2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас харвал нийт нутгийн 50 гаруй хувьд их (9% нэн их, 45% их), 40-өөд хувьд дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 10 хувьд бага эрсдэлтэй гэж гарчээ.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлснээр, өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутгаар зудын эрсдэл их зэрэглэлд байгаа аж. Зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсон төвийн болон зүүн бүс нутгаар мөн эрсдэл ихтэй гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэжээ.

Зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, цастай нутгаар эрс хүйтэрсэн, өвс тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж буй аж.

Албаныхан цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлэх юм байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу