Архангай аймгийн иргэд 2020 онд УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нарыг сонгож, парламентад илгээж байв. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам нэг суудлын илүүгээр МАН-аа ялснаар засаглах боломжтой болсон.

Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа АН 20, МАН 19 суудал авснаар аймгийн Засаг даргаараа Дондогдоржийн Золжаргал агсныг тавьж байлаа. Харамсалтай нь, Ардчилсан намын даргын төлөөх зодоон анхан шат руугаа шилжиж, Д.Золжаргал агсныг суудлаас буулгасан. Түүнийг буулгах болсон шалтгаан нь ердөө Улаанбаатараас ирсэн гэх өчүүхэн шалтаг.

Ер нь аль ч газар дош тойрсон “атаман”-ууд бий. Орон нутгаа барьчихаад, гаднаас ирсэн хүнийг хүлээж авахгүй гээд бойкот хийчихдэг. Товчхондоо амьдрал мэдэхгүй гэдэг ганцхан шалтгаантай. Түүний өмнө нь сургууль төгссөн, ямар ажил хийж байсан нь хэнд ч чухал биш. Хатуухан хэлэхэд, заавал жалгандаа “илжиртлээ” амьдарсан байх ёстой гэдэг. Тиймээс хотын “дарга” хэл ам ч хийлгүй ажлаа өгөөд буцсан.

Аймгийн даргаа унагахад МАН-ын 19 кноп дээр Ардчилсан намын хэдэн төлөөлөгчийн саналтай хүчээ нэгтгэсэн. Ингэж л ХҮЧЭЭ НЭГТГЭЕ гэсэн МАН-ын уриа амьдрал дээр яв цав хэрэгжиж эхэлсэн байх юм. Товчхондоо, АН, МАН хавсайдаж байж Засгаа унагасан гэсэн үг. Үүний дараа Ардчилсан намынхан нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Улсын харцага Мишкагийн Батжаргалын нэрийг аймгийн Засаг даргад дэвшүүлж, ИТХ нь саналаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээснийг ёсчлон батламжлав.

Жил гаруйн дараа Архангай аймагт Ардчилсан нам дахин шинэ Засаг даргатай болсон. Аймаг нь 100 жилийн ойтой гээд дээр дооргүй хөл хөдөлгөөн болж байтал АН-ынхан нь дахин хор хутгаж байгаад Засаг дарга М.Батжаргалыгаа барьцгүй хавирчихсан. Улсын наадмын дэвжээнд хэр барагтай хүнд тонгоруулж яваагүй харцага улс төрийн дэвжээнд барьцгүй хавируулж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болон унав.

Үүнийг Архангайнхан “мэхт мэхэндээ” л болсон гэж байна лээ. Учир нь М.Батжаргал өмнөх Засаг даргаа яг ингэж унагасан. Гэтэл тэр мэхийг намынхан нь сөрөг хүчинтэйгээ хавсайдаж байгаад, өөрт нь хийчихсэн гэдэг “бор шувуу” нисэж байлаа. Хэл ам, хэрүүл тэмцэл болох нь уу гэтэл тэгсхийгээд намжсан.

Уг нь Ардчилсан нам парламентад 11 суудал, нийслэлийн есөн дүүргээс ганцханд нь, 21 аймгаас есөд нь ялалт байгуулсан. Эрдэнэ мэт цөөн ялалтуудынх нь нэг гэхэд болно. Гэтэл нам доторх “алалцаан” нь тэднийг дотроос нь сүйрүүлж эхэлсэн. Үүний горыг Ардчилсан намынхан гэхээсээ илүү Архангайхан амссан гэхэд болно.

Ардын намынхан нь “Бид Засаг даргаа огцруулмаар байна” гээд, өөрсдөө гүйгээд ирж байхад юу боллоо гэж цаашаа гэх вэ дээ. Аманд орсон шар тос гэдэг энэ л дээ. Жил гаруй болоод Засаг дарга нь суудлаа өгдөг байдал Архангайн Ардчилсан намд газар авч эхлэв.

Дотроосоо тавьсан даргаа тогтоож чадахгүй огцруулаад байсан тул МАН-ынхан нь “Манайд Засаг даргаа өгчих. Бусад эрх мэдэл, албан тушаалаа хуваах зарчмаар явъя” гэсэн санал тавихад АН-ынхан “зөвшөөрч” тэнэгтсэн байгаа юм.

АН-ынхан нь өөрсдөө МАН-д санал тавьсан ч гэсэн яриа байдаг. Ингээд 100 жилийн түүхт ойн босгон дээрээ архангайчууд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбадоогийн Цэрэннадмид гэдэг Засаг даргатай болчихов.

Уг нь ч огцорсон хоёр даргын аль аль нь л нутагтаа юм хийж байсан талаар ярих юм билээ. Бөх хүн гэхэд М.Батжаргал нь бөхөөс гадна утга зохиол, соёл, урлаг гээд салбар бүрт хүрч ажиллахыг хичээж байсан гэдэг. “Хантамирын ай” гээд аймгийнхаа зохиолч, яруу найрагчдын бүтээлийг эмхтгээд гаргаад өгчихсөнд нь нутгийнхан нь бөөн хөл хөөр болж байсныг санаж байна.

Харин МАНАН дундаас сонгогдсон Б.Цэрэннадмид бөхчүүдэд байдгаа барихаас оюуны хөдөлмөрийг огт үнэлдэггүй, хойшоо гээд үл ойшоочихдог талаар мөн л чих халууцуулан ярьж байх. Энэ жил “Болор цом” яруу найргийн наадамд Архангайгаас М.Амархүү, “Морин хуур” наадамд Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав нар түрүүлэхэд нь мөнгөн аяга, хадаг өгөөд халирч одсон байгаа юм. Харин Үндэсний их баяр наадамд түрүүлсэн М.Бадарчдаа байдгаа барьж гүйж байгаагаас энэ хүний алсын хараа, царааг харж болно.

“Аймгийнхаа 100 жилийн ойг гайхалтай хийсэн” хэмээн олон хүнээс талархал сонссон байх, Засаг дарга. Гэхдээ түүнийг ажил авахаас өмнө Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар бүх зургийг нь гаргачихсан, ажил нь эхлээд явж байсан гэх юм билээ. Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг нар цагдаа шүүхээр яваа тул нам гүмхэн байж, гавьяаг нь харин нөхөр Б.Цэрэннадмид хүртэж байгаа нь тэр. Хувь тавилан нь л тэгж таарч дээ гэж бодохоос.

Б.Цэрэннадмид 2016-2020 онд аймгийнхаа ЗДТГ-т газрын дарга, 2020 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаад Засаг дарга болсон. Гэхдээ “хортой алим” АН-ынхандаа хазуулж байгаад болсон гэдэг яриа бий. Ямартай ч Төрийн ордноор аймгийнхаа гишүүдийн үүдийг сахиж явсаар Засаг дарга болсныг нь мэдэх юм.

Б.Цэрэннадмид даргын АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад, 2020 онд өөрийнх нь 28 сая 299 мянга, гэр бүлийн гишүүдийнх нь орлого 22 сая байж. Харин 2021 онд 46 сая 520 мянга болж нэмэгдсэн байна. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 20 сая төгрөг болж буурсан байх юм. Тэгвэл 2022 онд түүний орлого 108 сая 580 мянган төгрөг болж огцом нэмэгдэж, гэр бүлийн гишүүдийн орлого нь 15 сая төгрөг болж буурчээ.

Тэрбээр 208 сая төгрөгийн үнэтэй хоёр орон сууцтай. 2021 онд суудлын “Приус” автомашинтай байсан бол 2022 онд туулах чадвар өндөр “Toyota Hilux” автомашин 1, “Toyota Harrier 1” автомашинтай болжээ. Нийт 73 сая 500 мянган төгрөгөөр үнэлэгдэх 5 адуу, 36 үхэр, 200 хонь, 215 ямаатай.

Мөн 15 сая 300 мянгаар үнэлэгдэх 0.5 га, 1 га, 400м2 газартай. 2021 онд үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлгүй гэж байсан бол 2022 онд 65 сая төгрөгийн үнэт эдлэлтэй болсон байна. 15 сая 400 мянган төгрөгийн хадгаламжтай бол, 49 сая төгрөгийн зээлтэй гэжээ. Жил жилээр хөрөнгө орлого нь нэмэгдэж яваа ийм нэг Засаг дарга Архангайг удирдаж байна.

Түүний боловсрол, ажлын туршлагатай танилцъя.

БОЛОВСРОЛ:

  • 1991-1999 онд Архангай аймгийн Булган сумын дунд сургууль,
  • 1999-2001 онд Эрдэнэбулган сумын Хүмүүн 3 дугаар сургуульд суралцаж төгссөн,
  • 2001-2005 онд Соёлын дээд сургуулийг Музейн ажлын арга зүйч-жуулчлал зохион байгуулагч мэргэжлээр,
  • 2011-2012 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын мэргэжлээр дипломын зэрэгтэйгээр,
  • 2018-2019 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны менежмент мэргэжлээр магистрын зэрэгтэй тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА

  • 2005-2008 онд Соёлын дээд сургуульд багш,
  • 2009-2011 онд Архангай аймгийн Мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэд захирлаар,
  • 2011-2016 онд Архангай аймгийн Музейн захирлаар,
  • 2016-2020 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар,
  • 2020 оноос Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар,
  • 2023 оны 02 дугаар сараас Архангай аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

 Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу