“Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хөвгүүд, эрэгтэйчүүдийг татан оролцуулах нь” сургагч багш бэлтгэх сургалт дөрөв дэх өдрөө болж өндөрлөлөө. Уг сургалтын үеэр мэргэжилтнүүдийн байр суурийг сонсож дараах мэдээллийг бэлтгэснээ хүргэе.

-Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүйгээс болж эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалдаг-

 

Жендэрийн үндэсний хорооны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг:

Манай улсын нийт хүн амын 49.1 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлдэг. Гэтэл тэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд маш муу хамрагдаж байна.

Үндэсний хэмжээнд дундаж наслалтын зөрүүг тооцох судалгаа гарсан юм. Энэ судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.7 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 10 жилээр богино насалж байна гэсэн үг.

Үүнд нөлөөлж байгаа хамгийн чухал зүйл нь эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаардаггүй явдал.

Нас барж буй эрэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 85 хувь нь хорт хавдар, зүрх судасны өвчлөлийн улмаас харамсалтайгаар хорвоог орхиж байна.

Харин үлдсэн 15 хувь нь амиа хорлолт, үйлдвэрийн осол, зам тээврийн осол зэрэг золгүй явдлаар нас барж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн амьдралын чанарт дундаж наслалтын зөрүүнээс гадна жендерийн хэвшмэл ойлголт маш хортойгоор нөлөөлдөг.

Эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас харахад, 25-30 насны эрчүүд огт эмнэлэгт ханддаггүй. Бусад насныхан нь зөвхөн хүндээр өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг юм билээ.

Эрчүүд автомашинаа жил бүр оношилгоонд оруулдаг хэрнээ бие эрүүл мэнддээ хайхрамжгүй ханддаг нь түгээмэл боллоо. Энэ нь амьдралын чанар, цаашлаад нийгмийн ажил хөдөлмөрийн тэнцвэргүй байдалд хүргэж байгаа юм.

Эрэгтэйчүүдийн наслалт багасах тусам өрх толгойлсон эмэгтэйчүүд ихсэж байна.

Энэ нь эргээд нийгмийн амьжиргааны төвшин, ажилгүйдэл, ядууралтай шууд холбогдоно. Мөн нийгмийн сэтгэлзүйн байдалд ч муугаар нөлөөлж байдаг.

Монголчууд бага наснаас нь үр хүүхдэдээ буруу ойлголт, хандлагыг бий болгосоор ирсэн. Охин хүүхдээ сургууль соёлд явуулж, хөвгүүдээ аж амьдралдаа дэм болж яваг, хар ажил хийг, мал дээр гарга гэдэг. Хүү яахав дээ, охиноо л боловсролтой болгож байвал гэх мэтээр.

Ингэж жендэрийн тэнцвэргүй байдлыг бий болгосоор л байсан.

Одоо үүний үр дүнд их сургуульд  89 мянга эмэгтэйчүүд, 57 мянга эрэгтэйчүүд суралцаж байгаа юм.

Нийт хөдөлмөрийн насны хүн амын 61.6 хувь нь эрэгтэйчүүд 46.8 хувь нь эмэгтэйчүүд, өрх толгойлсон хүн амын 16 мянга нь эрэгтэйчүүд 70 мянга нь эмэгтэйчүүд байгаа юм. Энэ тооноос харахад ажил үүргийн хуваарь, нийгмийн байр суурийн хувьд ч мөн тэнцвэргүй байдал бий болсоор байна.

Мөн жендэрт суурилсан хүчирхийлэлд ч эрэгтэйчүүд өртдөг. Дан ганц бие махбодийн хүчирхийлэл бус сэтгэл зүйн хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл гэх мэтчилэн үйлдлүүд гарсаар л байгаа. Бид үүний эсрэг тодорхой шат дараалалтай ажлуудыг хийсээр л байна. Хэвшмэл ойлголтоос ангижрах, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтоос салахын тулд чадавхжуулах ажлууд хийж байна. Тухайлбал, 21 аймагт жендэрийн сургагч багш нарыг бэлтгэж байна. Энэхүү багш бэлтгэх сургалтад эрэгтэйчүүдийг түлхүү оролцуулахаар зорьж байгаа юм.

-Орон гэргүй иргэдийн 90 хувь нь эрчүүд байна-

“Өлзийт Асар ТББ”-ын захирал Л.Баянмөнх:

-Архины хамааралд өртсөн иргэд амьдрах үнэ цэнэгүй болох үзэгдэл буурахгүй байна. Тэд өөрсдийгөө өөрчлөгдөх боломжгүй гэж үзээд, гүн автсан байдаг.  Өөрчлөгдөх боломжгүй гэдэг нь жендэрийн асуудлыг хөндөж байгаа юм.

Манай байгууллагад нийгмээс гадуурхагдсан иргэд буюу орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай иргэд ирдэг. Энэ иргэдийн 90 хувь нь эрчүүд байна.

Зөвхөн архи хэрэглэдэг хүмүүс л донтож, орон гэргүй болж, гэмт хэрэг үйлдэж байна уу? гэвэл өрөөсгөл. Хүүхэд наснаасаа жендэрийн гадуурхалд өртөж, нийгмийн хандлагад гадуурхагдсанаас үүсэлтэй. Боловсрол муу, гэрийн хүмүүжил хангалтгүй байснаар энэ иргэд байсаар байгаа юм. Бусдаар гэнэт гараад ирсэн эсвэл зугаа цэнгэл хөөж явсаар ийм болсон хэрэг бас биш юм.

2018-2021 оны бүртгэлээр 800-1300-аад орчим орон гэргүй иргэд нийслэл хотод байна. Үүний ч мөн 90 хувь нь эрчүүд байна. Үүнийг зөвхөн архидалт, ядууралтай холбож боддог байсан. гэтэл үүний цаана эр хүний үнэлэмж, жендэрийн асуудал, үүрэг хариуцлага хэт их бий болгох, ачаалал, хүлээлтийг маш их бий болгосноос үүсэж байна. Энэ сэтгэлзүйн ачаагаа давах гэж явсаар эцэст нь сэтгэлзүй, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа юм. Монгол эр хүн ийм байх ёстой гэж зүтгэсээр байгаад архи тамхины буруу хэрэглээ, эрүүл мэндийн доройтолд орсоор байна.

Хаалганы наана архидалт, ажилгүйдлийн тухай яригдсан ч хаалганы цаана өнөөх л жендэрийн асуудал орхигдож байгаа юм.

-Орон нутагт жендэрийн тухай ойлголт муу байдаг-

Баянхонгор аймгийн Политехник Коллежийн барилгын мэргэжлийн багш С.Үүрцайх:

-Манай сургууль мянга орчим оюутан сурагчтай. Үүнээс харахад үйлчилгээний салбар болох үсчин гоо сайхан, тогооч, оёдолчны ангид эмэгтэй сурагчид байдаг. Барилга, авто техник чиглэлээр эрэгтэйчүүд суралцдаг үзэгдэл байсаар л байгаа. Сүүлийн жилүүдэд харьцангуй чөлөөтэй, эрх тэгш болсон ч нийгэмд маань өнөөх хэвшмэл ойлголт байна.

Дэлхийн барилгын ур чадварын тэмцээнд эмэгтэй сурагч оролцож амжилт гаргаж байсан. мужааны тэмцээнд мөн оролцож шагнал хүртэж байсан юм. Үүнээс харахад зөвхөн эмэгтэй хүний хийх ёстой ажил гэж байхгүй. Зөвхөн эрэгтэй хүний хийх ёстой ажил ч гэж байхгүй.

Орон нутгийн хэмжээнд анх удаагаа сургагч багш бэлтгэх сургалт явагдаад өнөөдөр дуусаж байна. Энэ ажил нь орон нутагтаа очоод энэ жендэрийн түгээмэл ойлголтыг өөрчлөх, хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулах боломж олголоо гэж харж байна. Нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, түгээмэл ойлголтыг өөрчлөхөд бидний ч оролцоо чухал байгаа юм.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу