МАН-ын авлигачид шил шилээ даран эхнээсээ шүүхийн танхимд суух болсон. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон “нүүрсний бүлэглэл”-ийн загалмайлсан эцгүүд гэгдэж буй УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг хамаарал бүхий этгээдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. 40 их наядын нүүрсний хулгайн зах зух иймэрхүү янзтай байна.

Олны хараанд орсон “нүүрсний” гэх тодотголтой хулгайн хэрэг хуушуур, буузны хэрэг биш. Маш том зүсэгдсэн бялууны хэрэг болж таарсан. Улс нь “ул” болж байхад хэсэг бүлэг хүмүүс “тул” болж томорсон. Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нар “Биднийг улс төрийн замаар хэлмэгдүүлж байна” хэмээн үгээ хэлж, энэ бүхнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “найруулж” байгаа талаар маш тодорхой хэлсэн.

Энэ мэтчилэн цаашид нүүрсний хулгайн асуудал өндрөө авах ёстой. Шударга шүүх эсэх нь харин шүүхийн хараат бус байдалтай шууд хамааралтай. Хараат бусаар шүүж байгаа гэж итгэе. Гэвч бүх зүйл Ерөнхий сайдын зургаар явж байгаа гэдгийг Б.Ганхуяг хэлчихсэн. Ийм л нөхцөл байдал дунд нүүрсний хэрэг цааш үргэлжилнэ.

Маргааш МАН-ын удирдлагууд, Засгийн газар, нийслэлийн томилгоог баруун, зүүнгүй томилж ирсэн Т.Бадамжунайгийн хэргийг шүүх хурал эхэлнэ. Тэр эдгээр томилгооноос гадна шүүхийг хүртэл томилоход хуруу, гараа дүрж ирсэн байдаг. УИХ-ын гишүүн асан Ц.Нямдоржийн хэлж байсанчлан “Монголын эзэн”-ийг шүүж чадах уу гэдэг эргэлзээтэй.

Филиппин улсад хараар шахуу амьдарч, шүүхээс ял сонсохгүй гэхдээ зугтаж яваад “Шувуу” ажиллагааны хүрээнд эх орондоо баривчлагдан ирсэн ч хагас жил тэр наранд гараагүй. МАН-ын удирдах шатны нэр бүхий зарим хүн “Бадамжунайгийн цаашдын байдалд санаа зовж байна. Үүнд анхаарна” хэмээн мэдэгдсэн ч тэдний анхаарал хүрэхээс өмнө “тархинд цус харвасан” гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл бий.

“Цаст уулын цагаан барс цагаа болохоор шоргоолжинд бариулдаг” гэдэг үлгэр Т.Бадамжунайгийн амьдрал мэт. Түүнийг анх Эрдэнэт үйлдвэртэй холбогдуулан яллагдагчаар татсан ч түүний охин Б.Гаваа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гэр бүлийн хүрээнд авсан мэдээллээр бол, анх яллагдагчаар татагдсан хэрэг нь одоо хэрэгсэхгүй болчихсон. Одоо өөр хэргүүд явж байна. Тэдэнд “Хатгагч, хамжигч” гэдэг агуулгаар холбогдож байгаа юм билээ” хэмээн ярьсан байна.

Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын Бага тэнгэрийн аманд барьсан хаус хорооллын газрыг олгоход нөлөөлсөн гэх агуулгаар яллах гэж байж магадгүй юм. Гэсэн ч намынх нь нөлөө бүхий хүн “Аварна” гэсэн болохоор аварч таарах байх.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл хаана хүрч зогсохыг таах аргагүй. Дэргэдэх Х.Нямбаатараа хуулийн сайдаас нь Хотын дарга болгон илгээж, шударга ёсны тэмцэлдээ гар мухардаж эхэлсэн гэсэн үг. Ямартай ч Монголын шүүх Т.Бадамунайгийн хэрэгт “жулдах уу”, дээрээс өгсөн чиглэлийн дагуу шийдвэр гаргах уу гэдгийг удахгүй бид харах нь ээ.

Э.ТЭРГЭЛ

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу