Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдаанд холбогдох хууль, дүрэм зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас шалгаж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “…бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх…” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр,

  • Улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 (Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих)-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр,
  • Аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 (Хүний биед халдах)-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан байна.

Харин улсын цолтой нэг бөхийн “барилдаанд унахдаа зүй бус үйлдэл гаргасан” гэх асуудлыг холбогдох баримтуудаар тогтоогдоогүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэжээ.

Сануулахад, өнгөрсөн наймдугаар сарын эхээр улсын баяр наадмаар бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ёс зүйгүй үйлдэл гаргаж, бичлэг нь цахим орчинд цацагдсан таван бөхийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж байсан.

Үндэсний бөхийн барилдааны наймын даваанд Даян аварга Н.Батсуурь, Улсын харцага Ц.Бямба-Отгон нар барилдаж, Н.Батсуурь өвдөг шороодсон. Тэрбээр өвдөг шороодсоныхоо дараа салаавч гаргасан байж болзошгүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн.

Дөрвийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж цэргийн арслан Г.Жамбалдоржийн хүзүүг тохойлдож, биед нь халдсан гэх асуудлаар, гурвын даваанд аймгийн арслан П.Эрхэмжаргал Улсын харцага Л.Лха-Очирт унасан. Улмаар тахимаа өгөх үеэрээ харцага Л.Лха-Очирыг түлхэж, биед нь халдсан асуудлаар шалгагдаж байв.

Мөн Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаанд Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Д.Хүдэрбулга нар барилдаж, Б.Батмөнх заан өвдөг шороодсоныхоо дараа газар цохин боссон тул олон нийтийг үл хүндэтгэсэн гэх үндэслэлээр шалгагдсан юм.

Харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваанд аймгийн начин М.Балжинням сумын заан Г.Мөнх-Ёндонтой барилдсан. Барилдааны дараа тэрбээр сумын заан Г.Мөнх-Ёндонг өшиглөж, тахимаа авахдаа гараараа нидэрч, биед нь халдсан байдаг. Тиймээс түүнийг Зөрчлийн хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр торгож, мөн МҮБХ-ноос гурван жил барилдах эрхийг нь хасссан билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу