Монголын тал нутагт төлийн дуу цангинахтай зэрэгцэн нялх улс төрч, улс төрийн намууд ч “цангиналдаад” эхэллээ. Шинэчилсэн бүсчилсэн холимог системээр анх удаа болох энэ удаагийн УИХ-ын сонгуульд улс төрийн 17 нам мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлснээр сонгууль албан ёсоор гарааны зурхайгаас хөдөлж байгаа нь тэр.

Найман жил дараалан үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн эрх барьж буй МАН-ын хувьд хүндхэн сонгууль угтаж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмний амьдрал дээрдээгүй ч авлигын модыг сагсайтал ургуулсан нь эрх баригчдын хувьд хамгийн хүнд цохилт болж байгаа юм.

Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй хайр гамгүй тэмцэнэ гэсэн ч нэр зарлахаас цааш огт газар авахгүй байгаа нь хариуцлага нэхсэн ард түмний хамгийн гол дайралт байх болно. Эрх барьж байгаа намд томилгооны эрх хадгалагддаг тул мөнгө сааж болох бүх нүх сүвийг тэд өөрсдийн хүмүүсээр бөглөсөн. Заримыг нь суудлын бөглөөс, цүнх баригч, бөгс долоогч гэх нь бий. Тэд зөвхөн даргынхаа болон өөрийн хэтэвчийг л арчлан тордох үүрэгтэй.

Авлига, албан тушаалын хэрэгт хариуцлага тооцож чадахгүй байгаагаа тэд мэдэж байгаа тул тавдугаар сард газрын наймаачдыг дэлбэлэх акц өрнүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь явж явж М.Энхболдыг л “авлах” арга юм. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэгчлэн улс төрөөс холдсон М.Энхболдоосоо хариу нэхэх замаар түүнийг дэмжигч улс төрчдийг чимээгүй байлгах асар сонирхол тэдэнд бий.

Гол санаа нь “тэрслүү” Н.Номтойбаярын тэргүүлж буй “Үндэсний эвсэл”-ийг дэмжвэл гай болохыг мэдэж байгаа тул М.Энхболдоор дамжуулан Н.Номтойбаярыг л намнах гэж байгаа нь тэр. МАН-ынхан Н.Номтойбаяраас айж байгаа гэх нь хаашаа юм бэ. Ямар ч байсан жийрхэж байгаа нь үнэн. Түүнийг ингэж давруулж болохгүйг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хамгийн сайн мэдэж байгаа.

“Ногоон автобус”-ны хулгайн сонсголыг МАН хийнэ хэмээн мэдэгдсэн. Ногоортлоо “хуссан” хулгайч нартайгаа МАН хариуцлага тооцож чадах уу. Автобусыг нь хөдөлгөнгүүт араас нь МАН-ын дарга нар цухуйж байх учиртай. Тэднийгээ гаргаж ирээд, шударга ёсны төлөө хариуцлага тооцож байна гээд явуулж чадах уу.

Чадахгүй бол шившгийн хөндийг тэд туулна гэсэн үг. МАН-д авахаас ичих зүйл гэж алга. Хэдэн их наядаар нь хулгай хийсэн ч хээв нэг би буруугүй гээд хэлээд явж байхдаа огт ичдэггүй. Ийм л давуу тал тэдэнд байна.

МАН энэ удаагийн сонгуульд гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэв. МАН гэдэг нь генсек Д.Амарбаясгалангийн хэлсэн үг. Өөрийнх нь хэлсэн үгнээс харвал 400 их наядын борлуулалтын орлого олох боломжтой Бор тээгийн уурхайг “Админерал” ХХК-д олгосон хэмээн “гөвүүлж” буй генсек өөрөө нэр дэвших боломжгүй болж таарч байна.

УИХ-ын дарга асан З.Энхболд “Тавантолгой”-н бүлэг таван том ордын нэгийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан авчихсан нь үнэн хэмээн мэдэгдсэн. Түүнийг “хулгай” хийснийг намынх нь Хуулийн сайд Б.Энхбаяр баримтаар нотлоод харуулчихсан байдаг. Хуулийн сайд нь барим тавим худлаа ярихгүй байлгүй гэдэгт маш олон хүн итгэж байгаа. Тиймээс Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчид Ардын намаас нэр дэвших эрхгүй боллоо. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намаа удирдаж, сонгуульд орох бол Д.Амарбаясгалан сонгуулийн штабаа удирдахаар болоод байгаа юм.

Харин нөгөө талд нь Ардчилсан нам эвийн чулуу атгуулчих гээд фракц бүртэйгээ нүүр тулж байна. Хагарал, тэмцэл хамгийн ихтэй Ардчилсан намынхан энэ удаагийн сонгуульд тааруу оролцвол дараагийн сонгуульд өөдөө нар үзэх ямар ч боломж тэдэнд үлдэхгүй. Намын дарга Л.Гантөмөр нь намаа МАН-д хадган дээр тавиад өгчихөөгүй бол өдийд тэд Төв талбайд хонон өнжин жагсаж байх учиртай.

Эрх баригч намын сүүлийн найман жилийн гай барцад, балаг, балмад үйлдлүүд нүдэн дээр байхад АН-ынхан өнөөдөр ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа нь ийн хардахад хүргэж байна. Сайжруулсан шахмал түлшнээс улбаатай 400 гаруй хүн амь насаа алдчихаад байхад тэдний өмнөөс эрх баригч намынхнаас хариуцлага нэхэж шаардсангүй. Ийм л нунж дорой байхаар иргэд тэдэнд итгэж сонголтоо хийх үү.

Харишгүй хүчит гэдэг шиг “харишгүй шунал”-т Х.Баттулга АН-ыг залгихаар бас л зэхэж байгаа. Олзоо хүлээн мяраан хэвтэх муур шиг л АН-ын эмзэг цэг дээр дарах боломжит үеэ хүлээж байна. Тэр АН-ыг аврахгүй, АН-ыг “ална” гэдгийг намынхан нь мэдэж байгаа ч түүнийг өмнөөс сөрөөд зогсчих хүн одоогоор алга.

АН-ынхан өнгөрөгч Бямба гарагт Үндэсний бодлогын хороогоо хуралдуулан, мөрийн хөтөлбөрөө баталж, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.

“Үндэсний эвсэл” анх удаа УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө өгөв. Н.Номтойбаяр гэдэг ганц хүний нэр, нүүрээр парламентад бүлэг байгуулах хэмжээний суудал авна гэдэг хэцүү. Тэр мөнгөтэй, тэр харизмтай байж болно. Гэхдээ бүтэн манлайлал үзүүлнэ гэдэг өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хүнд.

АН, МАН-д итгэл алдсан маш том орон зай улс төрд үүссэн ч ганцхан түүнийг дагасан улс төр сонгуулийн өмнө хаашаа ч эргэж мэднэ. Эрх баригч МАН-ынхан, “Женко”-гийнхон Н.Номтойбаярын эсрэг цахимд баахан чулуу шидэж байгаа нь түүнээс айгаад байгаа юм биш. Барын зулзагыг бага дээр нь дарж, сонгуульд Н.Номтойбаяр манлайлагч биш, Номтойбаяр “ийм л хөгийн амьтан” гэдэг дүр бүтээхээр тэд ийн тачаадаж байна.

Ганц удаагийн сонгуульд ганц суудалтай болсон ХҮН намынхан энэ удаа бүлэг байгуулах хэмжээнд зүтгэх юм байх. Хүссэн зүйл хүзүүгээр татаж, ганц суудал ч үгүй үлдвэл гайхаад байх юмгүй. Улс төрийн хүрээнд ХҮН намыг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн халаасны нам гэх нь бий.

Улс төрийн бусад намуудын хувьд “нялх” улс төрчид элбэгтэй. Сонгууль бүрийн өмнө гарч ирж майлж байгаад, дөрвөн жил таг алга болдог. Сонгуулийн сургаар тэд амилж, хаана таван үг хэлэх боломж байна тэр бүрд гарч ирэх болж.

Банкны зээлийн хүүг “0” болгоно гэх мэтчилэн амьдралд байж боломгүй амлалтыг мөрийн хөтөлбөртөө суулгасан популист намууд ч мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өгөөд байна.

Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу