АНУ-ын NBC UNIVERSAL компанийн бүтээл SUITS олон ангит киноны олон улсын дөрөв дэх хувилбарыг МОНГОЛ HD телевиз албан ёсны эрхтэйгээр бүтээж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Нээлтийн үйл ажиллагаа өчигдөр (2023.11.29) “Зайсан хилл” цогцолборт боллоо. Энэхүү цувралын жүжигчид, киноны уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Жүжигчин Э.Чинзориг: Гаднын найруулагчтай хамтарч ажиллахад сайн сайхан тал маш олон байсан. Мэдээж соёлын зөрүү гэх мэт багахан асуудал ч мөн гарч байсан. Монголд анх удаа кино павильоныг стандартын дагуу бүтээсэн. Тэр ч утгаараа гаднын найруулагчийн арга барилд нийцүүлсэн, суралцсан үр өгөөжтэй зураг авалт байлаа. 

Мэдээж монгол хувилбар учраас монгол хүний онцлог, соёл сэтгэхүйд тааруулж, мөн найруулгыг нь ч тийн хийгдсэн. Найруулагчийн болон жүжигчдийн чадвараас харахад харилцан бие биеэ хүндэтгэсэн, халуун дулаан уур амьсгалтай зураг авалт болсонд баяртай байна.

Жүжигчин О.Самданпүрэв: Арав гаруй сарын маань хүч хөдөлмөр, баг хамт олны маань хичээл зүтгэлээр амжилттай зураг авалт дуусаж, үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Маш их догдолж, сандарч байна. “Mike”-ын дүр нэлээн ажиллагаа ихтэй байсан. Энэхүү олон ангит кино өөрөө “хуулийн цагаан толгой” гэж явдаг. Дэлхий дахинд төдийгүй манай оронд мөрдөгдөж буй хууль дүрэм заалт бүхнийг агуулсан. Тэр ч утгаараа үг хэллэгийн хувьд ч хүндрэлтэй асуудал гарч байсан. Гэвч тэр бүгдийг туулаад, туршлага судлаад энэ хүрсэндээ баяртай байна. 

Жүжигчин  Н.Баярмаа: Кино багийн хувьд Монголд анх удаа байсан гэж бодож байна. Солонгос, Монгол хоёр улсын мэргэжилтнүүд хамтарч ажилласан, туршлага судалсан сайхан бүтээл байлаа. Гадаадад зураг авалт хийсэн үү гэж асуугаад байдаг. Энэ бол анхны зураг авалтын павильон, Монгол HD телевизийн кино урлагт оруулж буй шинэ өнгө төрх, хувь нэмэр гэж харж байна. Энэ бүгдэд гар бие оролцсондоо ч мөн баяртай байна. 

Жүжигчин  Б.Мөнхнаран: Маш олон хүний сэтгэл шингэсэн бүтээл учраас чанартай, сайн болсон гэдэгт итгэлтэй байна. Мэдээж би мэргэжлийн жүжигчин биш учраас бүх зүйл нь надад сорилт байсан. Алдаа дутагдал байсан ч найруулагчид, жүжигчид маань үргэлж тусалж дэмжиж ирсэн. Миний хувьд маш сайхан, цоо шинэ мэдрэмж байлаа. 

Кино урлагийн нэгэн дэвшил гэж бодож байна. Монголын кино урлаг хэрхэн хөгжиж байгаа вэ гэдгийг заавал харах ёстой учраас хүн бүр үзээсэй гэж хүсэж байна. 

Энэхүү цуврал 2011 оноос хойших АНУ-ын хамгийн өндөр үзэлттэй цуврал бөгөөд Netflix дээр зургаан долоо хоногийн турш 20 тэрбум минутын үзэлт авсан бүтээл, Netflix Америкийн “Шилдэг цуврал”-аар тус тус шалгарч байсан юм.

Мөн уг цувралыг Өмнөд Солонгос, Япон, Саудын Арабын телевиз, студиуд албан ёсны эрхтэйгээр бүтээсэн ба KBS 2 телевизийн хувилбар гэхэд л эфирт цацагдсан цагаасаа хойш нийт дөрвөн тэрбум минутын үзэлт авч, тус телевизийн к-драмууд дундаас эхний аравт жагсаж байжээ. Үзэгч та SUITS олон ангит киног арванхоёрдугаар сарын 3-наас Монгол HD телевизээр хүлээн авч үзээрэй. 

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу