Сошиал орчинд хөгжилтэй бичлэгээрээ олонд танигдсан “MEDQ” медиа агентлагийн “Зүүдний кафе” уран сайхны кино оны өмнөөс кинотеатруудаар гарч эхэлсэн.

Цацагдсан даруйдаа олон нийтийн магтаал шүүмжийг зэрэг хүртээд буй уг кино яалт ч үгүй шинэ өнгө төрхтэй болохыг хэн хүнгүй хэлж байна. Эл киног зорьж үзээд, төрсөн сэтгэгдлээ сийрүүлэн хүргэе.

“Зүүдний кафе” гэдэг нэрийг сонсмогц уран зохиолд дуртай хэн бүхэн япон зохиолч Кавагүчи Тошиказүг санах байх. Түүний “Кофе хөрөхөөс өмнө”, “Кафед өгүүлэх түүхүүд” хэмээх бүтээл бий. Эдгээр бүтээлийг уншсан хэн бүхэн өгүүлэх үйл явдлыг мэднэ. Өнгөрсөнд очих боломжтой нууцлаг нэгэн кафе тэнд байдаг. Хүсэж, хүлээж, тэмүүлж байж тэнд очих боломж нээгдэж хэсэгхэн зуур хайртай хүнтэйгээ уулздаг. 

“MEDQ” медиа агентлагийн залуус тэр чигээр нь хуулбарлачихсан нь яагаад ч юм ил байгаад байна. Өөрсдөө мэдэж байгаа гэдэгт эргэлзэх юун. “Хүний өмнөөс ичих хэцүү” гэдэг худлаа ч үг биш юм.

“Хэрэв та өнгөрсөн рүү буцах боломж олдвол хэнтэй уулзах вэ” гэх үг бол  ‘Кофе хөрөхөөс өмнө’ романы түлхүүр өгүүлбэр. Гэтэл энэхүү кино эхлэхээсээ л энэ үгийг ашиглаж, дуурайж хуулж байгаа нь дэндүү бүдүүлэг байлаа.

Утга санааны хувьд зууны 90 хувийг нь хуулсан. Гэхдээ үүнийг түр ярихаа болиод, үзэж суухдаа юу мэдэрснээ хуваалцъя.

… Цэцгийн дэлгүүрт гуньж гутарсан ганц эмэгтэй байх аж. Тэр бүхнээ алдсан дэндүү гунигтай нэгэн. Байнга идээд дасчихсан хоол шиг монгол кинонуудаас харин өнгө, дуу, хэлбэрээрээ онцгой болжээ. Мэргэжлийн жүжигчид биш ч гэлээ тэд өгүүлэх түүхдээ сайн орсон байна. Гуниглаж, гутарч, цөхөрч чадаж байгаа нь мэдрэгдэнэ. Хэтрүүлэггүй, хүчлээгүй энгийн байгаа нь үзэхэд тухтай болгож байв.

“Хайртай хүнтэйгээ хамт амьдарч чадахгүй байх” хамгийн гунигтай зүйл…

Өнгө тавилт, план, зураглалууд содон байлаа. Энгийн болоод тайван мэдрэгдэх өнгө аяс.

Зүүд хэр бодит вэ? Зүүдний өнгө ямар байдаг вэ?

“Замын гэрэлд хашааны саарал банз ямар дурсамжтай харагддагийг мартах шахаж. Зуны шөнө, унадаг дугуй, бороо, гэрэл… Дурсамж” энэ бүгдийг тайван сууж үзэхдээ өвлийн үдэш гэдгийг мартах шахав.  Үүнд бол баяртай байна.

Шалба норчихсон цув шигээ доторх хүн нь ч норж орхижээ.

Сэтгэл нь шаналсан хүмүүс андашгүй дээ. Идэж ч чадахгүй, унтаж ч чадахгүй. Инээдтэй зүйл сонсоод, инээж ч чаддаггүй юм. Гуниглаад, гуниглаад л байдаг юм. Эл үгийг зөөлхөн хэлсэн ч “хүч” нь мэдрэгдэх шиг болов.

Хорвоод нэгэнт үгүй болсон түүнийхээ гарыг атгах ямар мэдрэмж бол? Танд дэрээ нортол уйлаад сэрсэн түүх байж магадгүй. Жаргалтай хэсэгхэн хугацааны зүйлсэд автаж байснаа гэнэт сэрчихээр хөндүүр хоосон байдаг даа.

Дотор хүнд оргиход үг ч гардаггүй шүү дээ. Киноны зарим хэсэгт та үүнийг жинхэнэ мэт мэдэрч болох байх. Тэд их олон яриа, үйл хөдлөлгүйгээр илэрхийлж чаджээ.

 

Тэврэх, уйлах, дахин уйлах, нулимс хацар халуу оргиулан урсах … Хэтэрхий их шаналсан ажээ.

Догдлол, гэмшил, уужралт… Гэвч энэ бүхэн зүүд гэдгийг үе үе мэдэрнэ. Хэцүү хүнд оргисон мэдрэмж юм.

Кино хийцийн хувьд эл хуль бусад явуургүй “кинонцор”-оос хавьгүй дээр юм. Үүр цайх шиг аймшигтай зүйл харин энд алга. Гэвч тэр зүүдэндээ ч атугай жаргалтай, хайртай хүнтэйгээ хамт байж үзсэн. Одоо хангалттай. Хорвоо үүнээс ч илүү хатуу.

Маргаашгүй юм шиг хайрлаж… гэх МУГЖ Б.Сарантуяагийн дуу төгсгөлийн хэсгийг дэндүү гоё чимжээ. Үйл явдал өрнөж буй орчны өнгө аяс, сэтгэл хөдлөлд яг таарсан дуу байлаа. Баярлалаа.

Япон зохиолчийн романаас арай холдуулж өмөөрөх ганц зүйл нь “зарим нэг зангилаа” байсан. Жишээ нь, “хаалгаа хаалгүй үлдээсэн учраас дахин нэг удаа зүүдэнд нь шагайсан” гэх утга бүхий үзэгдэл. Бусдаар утга агуулгын хувьд зөвтгөж болохооргүй хуулбарласан хэдий ч хэлбэр хийцийн хувьд чармайхын дээдээр чармайжээ.

Өөр зохиол, утга агуулга байгаад ингэж кино хийсэн бол магтахын дээдээр магтаж сайшаах сан. Гэвч боломжгүй юм.

Үзэх үед сэтгэл догдлуулж, үнэ цэн, дурсамжийн тухай өгүүлж, бүх л хүний дотрыг хөглөж чадахаар байлаа. Гэхдээ оюуны өмчийн тал дээр энэ киног өршөөж болохгүй. Ядаж эхлэхийнхээ өмнө тус “зохиолоос сэдэвлэн бүтээв” гээд нүглийн нүдийг гурилаар хуурчихсан бол хэсэгтээ болох байсан биз.

Япон зохиолч өөрийнх нь роман манайд кино болчхоод гарч байгааг харвал “харвачхаж” ч мэдэх юм. Чадах чинээгээрээ нямбай хийсэн киног мэдэх нэг нь толгой сэгсрэн халаглаж, мэдэхгүй нэгэн харин санаа алдан ширтэх аж.

Монголд кино урлаг хөгжихгүй гэж хэлж болохгүй ч чанартай зохиол бүтээл арай л “хойгуур” харагдлаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу