Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас өнөөдөр (2024.02.20) улаанбуудайн хивэг болон малын нэмэлт тэжээлийн импортын талаар мэдээллээ. 

ГЕГ-ын Статистик дүн, шинжилгээний хэлтсийн дарга Б.Баясгалангийн мэдээлснээр, он гарснаас хойш 65 аж ахуйн нэгж 1.9 сая ам.долларын 13,782.3 тонн улаанбуудайн хивэг импортолсон байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.5 мянган тонноор буюу 119 хувиар өссөн үзүүлэлт аж. Улаанбуудайн хивгийг зөвхөн ОХУ-аас буюу Алтанбулаг, Сүхбаатар боомтоор импортолсон байна.

Малын малын нэмэлт тэжээлийн хувьд 521 ам.долларын үнэ бүхий 1,083.4 тонныг энэ онд импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0,7 мянган тонноор буюу 219.1 хувиар өссөн дүн бөгөөд ОХУ-аас 0,8 мянган тонн, БНХАУ-аас 0,3 мянган тонныг тус тус импортолсон байна.

ХХААХҮЯ-ны харъяа “Малчин лавлах-109” мэдээллийн төвөөс мэдээлснээр, хоёрдугаар сарын 19-ний байдлаар өвс тэжээлийн үнэ ханш дараахь байдалтай байна.

Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тн өвс, тэжээлийг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу өчигдрөөс орон нутаг руу тээвэрлэлт хийгдэж буй. Мөн Засгийн газрын сайд нараар ахлуулсан малчдад туслах шуурхай 6 бүлэг орон нутгуудад ажиллахаар замдаа гарсан билээ.

Монголын нийгэм, эдийн засгийн гол түшиц тулгуур болсон мал, аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу