Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсэж, өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэд Шатахуун түгээх станцуудын гадна 3-4 цаг оочерлосон. Уг асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр (2023.12.11) мэдээлэл хийлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

           

Тэрбээр “Сүүлийн нэг сард дизель түлш болон АИ92 автобензинд нийлүүлэлтээс шалтгаалсан хүндрэл учирч байгаад хүлцэл өчье. Түлшний хангалт тасалдаж байгаа гурван шалтгаан байна.

Нэгдүгээрт, ОХУ манай гол ханган нийлүүлэгч. ОХУ өөрөө дотооддоо өнөөдрийн байдлаар өвлийн дизель түлш болон автобензиний хомсдолтой хэвээр байна. Энэ бол тус улсын түүхэнд байгаагүй нөхцөл байдал. Энэ нь манайд шууд болоод шууд бусаар нөлөөлж байна.

Хоёрдугаарт, ОХУ-ын экспорт голдуу баруун тийшээ байдаг байсан бол одоо БНХАУ, БНЭУ гэх мэт Зүүн өмнөд Азийн улсууд руу төвлөрч эхэлсэн. Зүүн Сибирийн хэсэг болоод Алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнээс шалтгаалж, вагон ачигдсан ч орж ирэх хугацаа нь өмнөхөөс хоцролттой болсон.

Гуравдугаарт, манай дотоод асуудал. Нэг талдаа сайн тоо мэдээтэй. Манай нүүрсний экспорт түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн. Энэ бол дизелийн хангамжид шууд нөлөөлж байна. Дунджаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол 60 гарсан. Оны эцэст 70 сая гарах магадлалтай. Томоохон 5-6 уурхай манай нийт дизель түлшний хэрэглээний 60 хувийг эзэлдэг. Энэ нь өөрөө манай эдийн засаг хэр өссөнийг харуулж байгаа юм.

Доголдол үүсэж байгаа шалтгаануудыг хэллээ. Бид ОХУ-тай хамтран ажиллаж байна. Тухайлбал, саяхан манай улсыг хариуцсан Засгийн газрын комиссын дарга, сайд арваннэгдүгээр сарын 28-нд ирсэн. Түүнийг ирснээс хойш бид телеграм групп үүсгэсэн. Монголын талаас уг асуудлыг Ч.Хүрэлбаатар сайд ахалж байна. Тиймээс тус группт Ч.Хүрэлбаатар сайд бид хоёр бий. 

АИ92-ын талаар мэдээлэл өгье.

Сүүлийн гурав хоног иргэд дараалалд зогсож, хүндрэл үүслээ. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс АИ92-ын 90 хувийг нь нийлүүлдэг. Тэндээс бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор ачигддаг. Их хурдтай ирдэг гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар 18 мянган тонн АИ92 замдаа явж байна. Зарим нь ороод ирсэн.

Энэ мэдээллийг мөн нягталж үзэх боломжтой. “Роснефть” компанийн төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод бий. Мөн ГЕГ-аас хилийн мэдээ авч болно.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг далимдуулж үнэ өсгөх гэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Тийм зүйл байхгүй. Цаашид үнэ өсөхгүй. Харин ч бууж байна. Бид 705 ам.доллароор таван жилийн хатуу гэрээтэй. Энэ үнээ таван жилд барина. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй.

Болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг хүсье. Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл манай улсад тийм нөөц байхгүй. Гэхдээ ойрын 2-3 хоногт нөөцийг хангана. “Роснефть” компаниас гадна БНХАУ-аас Евро ангиллын АИ92-ыг нэгдүгээр сард захиалж байна. Мөн ОХУ-ын бусад үйлдвэрээс ч захиалж байна. 

Хүмүүс над руу “Бензин хаанаас авах вэ, надад өгчих” гээд мессэж бичээд байна. Би ойлгож байна. Гэхдээ дандаа ААН-үүд түгээдэг шүү дээ. Улсад нөөц гэж байхгүй. Нөөцөлдөггүй гэсэн үг. Харин онцгой байдалд бэлтгэх журмаар нөөцөлдөг. Гэхдээ үүнийг манай яам мэдэхгүй” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу