  3. Замын доод суурийг хийж гүйцэтгэхдээ 2022 онд одоо байгаа цементээр суурийг хэсэгчлэн хийгээгүй.
  4. Зарим байршилд 2022 онд хийж гүйцэтгэсэн суурь болон одоо хийгдэж буй суурийн хооронд зай үүссэн.

  1. “WXP” компани зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос бетонон хашлагыг байрлуулж эхэлжээ. Ингэхдээ бетон хашлага байрлах ADB буюу “Азийн хөгжлийн банк”-ны хэсгийн асфальтан замыг хөрөөдөж, хөрөөдсөн хэсгийг борооны уснаас хамгаалаагүй орхисон байна. Мөн хашлага байрлуулсан хэсэгт үлдсэн завсрын нүхийг дүүргээгүйгээс шалтгаалж ус урсжээ.

Асфальт бетон замын хучилтуудад үүссэн эвдрэлүүд:

Ирмэгийн дагуу үүссэн хагарал:

Тус шалтгаануудаас үүдэн 2023 онд “Арж капитал” компанийн хийж гүйцэтгэх өнгө асфальтбетон хучилтын үед суурийн чанараас шалтгаалсан эвдрэл үүсэх эрсдэлтэй гэж дүгнэж байжээ.

Хөндлөнгийн инженер, ажиглагчдын тооцоолж буйгаар, Дарханы зам товлосон хугацаандаа буюу ирэх аравдугаар сард бүрэн ашиглалтад орж амжихгүй бололтой.

Дарханы зам эцсийн эцэст монгол хүмүүсийн л зам болж үлдэнэ. Монгол инженер, техникийн ажилтнуудаа дэмжиж, томоохон бүтээн байгуулалтууддаа өөрийн хүмүүсээ ажиллуулсан нь онох буюу. Ядаж л буух эзэн, буцах хаягтай.

Хүний хүн бол хүний л хүн шүү дээ…

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Э.ЭГШИГЛЭН
Х.ТҮШИГ
Гэрэл зургийг Ч.ДАШДОРЖ

1 сэтгэгдэл

  1. Хятад компани ийг хэн дэмжиж тендерт шалгаруулсан албан тушаалтнуудаа барж хорьж толборийг нь гаргуул!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу