Хүн амын нас баралтын зонхилох шалтгаануудын нэг бол “зүрх судасны өвчлөл”. Монголчуудын буруу хооллолт, хорт зуршил, эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй байдал зэргээс ихэвчлэн шалтгаалдаг.

2022 онд хийсэн судалгаагаар жилд 5000 гаруй хүн зүрх судасны өвчлөлөөр нас бардаг аж. Сүүлийн 20 жилийн хугацаанд хүн амын нас баралтын шалтгааныг авч үзэхэд, нэгдүгээрт зүрх судасны өвчин буюу жилд 5000-6200 тохиолдол, хоёрдугаарт хавдар 3000-4500 тохиолдол, гуравдугаарт гэмтэл, хордлого, гаднын шалгаант болон бусад эмгэг (2500-3000) орж байна.

Зүрх судасны өвчин (ЗСӨ) гэдэг нь зүрх болон судасны бүлэг эмгэгүүд юм. Үүнд:

  • Зүрхний титмийн эмгэг-зүрхний булчинг тэжээгч судасны эмгэг
  • Тархины судасны эмгэг-тархийг тэжээгч судасны эмгэг
  • Захын артерийн эмгэг-гар болон хөлийг тэжээгч судасны эмгэг
  • Зүрхний хэрх (ревматизм) өвчин-стрептококкын шалтгаант хэрхийн халууралтаас үүдэлтэй зүрхний булчин болон хавхлагын гэмтэл
  • Зүрхний төрөлхийн эмгэг-зүрхний бүтцийн төрөлхийн гажигууд
  • Гүний венийн тромбоз ба уушигны эмболизм-хөлийн венийн нөж бөгөөд энэ нь тасарч уушги болон зүрх рүү шилжиж болно

Энэхүү өвчлөлийн хамгийн гол хүчин зүйлийн нэг нь тамхи. Насан туршдаа тамхи татсан хүн тамхидалтаас болж 10 жилийн өмнө нас барах эрсдэл 50% нэмэгддэг буюу хэд наслах байсан хугацаанаас 10 жилээр богино насална гэж Европын зүрх судасны нийгэмлэгийн судалгаанд дурдсан байдаг. Тэгэхээр хамгийн эрсдэлтэй өвчлөлөөр өвдөхгүйн тулд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавих ёстой.

Зүрх судасны өвчиний үед ямар түгээмэл шинж тэмдэг байдаг вэ?
  • Цусны судасны эмгэгийн үед ихэнхдээ үндсэн шинж тэмдэг байдаггүй. Зүрхний дайрлага (heart attack) юмуу харвалт нь өвчинг илтгэх анхны анхааруулга байж болно.
  • Зүрхний дайрлагын шинж тэмдэгүүдэд: цээжний төв хэсгээр эвгүй оргих юмуу өвдөх, гар, зүүн мөр, тохой, эрүү юмуу ар нуруугаар эвгүй оргих юмуу өвдөх орно. Түүнчлэн тухайн хүн амьсгалахад хэцүү болох юмуу амьсгал богиносох, бөөлжих цутгах юмуу бөөлжих, толгой эргэх юмуу ухаан балартах, хүйтэн хөлс цутгах, цонхийж цайх зэрэг шинжүүд байж болно.
  • Эмэгтэйчүүдэд амьсгал богиносох, дотор муухайрах, бөөлжих, ар нуруу болон эрүүгээр өвдөх шинжүүд илүүтэй байна.
  • Харвалтын ихээхэн түгээмэл шинж тэмдэг нь гэнэт нүүр, гар, хөл сулрах энэ нь ихэвчлэн биеийн нэг талд илрэх юм. Үүнээс гадна нүүр, гар, хөлөөр гэнэт мэдээ алдах энэ нь ялангуяа биеийн нэг талыг хамарч илрэх, ярихад хэцүү болж ээдрэх, яриаг нь ойлгоход хэцүү болох, нэг юмуу хоёр нүдээр харахад бэрхшээлтэй болох, явахад бэрхшээлтэй болж толгой эргэх, тэнцвэр болон координаци алдагдах, шалтгаангүйгээр толгой хүчтэй өвдөх, ухаан балартах юмуу ухаан алдах зэрэг бусад шинжүүд илэрнэ.
  • Эдгээр шинж тэмдэг илэрсэн хүмүүс яаралтай эмнэлэгийн тусламж эрэх шаардлагатай.

Зүрх судасны өвчинд өртөгдөх эрсдэлийг тухайн хүний амьдралын хэв маяг, зуршил, зан үйл болон бусад өвчлөл тодорхойлж байдаг. Эдгээр эрсдэлт хүчин зүйлүүд архаг хэлбэрээр явагдаж буй бусад өвчилсөн өвчний явцыг ч улам хүндрүүлнэ. Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлийг та амьдралын зөв хэв маяг, өөрийн ухамсраар зохицуулж, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Жишээлбэл,
• Цусны даралт ихсэлтийг хянах
• Зохистой хооллолтоор цусан дахь өөх тосны түвшинг хэвийн байлгах
• Биеийн жинг барьж, чихрийн шижин (чихрийн шижингийн урьдал үед нь) хянах
• Тамхинаас татгалзах
• Архи согтууруулах ундааг зохистой хэмжээнд хэрэглэх
• Хоолны зохистой дэглэм барьж илүүдэл жин, таргалахаас сэргийлж зүрхэнд өгөх
ачааллыг багасгах.
• Хөдөлгөөний идэвхтэй байж цусан хангамжийг нэмэгдүүлэх
• Гэр бүлийн гишүүн зүрх судасны өвчнөөр эрт өвчилсөн түүхтэй бол урьдчилан
сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах

No photo description available.

Эрүүл бус хооллолт болон хөдөлгөөний дутагдалын нөлөөг тухайн хүний цусны даралт ихсэх, цусан дахь глюкоз, липид ихсэх илүүдэл жин болон таргалалттай холбоотой гэж үзэж байна. Эдгээрийг завсрын эрсдэлт хүчин зүйл гэнэ. Үндсэн засагдах эрсдэлт хүчин зүйлс нь зүрхний титмийн эмгэг болон тархины судасны эмгэгүүдийн 80% орчимд чухал үүрэгтэй байдаг.

Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь хамгийн зөв алхам юм. Жорын дагуу хэрэглэх эм бэлдмэл ууж болох ч амьдралын хэв маягаа өөрчилж чадсанаар артерийн даралт 20 мм муб-р багасдаг байна. 

 zurh-sudasnii-owchin

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН БУУРУУЛАХ 4 зөвлөмжийг хэрэгжүүлэхийг санал болгоё. Жингээ барь, зөв зохистой хоолло, идэвхтэй хөдөллөө, тамхи бүү хэрэглэ. Мөн та дасгал хөдөлгөөнийг ямар ч байдлаар хийж болох юм. Жишээ нь, 

  1. Ажлын байрандаа цахилгаан шат хэрэглэхгүй байх
  2. Ажлын утас болон хэрэгтэй зүйлсээ өөрөөсөө хол байлгах
  3. Ажлын байрны дасгал хийх
  4. Гэртээ гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийх /бүжиглэх, гэрээ цэвэрлэхдээ дасгал хийх/

Та хаана ч байсан идэвхтэй хөдөлгөөн хийхийг эрмэлзээрэй. Энэн нь эрүүл мэнд амь насаа хамгаалж буй хамгийн чухал алхам болно.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу