Орчин цагийн Зэвсэгт хүчний 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” өнөөдөр (2024.03.18) тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын хилийн цэрэгт цор ганц үйл ажиллагаа явуулдаг инженер техникийн 0252-р тусгай ангийг онцолж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Хилийн инженерийн 0252-р анги Монгол Улсын хилийн бүрэн бүтэн байдлыг хангах онцгой нөхцөлтэй тусгай үүрэг биелүүлэхээр үүсэн байгуулагдсанаас хойш 51 жилийн баялаг түүхийг бүтээсэн. Өдгөө ч хил хамгаалал, бүрэн бүтэн, халдашгүй байдлын төлөө ажилласаар буй.

Тус ангийн үе үеийн ажилчин, албан хаагч, хугацаат цэргийн алба хаагчид “хилчин инженер”-ээр овоглож явснаа бахархан дурсдаг билээ. Багануурын хөндийд ийнхүү жагсаалын дуу 50 жил тасралтгүй цуурайтсан байна.

Гуравдугаар сарын 17-ны өдөр. Цэлгэр жагсаалын талбай голлон, домогт 14 хилчин баатрын хөрөг бүхий хүндэтгэлийн хөшөө харагдана. Амралтын өдөр таарсан тул ангийн хашаанд нам гүм. Штабын дарга Ц.Үржиндэлгэр биднийг угтаж, ангийн үйл ажиллагаатай танилцууллаа. 2023 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн цэргүүдтэй ярилцах, хөөрөлдөх саналыг маань хүлээн авч, “Инженерийн рот” руу орцгоолоо. 

Үүдээр орвол ээлжтэн хугацаат цэргийн алба хаагч (ХЦАХ) “Эрхэм дэд хурандаад, ротын ээлжтэн байлдагч М.Мөнхсайхан” хэмээн илтгэнэ. Мөн ротын жижүүр дэд түрүүч ХЦАХ “Рот номхон” команд өгөөд, штабын даргад үйл ажиллагааг илтгэнэ. Бүгд дэг журамд ягштал суралцсан нь бэлхэн харагдана. Цагаан зах даавуу хүзүүг нь тэгш чамин ороон цухуйж, хар гутлын хоншоорт заалны гэрэл ойн гялалзана. Цог золбоотой, эрч хүчтэй дүр төрх ротын хаалгаар орсноос эхлэн мэдрэгдлээ. 

Инженерийн ангийн ХЦАХ-д нь хил хамгаалах ерөнхий газрын тушаалаар улсын хилийн тусгай томилгооны дагуу ажилладаг. Үе үеийн хилчин инженерүүд ХЦАХ-ынхаа хамтаар улсын хилийн шугамыг дайран гарсан төмөр зам, авто зам, газрын тос, хий дамжуулах хоолой, холбоо, цахилгааны шугам, гүүр, усны далан, хашлага болон бусад байгууламж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалалтад дэмжлэг үзүүлэх зориулалт бүхий саад, мөр хянах зурвас, зам, гүүр, хянах цамхаг, холбоо, дохиолол хяналтын техник хэрэгсэл, замын хаалт болон бусад байгууламжийг барьж байгуулах үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр иржээ. 

Энэ удаад томилгоот бүлэг гараагүй бөгөөд цэргүүд дотоод ажлыг гүйцэтгэн, ангийн төвд байгаа юм байна. Аравдугаар сард ирсэн цэргүүд одоо л нэг хөл, гарынхаа учрыг олж, хөдөлгөөн ажиллагаа нь жигдэрсэн хэмээн ротын захирагч ярилаа. Үнэхээр л эхний хэдэн сар учраа олохгүй, биеэ бариад, их л хэцүү байсан тухай цэргүүд ч мөн ярьсан юм.

Ротын нэгдүгээр салааны нэгдүгээр тасаг. Цэнхэр өнгийн бүтээлгээр цайны печень шиг болтол нь тэгшхэн хураасан ортой, дэргэд нь тэвхийтэл эвхэж тавьсан цэрэг хувцас угтав.

Алба хаасан нэгний дурсамж тэр даруйхнаа сэргээд, илж үзмээр санагдахыг яана. Цэргүүд биднийг угтаж мэндчилээд, ярилцахаар сууцгаалаа. Тэдэнд ойрын хугацаанд ар гэрээс нь эргэлт ирээгүй тул бидэнтэй ярилцах нь сонирхолтой байсан биз ээ. Цэргүүд ихэнх нь анхны сэтгэгдлээ хуваалцахдаа “Анх ангийн хаалгаар орж ирэхэд нэг их танихгүй газар, танихгүй олон хүнтэй хамт байх нь сандаргаж, тухгүй болгож байлаа. Яах учраа олохгүй, юуг яаж хийхээ мэдэхгүй их л будилсан” хэмээн ярина. Тэд намрын дунд сарын нэгнийн өдөр татагдан ирж, ард амьдралаа түрхэн хугацаанд цэргийн амьдралаар сольсон юм.

Хүн хийж үзээгүй зүйлээсээ айх нь их. Тэр ч утгаараа анх цэрэг болохоор ирсэн цэргүүдэд хүндрэлтэй зүйл олон таарсан нь ч аргагүй биз. Тэгвэл одоо тэд цэрэг эрс болжээ. Нэрийг нь асуух төдийд юм уу, биед нь хүрэх төдийд “Би байлдагч тэр” гэх. Мөн асуусан асуултад төдийлөн бүтэн хариулж өгөхгүй, тийм үгүй л гэцгээж байснаа хэсэг инээлдэж, ярилцсаны дараа биеэ барих нь багасав.

Ангийн тухайд хилийн зүгт ажлын бүлэгт гараагүй тул ХЦАХ-д өөрийгөө хөгжүүлэх хугацаа илүү олдож байгааг онцоллоо. Ингэхдээ хэлний сургалт, гитар хөгжим, шоо эвлүүлэх зэрэгт нэг нэгнээсээ суралцсан ажээ. “Чаддаг нэг нь бусдадаа зааж өгөхөд л болдог юм. Энэ нь ч бидний нөхөрлөлийг бэхжүүлж өгдөг” хэмээн ярилаа. 

Тэд мөн жолооны сургалтад хамрагджээ. Суудлын автомашины B ангиллын сургалтад цэргүүд хамрагдаж, эхний хэсэг нь үнэмлэхээ гардан авсан аж. Мөн давуу тал болгон ашиглах зүйл нэг жилийн хугацаанд нэлээд гарах болохоор илүү сонирхолтой санагдаж байгаа тухайгаа ч тэд хэллээ. Тэд “Гэрээ санаж байна, хэцүү байна” гэх үгийг амнаасаа төдийлөн гаргахгүй байсан юм. Ил, далд хэлэх санаа байсан л байх. Гэвч “Онжавынхаа дэргэд цовоождог болсон, ‘Амьдралын найзаа цэргээс олж авдаг’ гэдэг үнэн байсан” гэлээ. 

Ийм олон хүн хооллож байгаа гэж хэн ч бодохооргүй нам гүм

Ийнхүү ярилцан суутал хоолны цаг болжээ. Нэг давхраас ротын ээлжтэн команд өгөв. Командын дагуу цэргүүд ярсхийтэл босож хувцаслаад, гарч одлоо. Үүдэнд журамлаж жагсаж аваад, гал тогооны зүг хэдийнэ явжээ. Бид араас нь цэргийн гал тогоо орвол чив чимээгүй хаалга л угтлаа. Энд лав ийм олон хүн хооллож байгаа гэж хэн ч бодохооргүй нам гүм аж.

Өнөөдөр будаатай шөл болон цуйван өгдөг өдөр ажээ. Цэгүүдийн аяга таваг цөм төмөр. Гэлээ ч хавирч дуугарах зүйл алга. Бид ч нам гүмд хэсэг зогсоод, зочны ширээнд сууж хооллолоо. Цэргүүдийн өөр хоорондын аминчхан яриа болох болов уу гэтэл нам гүм хэвээр байсаар хооллож дууссан юм.

Гал тогооны ээлж таарсан цэргүүд мөн цаана ажиллаж байгаа нь харагдана. Тэд талх барих, мах эвдэх гээд чамгүй олон зүйлийг хийж сурсан байлаа. Цэрэг талхны амт одоо ч хэвээрээ юм шиг санагдсаныг нуух юун.

Ийнхүү үд өнгөрч хугацаат цэргийн алба хаагчдын дараагийн үйл ажиллагаа эхлэх дөхжээ. Бид цагийг ашиглаж, дараагийнх нь ажлаас өмнө хэсэнхэн суугаад, дуулаад авъя гэж бодсон юм.

Ротын байрны нэгдүгээр давхарт “Соёл амралтын танхим” бий. Тэнд цэргүүд амралтын цагаа өнгөрүүлдэг. Ном, шатар, хөлөгт тоглоом, телевизор гээд байхгүй юм бараг л алга. Хивс дэвссэн эл өрөө тухтайгаас гадна цэргийн амьдралаас нэг л өөр ч юм шиг санагдана. Энд цэргүүд энгийн чөлөөтэй байж, амралтын өдрөө тухтай өнгөрүүлдэг ажээ. 

Хилийн зүгт юуны тулд

Хэний төлөө цэрэг эрчүүд

Бүхээгтэй ногоон машинтайгаа

Бүрэнхий өдрөөр хаачих нь вэ 

Цэргүүд гитар тоглонгоо ийнхүү дуулаад, сая нэг дотор нь онгойж, бие нь тавирсан бололтой ар гэрийнхэндээ сайн суугаа тухайгаа дуулгаж, найз нөхдөдөө цэргийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Ингээд бидний видео бичлэгийн ажил дуусаж, буцах ажилдаа орлоо. Цэргүүдийн хамгийн их хүсэж байгаа зүйл нь “Цэргийн албанд хүү нь гялалзаж явна шүү” гэдгээ л ар гэрийнхэндээ үзүүлэх юм болов уу даа. Ганц хоёроороо зураг татуулж ээж, аав руу нь илгээж өгөхийг хүсэж байв. 

Цэргүүд биднийг үдэхээр жагсаалын талбайд гарч, жагсаалын алхаагаар алхав. Ротын жижүүр бага дарга командлана. РОТ, НОМХОН. БАРУУН ТИЙШ ЭРГЭ, ЖАГСААЛЫН ЭХНЭЭС ЖАГСААЛЫН ДУУ ГАРГАЖ АЛХААД, МАРШ…

Тэд толийтол өнгөлсөн цэрэг гутлаар гурвантаа хөл тавиад, дуулж эхлэв.

“Үүл нүүж, цахилгаан бадарсан тал

Үер бууж, сүрийг үзүүлсэн газар аа

Хэзээнээс алдарт дархан хилийн овоо

Хэн ч халдашгүй Монголын нутаг аа”

 Золбоолог, чийрэг эрсийн дуу Багануурын хөндийгөөр нэг цуурайтна. Идэр өвлийн хүйтэнд ч, аагим халуунд ч тасраагүй цэргийн дуу үеийн үед эгшиглэж, хилчин дайчдын яруу алдар бадрах болтугай. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу