Энэ цаг үеийн хамгийн чансаа өндөр сумын заан цолтнуудын нэг, Хэнтий аймгийн Галшар сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, сумын заан Дэлгэрийн Цэрэннямтай ярилцлаа. 

-Сумын цолтой бөхчүүдийн барилдаанд долоо дахь удаа үзүүр түрүү булаалдан, хоёр дахь түрүүгээ хүртлээ. Мөн олон удаа шөвгөрсөн. Түрүүлсэн хоёр барилдааныхаа талаар ярихгүй юу?

-Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион явуулдаг Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд олон ч удаа барилдаж, үзүүр түрүү булаалдсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын барилдаанд анхны түрүүгээ Завхан аймгийн Түдэвтэй сумын харъяат, сумын заан Д.Хандсүрэнгээр ес давж хүртсэн. Энэ сарын 6-ны өдөр болсон 113 дахь удаагийн барилдааны үзүүр, түрүүд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харъяат, сумын заан М.Баасанжавтай таарч, түрүүлсэн.

Энэ хоёр түрүү бол намайг дэмждэг үзэгчдийг олон жил хүлээлгэсэн, хүсэн хүлээсэн түрүү байсан. Дэмжиж буй хүмүүсийнхээ итгэлээр тасралтгүй бэлтгэл хийж, маш их хөдөлмөрлөсний үр шим гарлаа.

-Таныг барилдахынхаа өмнө “Үлэмжийн чанар” дууг сонссон гэж дуулсан. Өмнө нь та энэ дууг сонсдог байв уу, эсвэл Д.Амарсайхан начин уг дууг сонсож, Ерөнхийлөгчийн цомыг өргөсөн болохоор сонсов уу?

-Барилдаан болохын өмнөх орой фэйсбүүк үзэж байтал “Үлэмжийн чанар” дуу гарч ирэхээр нь бэлгэшээж, шэйр хийсэн. Тэр үед найзууд маань “Түрүүлнэ биз дээ” гэхэд нь “Тэгнэ ээ” гээд ам гарчихсан. Миний бэлтгэл ч сайн, түрүүлнэ гэсэн зорилготой байсан юм.

“Үлэмжийн чанар” дууг орой унтахын өмнө, өглөө босоод, Бөхийн өргөө рүү явж байхдаа сонссон. Бас нэг бэлгэшээлтэй зүйл болсон нь нутгийн маань эгч тэр өдөр шинэ дээл оёж, авчирч өгнө гэж ярьсан. Шинэ дээлтэй болсон болохоор шинэ малгай авъя гээд, “Монгол жудаг” орсон. Дөрөв давчихаад, суудалд суухаар явж байтал эгч дээлээ барьж орж ирж таарсан. Ингээд шууд шинэ дээлээ өмсөөд, дотогшоо орсон. Шинэ дээл, шинэ малгайтай түрүү хүртсэн, сайхан санагдсан.

-Өөрийнхөө хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр авсан шагналын мөнгө хэн бүхэнд сайхан шүү дээ. Таныг ихэр охидтой гэж дуулсан. Шагналынхаа мөнгөөр охидоо баярлуулахаар яарч, догдолж гэртээ харьсан болов уу?

-Өглөө гэрээс гарахад манай охин “Аав явах гэж байгаа юм уу” гэхээр нь “Аав нь барилдахаар явлаа” гэхэд “Амжилт, хайртай шүү” гээд намайг үнссэн. Тэгээд “Аав, та зайрмаг авч ирэх үү” гэхээр нь “Тэгнэ, тэгнэ. Аав нь түрүүлчихээд, зайрмаг аваад ирнэ” гээд ам гарчихсан. Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй юм билээ.

Тэмцээн дуусаад, шагналынхаа мөнгөөр гэртээ хэрэгтэй зүйлс, охиддоо зайрмаг, хүүдээ сүүг нь аваад харихад үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Хэлсэндээ хүрчихсэн болохоор ч тэр үү, нулимс цийлэгнээд байсан.

-Улсын том цолтой ихэнх бөх “Сумын заан” хэмээх цолоос амжилтын шангаа татсан байдаг. Сумын цолтой бөхчүүдийн барилдаанд хүч үзсэн цагаас хойш таны хувьд хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байв?

-Үзүүр, түрүүнд барилдаж байсан бүх залуус миний хувьд хүчтэй, бяртай өрсөлдөгчид. Нэр цохоод хэлбэл, Архангай аймгийн цэргийн начин Лхагвасүрэнг би хоёр удаа амалж аваад, хоёуланд нь унаж байсан юм.

-Та хаана төрж өссөн бэ?

-Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын Төгрөг Жаргалант гэдэг газар төрж, өссөн. Манай нутаг хангай, говь хосолсон сайхан нутаг.

-Айлын хэд дэх хүүхэд вэ. Багадаа ямар хүүхэд байв?

-Дээрээ гурван ахтай, айлын бага болохоор даруулгатай, хичээл номдоо шамдсан хүүхэд байсан. Долоодугаар ангиасаа барилдаж эхэлсэн.

-Жүдо бөхөд хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Би 2012 онд Япон улсын Нисэхийн академид суралцаж байсан. Энэ үедээ жүдо бөхийн секцэд явж, сууриа тавьсан.

-17 насандаа сумын заан цол хүртэхэд тань жүдогийн суурь нөлөөлсөн үү?

-Японоос ирээд, жүдогийн бэлтгэлийн хажуугаар үндэсний бөхөөр 2020 оны есдүгээр сараас хичээллэж эхэлсэн. Багаасаа үндэсний бөхөд сонирхолтой байсан. Би гурван ахтай. Ах нар минь үндэсний бөхөөр барилддаг байсан. Ах нараа дуурайгаад, бөхөд сонирхолтой болсон. Одоо гэр бүлийнхнээсээ ганцаараа барилдаж байна. Тууштай хичээллэж амжаагүй байтал  коронавирусийн халдвар тархаж, завсарласан.

Анх 2013 онд Галшар сумынхаа тойргийн барилдаанд түрүүлээд, сумын заан цол авсан. Төрсөн ахтайгаа үзүүр, түрүүнд үлдэж, ах минь сумын заан цолтой болгож байсан. Гэхдээ энэ цол тойргийн цол юм. 2018 онд сумын наадамд түрүүлж, заан цолоо хүртсэн. 

-Бөх бүр өөрийн барилдааны онцлогтой. Та ямар мэхээр олон даваа авч байв?

-Сэрвүү барьцаас тахимдах мэх хийдэг. Зөрүүлээд тохой алгадаад тахимддаг. Түүгээрээ олон даваа авч байсан. Сүүлийн хоёр барилдаанд бусгаа мэхээрээ түрүүлсэн.

-Сэтгэлд тод үлдсэн барилдааныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд үзүүр, түрүүнд долоон удаа үлдлээ. Долоон өөр залуутай үзүүр, түрүү булаалдсан. Эдгээр залуустайгаа хийсэн барилдаан сэтгэлд хамгийн тод үлдсэн. Ялангуяа үзүүрлэсэн барилдаануудаа их боддог. Унасан болоод ч тэр үү.

-Ямар бөхөөс үлгэр дуурайл авч, суралцдаг вэ?

-Үлгэр дуурайл авдаг бөх маань Г.Эрхэмбаяр аварга. Сайхан жудагтай бөх гэж хайрлаж, хүндэлж явдаг. Миний бөхөд дуртай болсон шалтгаан бол “Зургаан залуу заан” нэвтрүүлэг. Намайг бага байхад миний бага ах нэгэн барилдаанд шөвгийн дөрөвд үлдэж, “Зургаан залуу зааны 100 шилдэг барилдаан” CD-гээр шагнуулж байсан юм. Тэдний барилдааныг үзчихээд, Д.Сумъяабазар аварга шиг л болох юмсан гэж мөрөөдөж, барилдаж эхэлсэн. Тэгээд би хүүхэд байхдаа гэртээ сунайдаг, суулт хийдэг, ахаараа мэх заалгаж, бөхөд хайртай, сонирхолтой болж байсан юм даа.

-Тамирчны замнал сонгосноор ямар төлөвшилд суралцсан бэ?

-Зөв амьдрах ухаанд суралцсан. Муу зүйлд уруу татагдахгүй, сайн тамирчин байхын зэрэгцээ сайн хүн байх ухаанд суралцаж байна. 

-Та бөх хүн ямар байх ёстой  гэж боддог вэ?

-Сүүлийн жилүүдэд найраа, допинг гэх мэт асуудлууд гарч байна. Эдгээр асуудлаас бөх хүн ангид, шударга байж, энэ спорт удаан хугацаанд оршин тогтоно гэж боддог. 

-Цаашдын замнал, зорилгоосоо хуваалцахгй юу? 

-Цаашдын замнал маань миний өөрийн хичээл зүтгэлээс хамаарна. Улсын цолд хүрэх том зорилго тавиад, хичээж байна. Олон жил барилдаж, бэлтгэл хийсний үр шим удахгүй гарах байх. Өөрийнхөө хүрэх хэмжээ хүртлээ хөдөлмөрлөнө гэж боддог. 

Залуустаа хандаж хэлэхэд, хүн шударга, тууштай байвал амжилтад хүрнэ. Хамгийн гол нь зөв сэтгэлтэй, муу муухай зүйлээс л хол байх хэрэгтэй.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу