Эдийн засагч Б.Дөлгөөн 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Тэрбээр “2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд өглөө. Монгол хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, компаниудынхаа үр бүтээмжийг сайжруулж, улсдаа төрийн бүтээмжийг бүрдүүлэхэд өөрийн хүч хөдөлмөр, оюун билгээ зориулж, хөгжилд хүчин зүтгэхээр энэхүү шийдвэрийг гаргалаа.

Надад мөрөөдөл бий. Ажил хийж байгаа ямар ч монгол хүн эх орондоо дутах зүйлгүй сайхан амьдрах тэр нийгмийг байгуулна гэж би мөрөөддөг. Цалингаас цалингийн хооронд аргалж амьдрах биш, гэр бүлээ хүний дайтай авч явахын тулд заавал ч үгүй гадаад орныг зорих биш, харин энд эх орондоо хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж ажиллах боломжийг бид хамтдаа бүрдүүлж чадна гэж итгэдэг.

Надад мөрөөдөл бий. Монгол компаниуд цөөхөн хэдэн хэрэглэгчээ булаалцалдаж өрсөлдөх биш, тив дамнасан бизнес хийж, гадаад зах зээл дээр Монгол толгой юу хийж чаддагийг харуулна гэж би мөрөөддөг.

Төрийн бодлого гадаад өрсөлдөөнөөс дотоод зах зээлийг хэрхэн хамгаалах биш, дотоодын компанийг хилийн чанадад өрсөлдөхөд нь яаж дэмжих вэ гэдэг дээр их хурлын танхимд мэтгэлцэх цаг ирнэ гэдэгт би итгэдэг.

Надад мөрөөдөл бий. Монголын төр иргэнээ ядуурлаас гаргахын тулд халамжаар тэтгэж биш, харин хүн бүрд энэ бөндгөрөө хоёр гараа ашиглаж ахуй амьдралаа босгох тогтолцоог бүрдүүлнэ гэж би мөрөөддөг.

Үе үеийн сор болсон залуус хэн нь эх орныхоо хөгжлийн бодлогыг боловсруулалцах вэ гэдэг дээр уралдаж, цомхон чадамжтай төрийг хамтдаа бүтээлцэнэ гэдэгт би итгэдэг.

Бид хамтдаа чаднаа! Та бүхэн дэмжээрэй” гэжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу