Есдүгээр сар шувтарч тэр болгон анзаардаггүй хотын өвс ногоо шаргалтсан байх болжээ. Өглөө оройд нуруугаар жиндэж, автобус хүлээх зуурт чихний үзүүр улаан бор болчих юм. Одоо есдүгээр сар дуусахад долоохон хоног үлдэж. Энэ хоногууд урт удаан байгаасай гэж хүсэхдээ, өөрийн эрхгүй бага балчраа дурсаж тэмдэглэн үлдээхээр ийн бичлээ.

Энэ намрыг та ч би ч бүүдгэрээр хардаг биз ээ. Солонгорсон их шаргал ягаан моддын дээр манан буучихсан байдаг өглөөг бодохоор энэ улиралд хайртай байдаг юм. Бас голлон өгүүлэх зүйл маань хорвоод байдаг хоёрхон үнэн зүйлийн нэгийг өөрийнхөө мэдэрсэн өчүүхэн хүйтэнтэй хамтад нь үлдээхээр шийдсэн явдал.

Шувууны өндгөнд сүүдрээ бүү тусга!

Дөрвөн настай хэр нь эмээлээ түвэхгүй даачихдаг шавилхан хүү байлаа. Тэр жил дүү төрж ээж сумын төвд хэд хоносон хэрэг. Аав бид хоёр хэр нь дээ хэдэн малаа нааш цааш олгож гэр орны ажлаа амжуулж байсан юм. Яг л намрын өдийд. Би гэрээ харж хааяа үлдэнэ. Хөмөрсөн арган дээр суугаад өвөөгийн дурангаар худаг болоод хойд дэрсний хэдэн айлыг дурандана. Онц юмгүй халиурсан л дүр зураг байдаг сан. Гэрт маань онцын хогшилгүй ханхайж, хуучин ганц радио чадлаараа эгшиглэж өнжинө. Гавьяат Батсүхийн “Зөөлөн зөөлөн замбуулин” “Ногоон торгон дээл” тэргүүтэй зохиолын дуу голдуу явна. Тэдгээрийг ганцаараа үлдсэн хүү тун шимтэн сонсдог байжээ. Төвөөс хүн хүч ирэхийг хүлээх хэдэн хоног хачин уйтгартай өнгөрч байлаа.

Тэр өдөр малаа услах гэж худаг руу аавтай цуг явлаа. Хэдхэн хоногийн өмнө бороо орсон ч мал усалчихаар гавьтай тогтох хонхор үгүй ээ. “Хөөрхөн хонгор” гэж хожим нэрлэсэн хонины морио би унаад цогиулсаар худаг хүрэв. Доод дэрсэнд худагтайгаас гадна хадтай уулын энгэр өгсөөд элдэв гоё цэцэгтэй байж билээ. Одоо бодох нь ээ Төв аймгийн Бүрэн сумын Булангаа бригадаас баруун хойш байсан санагдана.

Үдийн алдад үүл улам хурж бүүдгэр болж эхэллээ. Аав худгаас ховоо татах зуур би хадан дээгүүр элдвийг л хайх мэт тоглож явлаа. Харин нүдний үзүүрт нэгэн зүйл торсон нь нэгэн бодгалийн нандин зүйл байсныг тэр өдрөө даанч мэдээгүй юм. Гурван ширхэг өндөг өвсөнд үүрэнд байж ахуй. Учрыг нь таньж мэдээгүй би аавд үзүүлэх гээд хоёр гартаа хавсран бариад гүйж гарлаа. Бакалийн өсгий хэтэрхий хатуу тул уруугаа үсчин буухад хөл өвтгөнө. Аав руу инээвхийлээд гүйж явахад салхи нэмэгдэж сэрүүхэн болж байсан ч бушуухан л үзүүлэх ганц бодол төрсөөр.

Хэсэг бөөн хар үүл худаг голлоод гадаа ч бүрхэг болохуйд би аавын дэргэд амьсгаадсаар ирлээ. Харин аав нэг сөхөө орж над руу харахад хэдийн өнөөх гурвын хоёр нь хагарчихсан байлаа. Зогтусан харах аав минь хэсэг чимээгүй болсноо халаглан толгойгоо илнэ. Намайг зандрах гэснээ болиод “үлдсэн нэгийг нь хагалчхалгүй буцааж тавь” гэнэ. Амьтны үрийг хөнөөснөөс ялгаагүй юм гэж аав нэг чанга зэмлээд морио зэхлээ. Би аахилан дээш гүйж өнөөхөө үүрэнд нь буцаасан юм. Хоёр амь алган дотор минь үгүй болсны хожим ойлгосон сон.

Тэр өдөр буцаж явахад нэг их бороо орсон юм. Асар хүчтэй салхи босож харих замд бид хоёрыг туйлдуулах шахаж байсан даа. Малын зах бүү хэл хажууд яваа аавын морь үл ялиг л харагдана. Усан бороо эгц урдаас цутгаж, амьсгаа давхцуулан хийсгэчих шахна. Харин яг ийнхүү нүргэлээн дунд зүтгэж явахад сүрэг шахам тогорууны дуу хачин чангаар гарч эхэлсэн. ГрранГррунн гээд л аадрын чимээнээс ч давж байлаа. Айх, ядрах зэрэгцсэн би ч мориныхоо зоогоор нөмөрлөж доош тонгойлоо. Гэтэл юу ч юм морины хондлой дээр тас буутал алгадаад авлаа. Нүүрээ шувтран хойш харвал хоёр тогоруу мөргөх шахам нисэн өнгөрсөн юм. Аав морьтойгоо намайг тойрон эргэцэж “Хүү хаа” хашхична. 

Хөндөлдөж явсаар гэртээ ир мал хуйныхаа ажилд орсон юм. Хожим санахад тэр тогоруу шөнөжин гэрийг маань ээрсэн юм. Зуухны амаар галын дөл улааран тусаж гэрийг гэрэлтүүлж, аав гурилтай шөл хийж сууна. Чанга чанга дуугаран нисэлдэж буй тогорууны сүр барааг би одоо ч мартаагүй.

Тэр өдрөөс хэдэн өдрийн дараа ганцаараа гэртээ сууж байвал өрх хуулаад явчхав уу гэлтэй сүр сархий дуу гарав. Гүйн гарвал тоононы дээгүүр тогорууны цуваа нисэн өнгөрсөн байлаа. Тэд маш зөөлөн дугарсаар алслан одож билээ. Амьтны нэгэн үрийг өөрийн гараар үгүй хийснээ нэхэн санахад дотор дэндүү хөндүүр байдаг юм.

Дунд сургуулийн төгсөх ангид ордог намар би ээжийгээ бурханд алдлаа. Цаг нь ирсэн тавилан байсан гэж өөрийгөө тайвшруулна. Өдөрхөн гэрийн тоонон дээгүүр мөн тогорууд нисэн буцахыг хараад хэлж мэдэхгүй их гунигт автаж билээ.

Алган завсар минь үгүй болсон хоёр ангаахайнд ээж хэрэгтэй болж дээ. Тэгээд миний ээжийг аваад одож. Дөрвөн настай байхдаа тогоруудын дууг ямархан чанга байсныг санахад гараад хашхирмаар болсон ч өнөөх дуу улам алсарсаар нисэн одсон юм. Намрын дуу, тогоруудын дуу миний дотор ийн үлдэж, хожим үрдээ  захих үгээ өдөр бүр давтдаг болсон доо.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу