Засгийн газрын өнөөдөр /2023.08.23/-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Энэ үеэр багшийн дутагдлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ хичээлийн жил эхлэх бүрд 2000 орчим багшийн хомсдолын асуудал үүсдэг. Гэхдээ энэ нь хичээлийн шинэ жилийн явцад шийдэгддэг. Түүнээс биш 3000 багшийн дутагдалтайгаар энэ хичээлийн жил эхэлж байгаа гэдэг буруу ойлголт.

Багшийн сургуулийн төгсөлт болон тухайн орон нутгийн сургуулийн хичээлийн зохион байгуулалттай холбоотойгоор ийм асуудлууд гардаг. 

Өмнөх жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг гурван улиралтайгаар явуулж байсан бол энэ жил дөрвөн улиралтай болгосон” гэлээ. 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “МУБИС-ийг Ханын материал, ШУТИС-ийг Шархад, АШУҮИС-ийг Амгалан руу нүүлгэснээр хотын түгжрэлийг бууруулна” гэж мэдээлсэн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Энэ нь хотын даргын түгжрэлийг шийдэхийн тулд гаргаж байгаа санал болов уу гэж бодож байна.

Түүнээс биш их, дээд сургуулиудыг нүүлгэх асуудалтай холбоотой бодлого Засгийн газрын шийдвэрээр тодорхой болчихсон. Дархан руу, Эрдэнэт рүү, Хөшигийн хөндий рүү гэх мэт шийдвэр гарчихсан.

Олон санал гарч болно. Гэхдээ хамгийн гол нь үндэслэлтэй, тооцоо судалгаатай мэдээлэл хиймээр байгаа юм. Тэгэхгүйгээр гэнэтийн “шок”-ны мэдээлэл хийж, ард иргэдийг бухимдуулж болохгүй гэж бодож байна” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу